Ерөнхийлөгчийн институцийг муухай харагдуулсан эндүүрэл хариуцлагагүй байдлын “СОНГОДОГ” жишээ

174

Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хориг андуу эндүү болчихсон, шинээр батлагдсан  хуулинд бус,  2006 онд хүчингүй болж байхгүй болсон хуулинд хориг тавьсан тухай хөгжилтэй ч юм  шиг,  бүр эсрэгээрээ “арай ч дээ” гэж халагламаар юм шиг мэдээлэл цахим орчныг өнгөлсөөр хэд хонов.

Ерөнхийлөгч ингэж эндүүрсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар анх мэдэгдэж, “хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг уншиж баймаар юм” гэж жиргэсэн болохоор үүнд эргэлзэх хэрэггүй гэдэг нь тодорхой. Дараа нь Сангийн яам энэ талаар илүү тодорхой тайлбар гаргав.

Төрийн, тэр дундаа Ерөнхийлөгчийн институци ингэж бүхэл бүтэн багц хуулинд андуурч ташаарна гэдэг  итгэхэд бэрх.  Бүр тэр дундаа аль 2006 онд байхгүй болсон хуулинд шүү. Энэ арай л онигоотой юу.  Муу үг модон улбаатай гэгчээр энэ тухай гадаадынхан сонсож дуулбал дэлхийгээр нэг шог яриа болж,  улс төрийн муу жишиг, хариуцлагагүй байдлын  “сонгодог” жишээ болон яригдаж Монголын нэр нүүрийг улалзуулах юм биш биз.

Байхгүй хуульд хориг тавитлаа ингэж  андуурч эндүүрч байхыг бодоход Ерөнхийлөгчийн эргэн тойронд ямар хүмүүс ажиллаж, хариуцлага гэдэг хэмжүүр тэнд хаагуур нь өнгөрч байгааг ойлгоход бэрх.

Манай улс 2006 оноос хойш татварын хуулиа шинэчлэлгүй жижиг сажиг засвар нэмэлт оруулсаар өдийг хүрсэн байдаг. Гэтэл татварын орчин энэ 13 жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн. Тухайлбал, эдийн засаг хэд дахин тэлж, 2006 онд 4.9 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны байдлаар 32.1 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл,  энэ 13 жилийн хугацаанд  эдийн засаг зургаа дахин тэлсэн гэсэн үг.

Ерөнхийлөгчийн тавьсан хориг иймэрхүү алдаа мадагтай болсон нь анхны тохиолдол биш гэдгийг  иргэд санаж байгаа байх.

Энэ бол Татварын хуулийг шинэчлэх анхдагч гол шалтгаан болсон. Хоёрдугаарт, 2017 оны эцсээр Европын холбоо Татварын сайн засаглалгүй орнуудыг багтаадаг “Хар жагсаалт”-даа Монголыг оруулсан билээ. Харин үүний хариуд Монголчууд татварын орчноо дэлхийн стандартад хүргэнэ хэмээн амалж, хар жагсаалтаас хасагдаад байгаа. Энэхүү шинэчлэсэн хуулиар татварын бааз суурийг өргөтгөж, харин ногдуулах татварын хэмжээг багасгаад буй.

Хуулийг хэлэлцэж батлахын өмнө иргэдээр, тэр дундаа бизнес эрхлэгчдээр хэлэлцүүлж, санаа оноог нь тусгасан болохоор ерөнхийдөө сайн хууль болсон гэж харах шалтгаан бас байгаа юм.  Гэвч Ерөнхийлөгч энэ хуулинд бүхэлд нь хориг тавив. Ингэхдээ эдгээр багц хуулиудын зарим цөөн заалтад үндэслэж бүхэлд нь хориг тавьсан нь анхнаасаа агуулга хийгээд зорилго нь тодорхой бус гэмээр. Тодруулбал, тэрбээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зургаа, Татварын ерөнхий хуулийн мөн зургаа, Хувь хүний орлогын албан татварын хоёр заалтыг үндэслэн хориг тавьжээ.

Манай Ерөнхийлөгч хориг тавих “хоббитой”. Улсын төсөвт жил дараалан хориг тавьдагаар бүр ч танил процедуртай  болсон.  У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилуулахгүй хэмээн салгаж, хувь хүний эсрэг хориг тавьсан анхны Ерөнхийлөгч гэсэн тодотголтой болсон.

Ерөнхийлөгч хориг тавих нь хуулиар олгогдсон эрх болохоор буруутгах аргагүй. Харин хариуцлага, алдаа эндэгдэлгүй, тавьж буй хориг нь шинжлэх ухаанч, бодитой, улс орны эрх ашгийн төлөө байх учиртай.

Тэгснээс байхгүй хуульд хориг тавьдаг, аль эсвэл алдаа мадагтай хориг тавиад байвал энэ нь Ерөнхийлөгчийн институцийг муухай харагдуулж, олон түмний итгэл хүндлэлийг үргээсэн явдал болно.

Ерөнхийлөгчийн тавьсан хориг иймэрхүү алдаа мадагтай болсон нь анхны тохиолдол биш гэдгийг  иргэд санаж байгаа байх.

2018 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр бас л ийм андуурал хайхрамжгүй байдал илэрч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хоригоо харлаа. Улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гэж хооронд нь сольсон хоёр алдаа байна. Тэр алдааг гишүүд та нар засаад уншаад явчхаарай гэж хүсч байна” гэж хээв нэг ярьж байсан удаатай.  Ингэж улсын болон нэгдсэн төсвийг хольж сольж, төсвийн хөрөнгийг 3 их наяд төгрөгөөр  зөрүүлнэ гэдэг  байж болох андуурал уу.

Монгол Улсын хуулинд ийм ноцтой заалт оруулахаар андуур эндүүрч сууна гэдэг дэндүү хариуцлагагүй үйлдэл. Хэрэв олон улсын хурал, гэрээ хэлцэл дээр ийм алдаа гаргавал яах вэ. Залруулаад  уншчих гээд сууж байх уу.

Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа аваад cap гаруй болж байхдаа “Сентерра гоулд” компани улсад 36 сая төгрөгийн татвар л төлсөн гэж андуурч тэрбумыг сая  болгож  байсан удаа бий. Тухайн үедээ энэ нь гадаад дотоодын олон хүнийг ангайлгаж гайхаж эргэлзэхэд хүргэсэн нь тодорхой.

Улсыг төлөөлөн ярина гэдэг  бол маш том хариуцлага.  Монгол Улсын байр суурийн илэрхийлэл. Тийм учраас хаана ч,  хэн ч их ач холбогдол өгч  анзаардаг  нь тодорхой.  Энэчлэн эндүүрээд байвал Ерөнхийлөгчийн институцийн нэр хүндэд муугаар тусна. Ерөнхийлөгч бол Монголын бүх ард түмнээс сонгогддог цорын ганц албан тушаалтан. Энэ хэрээрээ хариуцлага хүлээж, нэр цэвэр мөр бүтэн авч явах учиртай албан тушаал билээ.

 Г.Тулга

Эх Сурвалж: Zaluu.com

http://www.zaluu.com/read/35g28ahga


URL:

Сэтгэгдэл бичих