Халдварт дарлуулсан “монгол хөөрхий”
Өвлийн утаанаас арайхийж салж амьсгаа бүтэн авахтайгаа болоход залгуулаад элдэв халдварт өвчин нь дэгдэх нь тэр. Хавар болж цас, мөс хайлаад ирэхээр хөрсний бохирдол гэгчээс нь үүдэлтэй цусан суулга, гэдэсний халдварт өвчин, харшлын гээд өвчлөл нь ихэсчихнэ. Утаанаасаа илүү хор хөнөөлтэй улирлын шинж чанартай арилдаггүй нь хөрсний бохирдол. Хамгийн их буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-16 дахин бохирдолтой бүсүүд Дулааны III, IV цахилгаан станцын орчим, Шархад, Зуун айл, Дэнжийн мянга, Хайлаастын орчим байсан бол Үйлдвэр комбинат, Нисэх, Яармаг, Төв цэвэрлэх байгууламжийн орчим химийн хорт бодисонд ихээр өртсөн нь тогтоогдож байжээ. Эдгээр бүсэд вольфрам, мөнгөний агууламж өндөр хувьтай, өөрөөр хэлбэл хөрс нь хүнд металлын бохирдол их байгаа аж. Харин Хайлаастын орчим циркон, хар, цагаан тугалга, вольфрам, Баян хошууны хойд хэсэг болон Зурагтын ойролцоо мөн дээрх бодисуудын агууламж өндөр байгаа юм. Нийслэлийн хөрсөн дэх хар тугалгын агууламж нийт 43.7 мг гэсэн тооцоо бий. Энэ нь байгалийнхаас хоёр дахин, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-6 дахин их гэсэн үг юм. Үүнээс гадна гэр хорооллын бие засах газар. Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, гадаа бие засах газрын ус нь ундны устай холилдсоноос иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн гэр хорооллын бие засах газар нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулдаг нь эргээд халдварт өвчлөлийн үүр уурхай болж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, өчигдөр нийгэмд дэгдсэн асуудал нь сүрьеэ өвчин. Эл өвчин агаар дуслын замаар хүн халдварладаг. Өөрөөр хэлбэл, та бид автобусанд суухдаа сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй явдаг. Тухайн үед тэр хүн ханиалгах, найтаах, шүлсээ хаясан бол бид халдвар тээгч болчхож байгаа юм. Үүнийгээ ч мэддэггүй явж л байгаа гэсэн үг.
Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан хэмээн шуугиан дэгдсэн ч мэргэжилтнүүд 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвар авсан гэдгийг хэлэв. Уг асуудал нь одоогоос гурван жилийн өмнө үүссэн гэдгийг эрүүл мэндийн сайд хэлж, үүнээс хойш байнгын ХӨСҮТ-ийн тандалт судлалын багийнхан тус сургуульд ажилласан байна.
Мэргэжлийн эмч сүрьеэгийн халдвар, сүрьеэгийн өвчлөл нь хоорондоо шал өөр ойлголт гэдгийг хэлж, эцэг эхчүүдийг өвчлөхөөс нь өмнө хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх хэрэгтэй гээд байхад ийнхүү үл ойлголцол гарч уг асуудлын өндрийг авахуулав. Улсын хэмжээнд оношлогдоод байгаа хүүхдийн сүрьеэгийн 80 гаруй хувь нь халдваргүй хэлбэртэй байдаг юм байна. Тэгвэл тус сургуулиас оношлогдсон 38 сурагчийн 98 хувь нь халдваргүй сүрьеэ аж. Дэлхийн хүн амын гуравны нэг нь, Монгол Улсын хүн амын 35 хувь нь сүрьеэгийн халдвартай аж. Нийт халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралынхаа хугацаанд сүрьеэгээр өвчилдөг хэмээн судлаачид тогтоожээ.
Ийнхүү халдварт өвчинд дарлуулсан улс болчихвий гэлтэй. Цэцэрлэгийн багачууд нь ханиаднаас салахаа больсон. Ханиад нь хүндэрвэл хатгалгаа болох энэ нь цааш хүндэрвэл сүрьеэ болох эрсдэл өндөртэй болдог гэдгийг хэн ч мэдэж буй. Хуучнаар ханиад алим жигнэж өгөх, аньс, чацаргана, хөөрүүлсэн сүү өгөөд л нам дарчихдаг байсан. Тэгвэл өдгөө тэрхүү ханиад нэр томъёогоо өөрчлөөд тогтохгүй ухаалаг болсон. Хоёр нас тангууд цэцэрлэгт явсан цагаасаа эхлэн уг халдварт өвчнөөр өвчилсөөр урин дулаан цагтай золгож байна.
Сургууль, цэцэрлэгийн байрны асуудал хүрэлцээ муугаас хүүхдүүд нэг ангид олноороо байгаа нь эдгээр халдварт өвчний дэгдэлтийг нэмэгдүүлж байгаа гэдгийг төрд суугаа 76 мэддэг л байлгүй дээ. Сандал ширээ булаалцаж, итгэлийн зээл, хувьцаа гэж ард иргэдийн тархийг угааж суухаар ганц ч гэсэн сургуулийг гурван ээлжгүй хичээллэх боломж, гарцыг эрэл хийхэд ухаанаа уралдуулаач. Төрийн хүний үг хуулиа гэдэг энэ ч өдгөө үнэ цэнээ алдаж дээ.
Dorgio.mn
URL: