Зөрчлийн тухай хуульд ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацааг хэрхэн заасан бэ!!
2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Зөрчлийн тухай хууль” баталсан. Хууль тухайн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Тус хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш буюу хагас жилийн хугацаанд энэ хуулиар 592.742 зөрчилд 571.475 хүн, 114 хуулийн этгээдэд 19 тэрбум орчим төгрөгийн торгох, 11.808 эрх хасах, 4337 хүнд баривчлах шийтгэл ногдуулжээ.
Тэгвэл дээрх хуульд заасан анхаарвал зохих нэг зохицуулалт нь “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны тухай ойлголт аж. Энэхүү зохицуулалтыг олонд таньж мэдүүлэхийг хуульчид хэлж ярьж байна.
Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдэгдсэнээс хойш, хуулиар тухайн зөрчилд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээнээс хамааран тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хууль тогтоогчоос тогтоож өгсөн зохицуулалт юм.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй;” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;” гэж тус тус заажээ.
Тухайлбал, иргэн А 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б гэгчтэй маргалдан зодуулсан. Гэвч тухайн үед түүний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй тул цагдаагийн байгууллагад хандаагүй.
А-гийн зодуулсан гэх үйлдэл 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон бөгөөд А 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу 7 сар 5 хоногийн дараа уг асуудлыг шалгуулахаар хандаж байгаа нь хууль зүйн хувьд тухайн зөрчлийг шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд Хүний биед халдах зөрчил үйлдсэн хүнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан ба Баяраа гэгч таныг зодсоноос хойш 7 сар 5 хоногийн хугацаа өнгөрч, түүний үйлдсэн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд иргэн А 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б гэгчид зодуулсан гэх гомдолд эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд дараахь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар заажээ. Үүнд:
-Зөрчлийн тухай хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;
-Зөрчлийн тухай хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
-Зөрчлийн тухай хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн;
-Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол тус тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар тус тус заасан байна.
Харин зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол дээр дурдсан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор зохицуулж өгчээ. Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолохоор хуульд зааж өгчээ.
URL: