”Тавтай морил гишүүнээ, таныг харин гаргахгүй шүү”
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос “Үнийн хөөрөгдлийн эсрэг” жагсаалийг өнгөрсөн баасан гаригт
зохион байгуулж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад Монгол Улсын их хурал төрөөс баримтлах мөнгөний бодлогын хэрэгжилтийг яаралтай хэлэлцэн, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, мөн шатахууны үнийн өсөлтийн цаана “хар” мөртэй бизнес явагдаж байгааг ард түмэн мэдэж байгаа хэмээн сануулсан юм. Харин Засгийн газраас энэ шаардлагынх нь хариуг өгөөгүй гэх учраас зарим иргэний хөдөлгөөний гишүүд удирдагчид, үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлага болон гишүүдийг хамруулсан жагсаалыг өчигдөр дахин хийсэн юм.
Үдээс өмнө эхлэхээр зарласан жагсагчид зарласан цагаасаа бага зэрэг хоцорч МҮЭХ-ны байрнаас гарч ирсэн юм. Шар өнгийн хантааз, уриа лоозон барьсан жагсагчид төрийн ордны хоёр талын хаалганд хуваагдан зогсч төрийн ордон руу орж буй гишүүдэд “эргээд гаргахгүй шүү” гэх сануулгыг цагаан хоолойгоор өгч байсан юм.
Энэ нь орж болно, гарж болохгүй гэсэн үг. Харин ордны зүүн хаалган дээр зогсч буй жагсагчид орох гарахыг нь хориглохгүй ээ хууль зөрчсөн болчих гээд байна. Чөлөөтэй оруулж гаргаарай. Гэхдээ хажуугаар гарсан машинтай гишүүдэд хандаж уриа лоозонгоо сайн өргөөрэй, чангахан шиг хашгираарай хэмээн хоорондоо ярилцаж байлаа. Нэг ёсондоо энэ нь тэдний нэг тактик нь бололтой. Энэ удаагийн жагсаалыг хэрхэн зохион байгуулж буй, ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаа талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатараас тодруулахад:
-Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өслөө. Хэдхэн тооны нефть импортлогч компаниудын үгсэн тохиролцож нэмсэн шатахууны үнээс болж Монголын ард түмэн, татвар төлөгчид үнэхээр их хохирч байна. Арга ядсандаа л ингэж жагсаал цуглаан хийж байна шүү дээ. Засгийн газар бидний тавьсан шаардлагад хариу өгч гурван талт хэлэлцээрийг хийх хүртэл бид жагсаалаа үргэлжлүүлэх болно. Ганцхан өнөөдөр зургаан цаг хүртэл жагсаад өнгөрчих юм биш. Хэрвээ ямар нэгэн нааштай хариуг өгөхгүй бол цааш цаашдаа тэмцэлийн өөр аргад шилжих болно.
Гэхдээ ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн болон үймээн самууны хэмжээнд хүргэхээр хурцатгахгүй. Манай үйлдвэрчний эвлэлтэй нэгдээд байгаа олон байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодуудтай ярилцаж тохирсны үндсэн дээрээс ажил хаялтыг ч хийхэд хүрч магадгүй. Гэхдээ Засгийн газраас бидэнтэй уулзаж нааштай хариуг өгөх байх гэдэгт найдаж байна гэсэн юм.
Төрийн ордны хамгаалалтад гарч буй харуулаас өнөөдөр арай олон харуул гарч байх шиг байна, жагсаал болж байгаа болохоор хүн хүчээ нэмсэн юм уу гэж асуухад, тийм гэсэн хариултыг өгсөн юм. Үнэхээр ч жирийн үед байдгаас нэлээд олон харуул, цагдаагийн алба хаагчид төрийн ордны хамгаалалтад гарсан харагдлаа. Гэхдээ энэ удаагийн жагсаалд оролцож буй иргэд эмх замбраатай, дэг журамтай байсан юм. ”Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн ҮЭХ-ны дарга Б.Баатархүүгээс өнөөдрийн жагсаал үр дүнд хүрэхгүй бол цаашид ямар арга хэмжээг авах талаар асуухад.
-Өнгөрсөн баасан гаригт хийсэн жагсаалаар бидэнд ямар нэгэн нааштай хариуг өгөөгүй учраас өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн харьяа холбоодууд дахин жагсаал хийж байна. Өөрөөр хэлбэл,төр засгаас бидний тавьсан санал, шаардлагыг тоохгүй, ямар ч арга хэмжээ авч, ямар ч ажил зохион байгуулахгүй байгаа нь биднийг үл ойшоосон хэрэг гэж үзэж байна. Өнөөдөр энд хоёр зуу гаруй хүн жагсахаар ирээд байна. Гэхдээ энэ тооны ард хоёр сая долоон зуун мянган хүний амьдрал ахуй явж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Бид өнөөдөр зөвхөн үйлдвэрчний эвлэлийн гишүүд, удирдлагууд оролцсон жагсаалыг зохиож байгаа нь иргэдийг идэр есийн хүйтэнд гадаа дааруулж зогсоогоод яахав, өөрсдөө л жагсая гэж бодсон хэрэг. Гэхдээ Монголын ард түмэн шударга үнэний төлөө жагсч байгаа биднийг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийж жагсаалаа үргэлжлүүлнэ. Хэрвээ Засгийн газраас нааштай хариу өгч, биднийг хүлээн авч уулзахгүй бол манай байгуулага болон олон үйлдвэрчний эвлэлүүд ярилцаж тохиролцсоны үүдэн дээрээс орон даяар ажил хаялтыг зарлана.
Бүр болохгүй бол шүү дээ. Бид ажил хаялтыг мэдээж хийхийг хүсэхгүй байна. Төр засгийн шийдвэрээс л бүх зүйл хамаарна. Үнэхээр л энэ төр засагт чинь ард түмнээ гэж боддог хүн байдаг юм бол бидний саналыг нааштайгаар хүлээж авах байх гэж найдаж байна гэсэн юм. Удахгүй болох цагаан сараас өмнө мах, цагаан идээ гээд хэрэглээний бараагаа үнэд орохоос нь өмнө бэлдэж авах сонирхолтой айлууд нэлээд олон байдаг. Харин энэ жилийн хувьд аль эртнээс махны үнэ тэнгэрт хадчихсан болохоор тэр болгон бэлдээд авчихсан айл ховор л байгаа болов уу. Удахгүй цагаан сар болно махны үнэ бууна гэж байхгүй ээ. Төрөөс хэзээл олигтой юм хийж байлаа.
Цалингаа нэмэхээр юмных нь үнэ дагаад өсчихнө. Дээр нь сая сая төгрөг тараана гээ байгаа. Аягүй бол эх орны хишиг гэж авсан сая төгрөгнийхөө талаар нь ууцаа аваад талаар нь буузаа хийх юм шиг байна хэмээн жагсаалыг сонирхон зогсч байсан хоёр хөгшин ярьж байсан юм. Ордны хаалгыг хааж зогссон жагсагчдыг уг үйл ажиллагаагаа зогсоохыг Засгийн газраас хүсч үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үнийн өсөлтийн эсрэг жагсч буй МҮЭ-ийн холбооны тэргүүн С.Ганбаатар болон холбогдох хүмүүсийг хүлээн авч, уулзхаар болсон юм.Засгийн газраас гурван талт хэлэлцээрийг нэн даруй байгуулж, ажлын хэсгийг шуурхай гаргахаа жагсагчдын төлөөлөгчдөд мэдэгдээд, гадаа хүйтний эрч чангарч байгаа тул жагсаалаа зогсоож, хэлэлцээрт орох ёстой гэдгийг хэлсэн юм.
Мөн Засгийн газрын дутуу зургаан сайдыг энэ долоо хоногт нөхөн томилж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болно гэдгийг хэлэв. Ингэснээр Төрийн ордны гадаах жагсаал бүрэн хэмжээнд тарахаар болж орох, гарах хөдөлгөөн чөлөөтэй болсон юм. Үдээс өмнө цуглаж жагссан иргэд жагсаалаа үргэлжлүүлэх шаардлагагүй болсон учраас гурван талт хэлэлцээрийн дүнг харах л үлдлээ. Ямар ч байсан гадаа хүйтэнд дааран байж жагссан юм чинь үр дүнд хүрэх л байх . “Аль баасан гаригт л ийм шийдвэр гаргаж хэлэцээрээ хийхгүй” хэмээн ярилцсаар жагсаал тарсан юм.
Х.Нарангэрэл
URL: