Таны хүүхэд сургууль дээрээ сүрьеэгийн халдвар авч буй юм биш биз

240110-17052019-1558091166-1653055625-1Screen_Shot_2019-05-17_at_7.04.29_PM_copyМАНАЙ УЛС СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨР ДЭЛХИЙД ЭХНИЙ ТАВД БИЧИГДЭЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилж, 530 орчим хүүхэд уг өвчний халдвар авсан дуулиан намжих биш, улам өндрөө авсаар байна. Энэ асуудал аль 2017 онд мэргэжлийн байгууллагынхны сонорт хүрсэн ч үүнээс хойш олон нийтэд мэдэгдэлгүй нуун дарсаар өнөөг хүргэсэн нь эцэг, эхчүүдийг хамгийн их бухимдуулж байгаа юм. Хамгийн инээдтэй нь тус сургуульд хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөн талаар анх мэдээлсэн байгууллага шүүх дээр очин буруутаж, бусдын нэр хүндэд халдсан гэмд унаж байжээ. Тухайлбал, 2018 онд “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ш.Хажидмаа тус сургуулийн 20 гаруй хүүхэд сүрьеэтэй хэмээн мэдээлэл гарган анхааруулж байж.

Гэвч үүнийгээ мэдэлгүй бусдад халдвар тарааж яваа гэж үзэх бүрэн үндэстэй. Эхнээсээ ч халдварын тохиолдлууд илэрч байна.

Гэвч сургуулийн удирдлагууд түүнийг албаны нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгч, улмаар ялалт байгуулсан баримт байна. Тэр ч байтугай тус байгууллагаас 4.7 сая төгрөг нэхэмжилсэн боловч шүүгч үүнийг нь хэрэгсээгүй аж. Хэрэв сургуулийн удирдлага тухайн үед бидний нэр хүндэд халдлаа гэж гомдоллохын оронд халдвар тархаахгүйн төлөө олигтой ажилласан бол байдал иймдээ хүрэхгүй ч байж мэднэ. Харамсалтай нь буруутнууд огт гэм зэмгүй мэт мэлзэж, шүүх түүнийг нь дэмжсэн хуудуутай шийдвэрийн үр дүн өнөөдрийн дуулианаар илэрч байна.

Үнэнийг хэлэхэд сүрьеэгийн халдвар олноороо илэрч, шуугиан дэгдээсэн нь л 15-р сургууль. Бусад сургууль, цэцэрлэгийг сайн шалгавал сүрьеэтэй хүүхэд бишгүй л байгаа. Гэвч үүнийгээ мэдэлгүй бусдад халдвар тарааж яваа гэж үзэх бүрэн үндэстэй. Эхнээсээ ч халдварын тохиолдлууд илэрч байна.

Тухайлбал, 97-р сургуулийн 70 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай гэж гарсан бол Төв аймгийн Сүмбэр суманд 200 хүүхэд сүрьеэгийн халдвартайгаас зургаа нь өвчилсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв шинжилгээнд хамруулж, оношлоод байвал энэ жагсаалт цаашаа улам тэлэх нь хэнд ч ойлгомжтой.

“Бид өөрсдөдөө байдаг халдварыг гэнэт гараад ирчихсэн юм шиг ойлгоод байна. Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвартай гэсэн судалгаа бий. Монгол улсад ч ялгаагүй. Африкийн зарим оронд бүр хүн амынх нь 50 хувь халдвар авсан байдаг. Гэхдээ халдвар авсан бүхэн сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг. Тэдний 10 орчим хувь нь өвчлөх эрсдэлтэй байдаг. Дархлаа сул, архи уудаг, тамхи татдаг, хүнд хүчир ажил хийж ядардаг бол халдвар нь өвчлөл болж хүндэрнэ.

Хүүхдийн байгууллага буюу сургууль, цэцэрлэгт энэ өвчин тархах эрсдэл өндөр гэдгийг хүмүүс одоо л ойлгож эхэлж байна. Тиймээс үзлэг шинжилгээг өргөн цар хүрээнд зохион байгуулж, урьдчилан сэргийлэх нь бидний хийх гол ажил. Үүнээс гадна сургуулийн орчинд агаарын солилцоог сайжруулах ажлыг бодогын түвшинд хийх ёстой” хэмээн ХӨСҮТ-ийн Сүрьеэ өвчний тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах тайлбарласан.

Сүрьеэгийн халдвар дэлхий дахин ямархуу байдгийг сонирхож үзлээ. 100 мянган хүн амд сүрьеэгийн өвчлөл 45 болон түүнээс доош байвал хэвийн гэж үздэг. Ерөнхийдөө дэлхийн улс орнуудын 70 гаруй хувь нь энэ ангилалд багтжээ. Харин 100 мянган хүнд 326 буюу түүнээс дээш тохиолдол бүртгэгдвэл онц аюултай гэж үздэг аж. Энэхүү жагсаалтыг ӨАБНУ (567) тэргүүлж, Филиппин (554), Мозамбик (551), Папуа Шинэ Гвиней (432) удаалсан бол манай Монгол 428 тохиолдлоор “айргийн тав”-д оржээ.

БИД ӨӨРСДӨДӨӨ БАЙДАГ ХАЛДВАРЫГ ГЭНЭТ ГАРААД ИРЧИХСЭН ЮМ ШИГ ОЙЛГООД БАЙНА ГЭВ

Өвөл нь нүүрсний угаараар хордож, хавар, намартаа тоос шороонд нүдүүлсэн, гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтдаг улсын хувьд энэ нь тийм ч гайхахаар дүн биш ээ. Харин ч сүрьеэ ямар аюултай түвшинд хүрснийг, бид энэ өвчинтэй тун ч хөөрхийлөлтэй аргаар тэмцэж буйг 15-р сургуулийн хэрэг явдал харуулаад өглөө. Одоо бид энэ тохиолдлоос сургамж авч, цаашид төр засгийн зүгээс бодлогын түвшинд дэмжиж ажиллахгүй бол нөхцөл байдал үнэхээр ноцтой болжээ.

Бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч, зохих зөвлөмж шийдвэрийг гаргавал илүү үр дүнтэй болно. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-­ын түвшинд санал санаачилгатай ажиллахыг уриалъя. Үгүй бол бид сүрьеэгийн тохиолдлыг тоолж суусаар балчир үрсээ энэ аюулт өвчнөөр алдах эрсдэл ойрхон байна.

БАЙР СУУРЬ

Д.ГАЛБАДРАХ: ОДОО 15­-Р СУРГУУЛЬ ДЭЭР ХАЛДВАР ТАРААЖ БАЙГАА НЭГ Ч БАГШ, СУРАГЧ БАЙХГҮЙ

15-р сургуулийн нийгмийн ажилтан Д.Галбадрахтай уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон юм байна. Энэ хугацаанд ямар ажлыг хийж байна вэ?
-Лхагва гарагаас сургуулийг түр хаасан. Дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс халдваргүйжүүлэлтийн ажлыг сургууль даяар хийж байна. Таван өдөр хийгээд ирэх даваа гарагаас хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөсөн. Үүнээс гадна ажилчдынхаа хүчээр сургууль даяар чийгтэй цэвэрлэгээ хийсэн.

Манай сургууль 1974 онд баригдсан, 40 гаруй жилийн настай барилга. Агааржуулалтын тал дээр үнэхээр шаардлага хангахгүй гэдгийг мэргэжлийн хяналтынхан болоод бусад албаныхан сануулж хэлдэг.

Манай сургууль 1974 онд баригдсан, 40 гаруй жилийн настай барилга. Агааржуулалтын тал дээр үнэхээр шаардлага хангахгүй гэдгийг мэргэжлийн хяналтынхан болоод бусад албаныхан сануулж хэлдэг. Одоо дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж, асуудлыг бага багаар шийдэж байна. Нийт есөн сая төгрөгөөр 30 ангидаа кварцын гэрэл авч тавилаа. Мөн 75 вакум цонх авах мөнгийг шийдэж өгсөн.

Үүнээс гадна бид цайны газартайгаа хамтраад 1-5 дугаар ангийн хүүхдүүдийнхээ хоолны илчлэгийг нэмж байна. Би энд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. ХӨСҮТ-ийн ажлын хэсгийн хамгийн сүүлийн мэдээллээр одоо манай сургуульд халдвар тарааж байгаа нэг ч багш, сурагч байхгүй.

-Нөгөө биеийн тамирын багш яасан бэ?
-Тэр багш маань эрүүл болсон. ХӨСҮТ-өөс авсан албан ёсны мэдээлэл дээр үндэслээд л ингэж ярьж байгаа юм шүү. Түүнээс бид энэ талын нарийн ширийнийг мэдэхгүй шүү дээ. Харамсалтай нь зарим эцэг, эх буруу мэдээлэл авчихаад түүнийгээ нийгэмд тарааж, олон нийтийг үймүүлээд байна. Энэ байдлаас болоод энэ сургуульд ажиллаж байгаа 100 гаруй багш, ажилчдын ар гэрийн байдал, сэтгэл санаа маш хэцүү болж байна. Багш, ажилчдын хүүхдүүд ч гэсэн энд сурч л байгаа. Бидэнд адилхан л хэцүү байна.

-Халдвар авсан хүүхдүүдэд эм уулгаж байгаа гэл үү?
-Сүрьеэгийн эмийг эцэг эхчүүдийн зөвшөөрлөөр уулгаж байгаа. Ерөнхийдөө 80 гаруй хувь нь зөвшөөрч, урьчилсан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Үүнээс гадна ойлгоогүй, эсэргүүцэх хэсэг ч бас байна. Мэдээж өөрийнхөө хүүхдийн төлөө хэн ч дуугарна. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагах нь чухал. Бидний хувьд асуудлыг нууж хаасан юм байхгүй. Манайх 2017 оноос хойш мэргэжлийнхээ байгууллагатай хамтарч ажилласаар байгаа.

-Одоо анги танхимаа халдваргүйжүүлж, ариутгал хийх зэргээр арга хэмжээ авч байгаа гэлээ. Энэ ажлаа өмнө нь хийж болоогүй юм уу. Асуудал дэгдсэн хойно л гэнэт ухаарсан мэт байх юм гэж та нарыг шүүмжлэх гээд байна л даа.
-2017 оноос хойш бид сар бүр, улирлын амралт болгоноор ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж ирсэн. ХӨСҮТ-­өөс биднийг мэргэжлийн арга зүйгээр хангаж ирсэн. Энэ байгууллагын хяналт дор л ажиллаж байгаа шүү дээ. Харин сая дүүргээс есөн сая төгрөгөөр 30 ширхэг кварцын гэрэл авч өглөө. Анги бүрт ийм гэрэлтэй болсон. Ер нь сүрьеэгийн вирусийг устгахад агаар сэлгэлт, кварцын гэрэл хоёр л хамгийн чухал юм байна.

-Өмнө нь энэ асуудал дэгдэхэд сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдийг хэвлэлд мэдэгдэж болохгүй гэж дарамталсан тухай яригдаж байна. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Мэргэжлийн байгууллагын зүгээс бидэнд “Энэ бол хувь хүний нууцлалтай холбоотой асуудал. Бусдын нэр хүндтэй холбогддог учраас та нар ямар нэгэн мэдээлэл өгөх ёсгүй шүү. Хэрэв өгөх дээрээ тулбал бид өгнө” гэж хэлдэг байсан. Тиймээс бид юугаа мэдэж мэдээлэл өгөх вэ дээ.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ээж бидэнд хандан, тус сургууль дээр юу өрнөөд байгааг ярихыг хүссэн юм. Түүний яриаг нэмэлт хачиргүйгээр хүргэе.

-15-р сургуульд сүрьеэ өвчин дэгдсэн асуудал нэлээд эртнээс улбаатай гэж та ярилаа. Үүнийгээ тодруулж өгөхгүй юу?
-Энэ бол бараг 2014, 2015 оноос мэдэгдсэн асуудал. Манай хүүхэд 2015 оны арваннэгдүгээр сард гэнэт халуураад эхэлсэн. Дүүргийн эмчдээ үзүүлтэл хатгаа авсан байна, бөөрний хурц үрэвсэл гэж явуулсаар байгаад хоёрдугаар сар гаргачихсан. Хүүхэд маань сүүлдээ бүр дордоод байхаар нь хүний зөвлөснөөр сүрьегийн шинжилгээ өгтөл сүрьеэтэй болж таарсан юм.

Эцэг эхчүүдтэй нийлээд шүүхээр явъя гэж бодсон ч олдоогүй

Уг нь би хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг хүн. Би зүгээр байхад хүүхэд маань юунаас сүрьеэ авчихав гээд гайхна биз дээ. Гэтэл дүүргийн сүрьеэгийн диспансерийн эмч нь манай хүүхдийг 15-р сургуульд сурдгийг сонсоод “15­р сургуулиас сүрьеэгийн халдвартай хүүхэд маш их ирж байна. Багш нь угаасаа сүрьеэтэй юм билээ” гэсэн. Сургуулийн захиралтай нь уулзаж, энэ талаар хэлэхэд юу ч мэдээгүй байсан.

Тэр үед дүүргийн эмчээс асуухад зөвхөн 15-р сургууль дээр 32 хүүхэд сүрьеэгээр өвдсөн гэсэн. Би үүнийг сонсчихоод дүүргийнхээ цагдаагийн газарт өргөдөл бичээд шалгуулахад бүгд үнэн болж таарсан. Тэр ч байтугай манай хүүхдийг эмнэлэгт хэвтэж байхад тэр биеийн тамирын багш нь уушгиа тайруулж байсан. Би тэр үед А.Цогцэцэг сайдтай хүртэл очиж уулзсан. Машиных нь өмнө амдаж зогсож байгаад ямар учир шалтгаанаар ирснээ хэлэхэд намайг хүлээж авч уулзсан.

А.Цогцэцэг сайд мэдээгүй байсан. Арга хэмжээ авна гээд хэлсэн ч таг чиг болсон. Энэ сургууль байсхийгээд л хүүхдүүдээ үзлэг шинжилгээнд оруулдаг. Захирал нь манай сургууль ямар ч халдвар байхгүй гээд байсан. Гэтэл одоо ийм аюул болоод байна. Манай хүүхдийг өвдчихсөн байх үед сургуулийн нэг багш нь хүртэл сүрьеэгээр өвдсөн шүү дээ.

-Та шүүхэд хандсан гэл үү?
-Уг нь би эцэг эхчүүдтэй нийлээд шүүхээр явъя гэж бодсон ч олдоогүй. Өвдсөн хүүхдүүдийн эцэг эхтэй уулзмаар байна, хэдэн хүүхэд байгааг хэлж өгөөч гэхэд бүгд нийлж байгаад нуун дарагдуулсан. Ингээд би ганцаараа хоёр жил шүүхэдсэн. Тэгээд миний хохирлыг барагдуулж байна гээд хоёр сая төгрөгийг сургуулиас гаргуулж өгөөд хэргийг хаасан. Үнэнийг хэлэхэд хүүхдээ эмчлэхэд энэ байтугай зардал гарсан шүү дээ. Зургаан сар эмнэлэгт хэвтэх үеийн эм тариа, дараа нь гадуур эмчилгээ хийлгэхэд шаардагдах эм гээд маш их мөнгө хэрэг болдог юм билээ.

-Одоо танай хүүхдийн биеийн байдал ямархуу байна вэ?
-Бүрэн эдгэсэн гэж эмч нар хэлдэг. Гэхдээ би бүрэн итгэхгүй л байна.

-Эргэн тойронд хэд хэдэн сургууль байна. Бусад сургуульд ийм асуудал гарч байсан эсэхийг мэдэх үү?
-52-р сургуулийн хүүхэд өвдөөд манай хүүхэдтэй хамт хэвтэж байсныг би мэднэ. Гэхдээ эднийхийг бодвол дор нь арга хэмжээ авсан юм шиг байна лээ. Хүүхдүүд олноор өвдлөө гэж сонсогдоогүй. Харин 15 дугаар сургууль яагаад ингээд байгаад ерөөсөө ойлгохгүй байна.

Г.Баярсайхан

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих