Д.Зоригт, Т.Ганди хоёр цаг нь болохоор огцрох өргөдлөө өгөх гэнэ
МАН шинэ сайдуудаа томилж амжаагүй байтал хуучин сайдуудаас зарим нь сайн дураараа огцрох өргөдлөө өгөх гэж байгаа сураг дуулдлаа. Тодруулбал, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, НХХ-ийн сайд Т.Ганди нар ийм шийдвэр гаргаад байгааг эх сурвалж дуулгасан юм. Гэхдээ тэд өнөө маргаашдаа өргөдлөө өгөхгүй гэнэ. Засгийн газрын шинэ сайдууд томилогдож, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэхийг л хүлээж байгаа гэнэ. Учир нь шинэ сайдууд томилогдоогүй байхад өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдчихвөл Засгийн газар тэр чигээрээ огцроход хүрнэ.
Танхимын сайд нар одоогоор 40 хувийн бүрэлдэхүүнтэй байгаа болохоор МАН-ын дангаараа бүрдүүлэх гэж ядаж буй Засгийн газрыг тэр чнгээр нь “тавиад туучихгүйн” тулд хоёр сайд хүлээзнэхээр шийдсэн бололтой. Харин шинэ сайд нарыг томилогдонгуут өргөдлөө өгөхөөр болсон юм байх. МАН-ынхан ирэх сонгуулиар ялалт бүдэг харагдаж байгааг эртнээс зөгнөж эхэлсэн нь энэ юм болов уу. Д.Зоригтын хувьд сайд болсноосоо хойш олигтой нэрийг ганц удаа ч дуулж байсангүй.
Засгийн газрын гишүүнийхээ үүргийг хангалттай биелүүлж чадаагүй гэдгээ өөрөө ч ухамсарласан, нам нь ирээдүйгүй болсныг мэдэрсэн болохоор ийнхүү “урвах”-аар шийдсэн бололтой. Харин Т.Ганди сайдын хувьд Монголын лидер улстөрч эмэгтэйн хувиар парламентад хэдэнтээ сууж, Засгийн газрын гишүүнээр хоёронтоо ажиллаж үзсэн нэгэн. Түүний хувьд ирэх сонгуульд нэрээ дэвшүүлээд байх шаардлага ч байхгүй. Харин Италид Элчин сайдаар суулгаж өгөх хүсэлтийг эртнээс уламжилж байсан. Тэгэхээр Т.Ганди сайд хэл амгүйхэн шиг танхимаас гарч эрх чөлөөтэй амьсгалахыг хүссэнийг буруутгах аргагүй юм. Залуу эмэгтэйчүүдэд зайгаа тавьж өгөхийг хүссэн байж ч магад.
Б.Оюу
URL: