Цагаан сар айсуй

Шинэхэн орсон цасан дээр хурган дээлийг дотроор нь эргүүлж сэгсрэн үсийг нь сэргээж, шинэ өнгө татахаас л цагаан cap эхэлдэг юм шиг санагддагсан. Cap шинэ ойртох тутам хөдөөний бүсгүйчүүд шинэ дээлийн өнгө сонгож үйл урлаж  эхэлнэ. Харин хотын эмэггэйчүүдийн явдал суудал их болж зав л гарвал дэлгүүр хоршоогоор орж өнгөтэй чимэгтэй бүхнийг сонирхоно. Малчны цагаан cap гэж нэг үе ярьдаг байсан болоод ч тэрүү cap шинээр хөдөөнийхөн өргөн дэлгэр тэмдэглэхийг илүүд үздэг ч юм шиг санагдана. Эрчүүд нь хадгийн наадамд морь уяж үе үе хөлс авч, давхилыг нь тааруулах хийгээд хааяа тэнгэрийн хаяа ажих нь өвлийн наадамд ямар хоолтой морь давхиулбал онох бол гэсэн ухаан ургуулна. Харин хотын эрчүүд хөөрөг даалингаа зэхэж машин унааныхаа өнгө үзэмжийг засна.

Ийнхүү цагаан cap айсуй. Нэг л өглөө босоход өнөөдөр шинийн нэгэн гээд хадаг дэлгэн ахмадуудтайгаа золгох болчихно. Монгол ёс заншил, монгол дэг, жаяг барьсан элэнц өвгөдөөс уламжлалтай үндэсний их баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдөр төрийн тэргүүн, түшээдээсээ эхлээд эгэл түмэн минь энх амрыг бэлгэдэн ёслох цаг айсуй. Зочилсон айл бүхний ширээ идээ, ундаагаар дүүрэн, уулзсан хүн бүрийн сэтгэл хангалуун, нүүрээс нь баяр баясгалангийн оч гялалзах нь ирэх оноо энх тунх байхыг бэлгэдэж буйн нэгэн илрэл биз ээ.

Ирж буй цагаан сарын өнгө чанаргүй олон бэлэг, согтууруулах ундаанаас татгалзаж буй нь илт. Тэгээд ч айлын өнгө идээ будаанаасаа, аз жаргалын эхлэл инээд наргианаасаа гэж үг байдаг. Цаг тооллын хуанли хуудас хуудсаар эргэж өмнөд хөршийн цагаан cap аль эрт эхэлчихлээ. Харин манай улс үндэсний баярт ёсоо тэмдэглэх бэлтгэлээ базааж байна. Идэр есийн жавар нүүдэллэж урь орох цаг хийгээд долоон ес дуусахтай зэрэгцэн айлсах цагаан сарын бууз хөлдөхгүй байж магадгүй гэсэн сэрэмжлүүлгээр ахмадууд маань бага багаар буузаа чимхэж хөргөгчид хөлдөөх хийгээд хөдөөнийхөн цасан бүрхүүлтэй авдар барьж буузаа хийж байгаа гэнэ.

Энэ нь гийчин зочиндоо урь идээгүй шинэхэн гүнцэг барих гэсэн нэгэн санаа юм. Харин хотынхон ууцанд их санаа зовж байгаа бололтой. Учир нь дунд хэмжээний ууц 250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэнэ. Цагаан сарын идээ будаанаас гадна гар цайлгах бэлэг гэж нэгэн хүнд юм байдаг. Эртээс нааш сурчихсан болохоор золгуут хийж буй ах дүүгээ гар хоосон гаргадаггүй заншил бий шүү дээ. Нэгэн үе эрээний элдэв өнгийн хямд оймс солилцдог байсан бол өнөөдөр ах дүүгээрээ нийлэн сайн чанарын бараа бүтээгдэхүүн ахмад настандаа өргөн барьдаг болжээ.

Энэ нь монголчууд цагаан сараа тэмдэглэх ёс заншлаа улам чанаржуулж байгаагийн нэгэн жишээ болно. Юутай ч цагаан cap ойртож айл бүхэн өнгө засч, хүн бүхэн дотроо нэгийг бодож суугаа нь монгол хүний эрхэм сэтгэлийн илрэл биз ээ.

В.НЭРГҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих