АНУ-ын шинэ хоригт ОХУ хариу арга хэмжээ авна

Магнитскийн хуулийн хүрээнд тогтоосон АНУ-ын шинэ хориг арга хэмжээний хариуд зохих арга хэмжээг авна гэж Вашингтон хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авсан нь “олон улсын хууль, эрх зүйтэй зөрчилдсөн албадах арга хэмжээ авах гэсэн оролдлого бөгөөд иймэрхүү арга хэмжээ нь улс орнуудын соёлжсон харилцаанд хүлээн зөвшөөрөгдөшгүй гэдгийг сануулан дурдаж байна”.

“Иймэрхүү алхмууд нь хариу арга хэмжээ авах шалтгаан болж байна. Хариу арга хэмжээ бол бидний сонголт биш гэдгийг үргэлж онцлон тэмдэглэсээр ирсэн билээ. Бид АНУ-тай удаан хугацаанд хамтран ажиллахыг зорьж байна. Бид үүнд бэлэн байгаа бөгөөд үүнийг зөв хувилбар гэж үзэж байна” гэж ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд онцолжээ.

160

Шинэ хориг арга хэмжээ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сочи хотноо хийсэн уулзалтын дараа манай хоёр улсын харилцаанд үүсэн бий болсон нааштай уур амьсгалтай зөрчилдөж байна гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

АНУ-ын Сангийн яам урьд нь Магнитскийн хуулийн хүрээнд ОХУ-ын таван иргэнийг хоригийн жагсаалтад оруулжээ. Уг жагсаалтад Руслан Геремеев, Геннадий Карлов, Сергей Коссиев, Елена Трикуля, “Терек” тусгай отрядын командлагч Абузайд Висмурадов нарыг оруулжээ. Үүнээс гадна, “Терек” отряд мөн хоригт өртсөн байна.

Руслан Геремеев бол “Север” батальоны командлагч асан бөгөөд түүнийг улстөрч агсан Борис Немцовыг хөнөөсөн хэргийн захиалагч гэж Немцовын гэр бүлийн өмгөөлөгчид үздэг. Коссиев нь Карель дахь засан хүмүүжүүлэх төвийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2.5 жил хорих ял авсан байна. Хэвлэлүүдийн мэдээллээр, Геннадий Карлов ОХУ-ын Дотоод хэргийн яамны дэргэдэх Мөрдөн байцаах хороонд ажиллаж байсан бөгөөд “Магнитскийн хэрэг”-т холбоотой аж. Елена Трикуля мөн Мөрдөх байцаах хороонд ажиллаж байжээ.

АНУ-ын эрх баригчид Магнитскийн хуулийг 2012 оны 12 дугаар сард баталсан билээ. Уг хууль нь ОХУ-д хүний эрх зөрчигдөж байгаагийн эсрэг, тодруулбал, хүний эрхийг зөрчсөн орос албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахад чиглэсэн хууль юм.


URL:

Сэтгэгдэл бичих