Оросын бензиний үнэ гуравдугаар cap хүртэл өөрчлөгдөхгүй
Он гарсны дараахан ОХУ-д бензин шатахууны үнэ нэмэгдээд байсан билээ. Хэрэглээний үнэнд ихээхэн нөлөө үзүүлдэг бензин шатахууны үнэ өссөнд оросууд дургүйцэн, Засгийн газраа дорвитой алхам хийхийг уриалж байсан юм. Харин саяхан ОХУ-ын Засгийн газар газрын тосны компанийн эзэд болон, эрчим хүчний компаниудын удирдлагуудтай тохиролцоонд хүрч 2012 оны гуравдугаар cap хүртэл түлш, эрчим хүчний үнэ өнгөрсөн оны 12 дугаар сарын тувшинтэй ижил хэмжээнд байлгахаар болсон тухай баасан гаригт Эрчим хүчний сайд Сергей Шматко мэдээлжээ. Бензиний үнэ тогтвортой байлгах эцсийн хугацааг зүгээр ч нэг сонгон аваагүй бололтой. Учир нь энэ үеэр ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Ямартай ч энэ болон ирэх сард шатахууны жижиглэнгийн үнэ хөдлөхгүй хэмээн Эрчим хүчний сайд мэдэгдсэн байна. “2012 оны эхнээс үнэ өссөн ч гэлээ шатах тослох материалын зах зээлд оролцогч газрын тосны компаниудтай эрчим хүч тээвэрлэгч тэр дундаа шатах тослох материалын жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх талаар тохиролцсон зарчмын тохиролцоо бидэнд бий” хэмээн Эрчим хүчний сайд Сергей Шматко хуралдаан дээр мэдэгдсэн байна.
Хэлэлцээрээ хэрхэн хэрэгжүүлж байгааг яамнаас хяналт тавина хэмээн тэрбээр мэдэгдсэн ч Оросын түлшний холбооны Ерөнхийлөгч Евгений Аркуша шатахуун түгээх станцын сүлжээний хараат бус операторуудтай Эрчим хүчний яамнаас ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй, мөн шатахууны үнэ зах зээлтэйгээ уялдан тогтоогдсон хэмээн мэдэгдсэн байна. Эргэн сануулахад хойд хөршид нэгдүгээр сарын нэгнээс эхлэн бензин, дизель түлш 29-32.6 хувиар өссөн юм. Оросын статистикийн хорооны мэдээлснээр үнэ өссөн ч нэгдүгээр сарын 11-16-ны хооронд Оросд бензиний үнэ 0.2 хувиар буурсан бол дизель түлш 0.1 хувиар өсчээ.
Дашрамд дуулгахад 2011 онд Оросын Засгийн газар хүн ам болон нийтийн үйлчилгээний хийн үнийн шинэ оны уламжлалт өсөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд 2012 онд мөрдөгдөх үнэ долдугаар сарын нэгнээс л хүчин төгөлдөр болох гэнэ. Ийн хойшлуулах болсныг шинжээчид өнөөгийн Ерөнхий сайд Владимир Путин нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байгаа юм.
Б.Ананд
URL: