Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ
Бага насны хүүхэд болон ганцаараа явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид дайчлан баривчилжээ.
Тодруулбал, дээрх этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг зочид буудалд орогнож байхад нь илрүүлсэн бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн, гурван удаагийн ял шийтгэл эдлэж байгаад энэ 2019 оны хоёрдугаар сард 411 дүгээр хорих ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар болох нь тогтоогджээ.
Тэд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн аж. Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
URL: