Олигархиудыг жагсааж байгаад буудахыг санал болгов

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар цаг үеийн асуудал ярина хзмээж байсан юм. Гэсэн ч тэд өдөржин хуралдахдаа зөвхөн намынхаа асуудал, дотоод ардчиллын талаар хэрэлдсэн байна. Ингэхдээ ийм нөхцөл байдалд хүргэсэн хүн нь намын дарга хэмээн эрс шүүмжилсэн гэнэ. Тодруулбал, хуралдаанд оролцсон 40 гаруй гишүүдийн 30-аад  нь намын дарга С.Батболд руу хатуу үгээр дайрчээ.

Тэднийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Р.Раш, Н.Ганбямба, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр нар толгойлсон гэх. Тэд нийтийн дунд нэр хүнд муутай гишүүдийг сайдад нэр дэвшүүлснээр улс төрийн болоод иргэдийн дунд МАН-ын нэр хүндийг унагалаа хэмээн С.Батболдыг буруутгажээ.

Түүнчлэн Тэргүүн шадар сайдад намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг дэвшүүлсэн нь ч оновчтой байгаагүй гэдгийг хэлж байсан гэнэ. Дээрх яриануудын жишээ болгож, өнгөрөгч долоо хоногт сайд нартай уулзаж байх үеийн Ерөнхийлөгчийн байр суурийн талаар хэлсэн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Ганбямба ч нэлээд дориун дуугарсан сураг байна. Тэрээр Ерөнхий сайдыг дэндүү сул, хэтэрхий үлбэгэр байна гэжээ. Тэгснээ “Олигтой ажиллаж чадахгүй бол ажлаа өгөөд зайлах хэрэгтэй. Ер нь энэ намд ямар зорилготой, ямар ашиг сонирхлын төлөө орж ирсэн бэ гэдэг чинь сонирхолтой байна шүү. Бизнесийн бүлэглэлийг төлөөлсөн товарищийг бол тонилгох л хэрэгтэй. Ер нь олигархиудыг жагсааж байгаад буудчихаач” хэмээгээд авсан гэнэ.

Т.ГЭРЭЛ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих