Хонконгт Тesla-гийн машин гэнэт шатав
Tesla компанийн цахилгаан машин Хонконгийн нэг зогсоол дээр гэнэт шатлаа гэж орон нутгийн сонинд мэдээлжээ. Сар хүрэхгүй хугацааны өмнө Шанхайд мөн төстэй тохиолдол гарсан юм. Бээжин дэх компанийн төлөөлөгч уг явдлын талаар тайлбар өгсөнгүй. Сан По Конг ордны дэргэдэх зогсоолд тавьсан Tesla Model S загварын машин ням гарагт батарейнаас нь утаа гарч байснаа шатаж эхэлснийг дээрх мэдээнд дурджээ. Тэсрэх чимээ сонсогдож, гал сөнөөгчид галыг унтраахын тулд 45 минут зарцуулсан байна.
Өнгөрсөн сард Шанхайд Tesla-гийн логотой машин шатаж байгаа зураг Хятадын нийгмийн сүлжээгээр тарсан. Үүний зэрэгцээ эдний өрсөлдөгч NIO компанийн цахилгаан машиныг Сиан хотод засварлаж байх үеэр шатсан тухай мэдээлэл нийтлэгджээ. Tус хоёр компани гал гарсан учир шалтгааныг мөрдөн шалгаж байгаагаа мэдэгдсэн. Эдгээр тохиолдол Хятадад цахилгаан машины талаарх түгшүүрийг нэмэгдүүллээ.
2018 онд тус улсад шинэ төрлийн түлштэй машинтай холбоотой 40 орчим галын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд, дан цахилгаан батарей, хосолмол хөдөлгүүртэй болон түлшний эсээр ажилладаг машинууд багтсан гэж Зах зээлийн зохицуулалтын захиргаанаас мэдээлсэн.
Ангус Уитли
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: