Орон нутгийн хөгжлийн сан бол зээл олгодог сан биш

72

Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/ нь орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн хөрөнгө нь иргэдийн саналд тулгуурлан зарцуулах ёстой төсөв.

ОНХС-ИЙН ХӨРӨНГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

ОНХС-ийн хөрөнгийг иргэдийн санал авсан, нийтийн эрх ашигт нийцсэн, олон хүн ашгийг нь хүртэж болох хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд зарцуулна. Өөрөөр хэлбэл иргэн зөвхөн өрх, хувь хүнд тулгамдсан асуудлаас илүүтэй олон нийтийн эрх ашигт нийцсэн санал гаргавал цаашид эрэмбэлэхэд дэмжигдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

ОНХС АЛЬ, АЛЬ ШАТАНД БАЙДАГ ВЭ?

Сум, дүүрэг, аймаг, нийслэл нь Орон нутгийн хөгжлийн сантай байна. Иргэн орон нутгийн хөгжлийн санд хэрхэн саналаа өгөх вэ?

1. Санал асуулгын хуудас бөглөх

2. Бүлгийн ярилцлага хийх

3. Цахим болон техник, технологийн дэвшилтэт аргаар санал өгнө.

ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖЛЫГ ХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?

Жил бүрийн 1-5 дугаар сард баг, хорооны Засаг дарга иргэдээс санал авах ажлыг зохион байгуулна. Энэ нь тухайн баг, хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтаас хамааран 1-5 дугаар сарын хооронд аль ч хугацаанд байж болно. Гагцхүү Иргэний нийтийн хурлаас өмнө саналаа бүрэн авч, тавдугаар сарын 31-ээс өмнө санал эрэмбэлэх Иргэний нийтийн хурлаа хүчин төгөлдөр ирцтэйгээр хийнэ.

ОНХС-ИЙН САНАЛЫГ ЯМАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР АВАХ ВЭ?

Баг, хорооны Засаг дарга нь айл, өрхүүдээр явж саналын хуудас бөглүүлж эсвэл иргэн өөрийн биеэр баг, хороон дээрээ очиж бөглөж саналаа өгнө. Иргэд бүлгийн ярилцлага хийх тохиолдолд төвийн багт 50-аас доошгүй, хөдөөгийн багт 30-аас доошгүй иргэний бүрэлдэхүүнтэй бүлгийн ярилцлага хийж “ОНХС-ийн үйл ажиллагааны журам”-ын гуравдугаар хавсралтын дагуу тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. Цахим хэлбэр: Одоогоор нийслэлийн зургаан дүүргийн зарим хороодод гар утсанд зориулсан санал авах аппликэйшнийг туршиж байна. Мөн зарим сум, багууд мэйл болон интернет ашиглан санал асуулга авах үйл ажиллагааг туршиж байна.

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛЫГ ХЭРХЭН ЭРЭМБЭЛЭХ ВЭ?

Баг, хорооны Засаг дарга нь ОНХС-ийн саналыг баг, хорооны түвшинд эрэмбэлэн, батлах “Иргэдийн нийтийн хурал”-ыг тавдугаар сард багтаан зохион байгуулах ёстой. Энэ хуралд иргэд заавал оролцож ирсэн нийт саналыг нэг бүрчлэн хэлэлцэн, эрэмбэлж, батална. Ингэхдээ тухайн хөрөнгө оруулалт, төслөөс хэр олон хүн ашиг хүртэх, үнэхээр нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай юу, нийтийн эрх ашигт нийцэж чадаж байна уу, сум, дүүргийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа эсэх, ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр зөвшөөрөгдсөн чиг үүрэгт багтсан эсэхийг сайтар ярилцаж, эрэмбэлэн, ил тодоор санал хурааж батална.

“ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”, “СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”, “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН” ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

“Сум хөгжүүлэх сан”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” зэрэг нь аж ахуй нэгж, хувь хүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог сангууд юм. Харин “Орон нутгийн хөгжлийн сан” бол орон нутгийн төсөв хуваарилагддаг зарчмаар хуваарилагддаг орон нутгийн төсвийн нэг хэсэг юм. ОНХС-ийн хөрөнгийг зөвхөн иргэдийн санал авч, баталгаажсан хөрөнгө оруулалтуудад зарцуу­лах учиртай.

Тиймээс Орон нутгийн хөгжлийн сан бол зээл олгодог сан биш. Зөвхөн нийтийн эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтуудад, иргэдийн саналаар зарцуулах хөрөнгө юм. Орон нутгийн төсвөөр зам барих ажлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь баталдаг шиг иргэн замтай болох саналаа гаргаж түүнийгээ хийлгэх боломжийг олгож буй иргэдийн мэдэн зарцуулах хөрөнгө юм.

Эх сурвалж: tusuv-oronnutag.mof.gov.mn


URL:

Сэтгэгдэл бичих