БНАСАУ-д хоол хүнсний хомсдол ноцтой хэвээр байна

64

БНАСАУ-д будааны үнэ буурч байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа хэдий ч тус улсад хоол хүнсний хомсдол ноцтой хэвээр байна гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамнаас лхагва гарагт мэдээлжээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл БНАСАУ-ын зах зээл дэх будааны үнэ буурч байгаа тухай мэдээлж байгаагаас үзэхэд НҮБ-ын агентлагуудын санаа зовниж буй хүнсний хомсдол тус улсад нүүрлээгүй мэт харагдаж байгаа юм.

“Бид Дэлхийн хүнсний байгууллага /WFP/, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ албан ёсны, бодит үзүүлэлтүүдийг ашиглаж, мэдээллээ боловсруулсан. Тус улсад хүмүүнлэгийн болон хүнсний тусламж нийлүүлэх нэн шаардлагатай байгаа” гэж Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч И Сан Мин мэдэгджээ.

Дээр дурдсан байгууллагуудаас энэ сарын эхээр гаргасан тайланд мэдээлснээр, өнгөрсөн онд БНАСАУ 2008 оноос хойшхи хамгийн бага хэмжээний ургац хураасан ажээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын 10 сая орчим иргэн буюу нийт хүн амын 40 орчим хувьд хүнсний тусламж шаардлагатай байгааг уг баримт бичигт онцлон тэмдэглэсэн юм.

Дэлхийн хүнсний байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бесли энэ долоо хоногийн эхээр Сөүлд айлчлах үеэрээ БНАСАУ-ын хүнсний нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, илүү их тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

БНАСАУ-ын сүүлийн үед явуулсан туршилтуудыг үл харгалзан тус улс дахь нөхцөл байдлыг сайжруулж, зогсонги байдалд орсон хэлэлцээгээ сэргээхийн тулд будаа тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний тусламжийг тус улсад хүргэх төлөвлөгөөг БНСУ боловсруулж байна гэж И Сан Мин хэлжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих