“Ажнай” Д.Бат-Эрдэнэ хувьцааны луйвраар мэргэшжээ

“Ажнай” корпорациар овог­лосон Д.Бат-Эрдэнэ ир­гэдийн хувьцааг өөрийн юм шиг арилжаалж хөлжсөн нэ­гэн.

Тэрбээр цэнхэр, ягаан тасалбараа хувьчлалд зо­риул­сан ч ногдол ашгаа авалгүй олон жил болсон иргэдийн хувьцааг хууль бусаар арил­жаалдаг аж. Тухайн үед иргэд хувьцаа, ногдол аш­гийн та­лаар төдийлөн ойл­голтгүй байсан. Үүнийг Д.Бат-Эрдэнэ овжноор ашиг­ласан нь одоо    ил болж бай­­на. Учир нь “Эрдэнэс Та­­вантолгой” хувьцаат ком­па­­ниас иргэн бүрт 536 шир­хэг хувьцаа олгох тухай ярьж эхэлснээс хойш иргэд хувь­цааны та­лаар тодорхой хэм­­жээний ойлголттой бол­­сон болов уу. “Ажнай” Д.Бат-Эр­дэнийн луйв­рын хо­­хи­рогч­ бол­сон хүмүүсийн дий­лэнх нь Өмнөговь аймгийнх аж. Өөрийн өмчөө бусдад алдсан ир­гэд Д.Бат-Эрдэнэтэй “дайн” зар­ласан хэдий ч өнөөд­­рийг хүртэл мөнгөө авч ча­дахгүй яваа. Үүний тод жишээ нь Өмнөговь аймгийн Да­ланзадгад сумын иргэн Ч.От­гончимэг юм. Түүний нөхөр Л.Туваанбаатар 1993 онд “Мон­гол эд импекс” хувьцаат компанид хувьцаа эзэмшдэг байв. Энэ хугацаанд ногдол ашиг гэж 1400 төгрөг авчээ. Тухайн үед Өмнөговь аймгийн Баяндалай суманд амьдарч байсан Ч.Отгончимэг, Л.Туваанбаатар нар хувьцааныхаа сургийг тэр бол­гон сонсдоггүй байв. Гэтэл тус аймагт брокер дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Далан” ком­пани татан буугджээ. Тиймээс иргэд хувьцаагаа байгаа эсэхийг хэнээс асууж тодруулахаа мэдэхгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн аж. Тус аймагт Үнэт цаасны газрынхан ажиллахаар ирсэн байна. Үүнийг сонссон Ч.Отгончимэг айм­гийн төв орж холбогдох хүмүүсээс хувьцааныхаа талаар лавлахад “Танай аймгийн брокер дилерийн “Далан” ком­панийн нэрийг өөрчлөн “Ажнай инвест” болгосон. Харин эзэн нь Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бий. Энэ компанид танай нөхрийн нэр дээр 220 ширхэг хувьцаа бүртгэлтэй байна” гэжээ. Ингээд тэд “Бидэнд 220 ширхэг хувьцаа байгаа юм байна” гэж бодон үүнийхээ араас хөөцөлдөв. Юун түрүүнд өнгөрсөн оны есдүгээр сард Үнэт цаасны газарт хандан өргөдөл бичжээ. Харин өргөдлийн хариуд “Ажнай инвест” брокер дилерийн компани татан буугдсан. Ажилтнууд нь ажлаасаа гарсан учир иргэний нэхэмжлэх гарга. Танд 220 ширхэг хувьцаа байсан. Гэхдээ арилжаалсан байна” гэсэн аж. Ч.Отгончимэг өөрийнх нь хувьцааг арилжаалах нь битгий хэл байгаа гэж бодож явжээ. Гэвч түүний өмнөөс хэн нэгэн этгээд хувьцааг нь арилжаалж, олох ёстой ашгийг нь аль хэдийнэ халаасалсан байна.

Ч.Отгончимэг хувьцаагаа хөө­цөлдөж байхдаа Санхүүгийн зохи­цуулах хороонд өргөдөл гаргажээ. Түүний өргөдлийн хариуд “Өргөдөл гаргасантай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан “ҮЦТТТХТ” ХХК-аас хувьцааг худалдан авсан болон дамжуулан худалдсан бүх дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулан шүүж үзэхэд Л.Ту­ваанбаатарын зөвшөөрөлгүй за­рагд­сан гэх хувьцаа хоёр удаа дам­жин арилжаалагдсан байна. Өм­нөговь аймгийн иргэдэд Үнэт цаасны зах зээлд зуучлах үүрэг бүхий брокер дилерийн “Ажнай инвест” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байсан хувьцааг хууль бусаар худалдсан тухай өргөдөл, гомдлууд 2007 оноос эхлэн их хэмжээгээр ирэх болсон” хэмээн дурьджээ. Мөн Санхүүгийн зохицуулах хороо эдгээр өргөдөл, гомдлын дагуу шалгахад “Ажнай инвест” нь иргэдийн өмчлөлд байсан хувьцааг өмчлөгчийн зөвшөөрөл, захиалгын гэрээгүйгээр биржийн арилжаагаар бусдад арилжаалсан байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.2, 19.2.8, 27.3.2 дахь заалт, Үнэт цаасны хороо /хуучин нэрээр/-ны 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны тухай журам, 33 дугаар тогтоолоор баталсан Харилцагчийн захиалгыг хүлээн авах, биелүүлэх тухай жур­мын хэд, хэдэн заалтыг зөрчиж, хувьцаа эзэмшигчдэд хохирол уч­руулсан байгаа юм. Ийнхүү хууль бусаар хөлжсөн Д.Бат-Эр­дэнэ зөвхөн Ч.Отгончимэгийг хо­хироосон юм биш. Түүнээс өөрийн эзэмшлийн хувьцаа, мөнгөө салгаж авах хүсэл, зорилготой хүн олон бий. Ямартай ч 23 хүн ийм зорилгоор нэгдсэн хэмээн дуулдана лээ. УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хүмүүсийн мөнгийг халаасалсныхаа “буян”-аар морины бай шагналд баруун, солгойгүй мөнгө цацаж, тийрэлтэт онгоц хөлөглөн баярхаж явдаг гэсэн.

Ц.Энхцэцэг

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих