Согтуудаа өөрөө ч мэдээгүй дүүгийнхээ хуруунуудыг тасалсан хэмээн мэдүүлжээ

47

Согтуурсан үедээ долоон настай нагац дүүгээ хүнд гэмтээсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулан шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр 51 настай иргэн Ш нь долоон настай нагац дүү охиныхоо дөрвөн хурууг тасдсан ноцтой хэрэг гарсан юм. Охин зугтаж гараад гудамжинд зогсож байхад нь иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.

Хэрэг гарсан даруйд тухайн этгээдийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон бөгөөд өнөөдөр цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэд нэг хашаанд амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед охины ээж бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан аж. Тэрбээр аав, ээжийг нь эзгүйд архидан согтуурсан үедээ нагац дүүгээ сүхээр цохиж хуруунуудыг нь тасалсан байна. ГССҮТ-ийн эмч нар охины 4 хурууг залгах мэс заслыг 10 гаруй цагийн турш хийж, улмаар хохирогч охины гурван хурууг амжилттай залгасан юм. Харин охин өдгөө ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Харин дүүгээ гэмтээсэн Ш нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “Хэрэг гарах үед би маш их архи ууж, согтуурсан байсан. Өөрийгөө хянах чадваргүй, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ. Маш их гэмшиж байна” гэжээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдэд Эрүүгийн  хуулийн 11.1 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэхүү зүйл заалтад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Ингээд охиныг эмчлэгч эмч болон цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийг эргэн сануулж байна. 

ЦЕГ ”Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбын гудамж, дэлгүүрийн гадна бага настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 14-ний өдрийн орой 22.25 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу шалгахад долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах “Ш” нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.

ГССҮТ -ийн Бичил мэс заслын эмч Д.Даваажаргал “Долоон настай охин ирсэн. Тухайн хүүхдийн баруун гарын нэг хоёрдугаар хурууны нэг хоёрдугаар үеэрээ бүрэн тасарсан. Зүүн гарын гурав, дөрөвдүгээр хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан гэмтэлтэй. Дээрээс нь баруун хөлийн гуяны урд хэсгээрээ түлэгдсэн шархтай. Мөн толгойн тус газраа хөнгөн шархтай ирсэн. Тухайн хүүхдийн хурууны тайрагдсан мөч нь хэр удаан хугацаанд сэргэх нь янз бүр байдаг. Энэ хүүхдийн хуруу нэг төвшинд хурц үзүүртэй тайрагдсан байсан учраас эргэн залгахад сэргэх магадлал өндөртэй. Баруун гарын нэг хоёрдугаар хуруу залгагдсан байгаа. Хагалгааны дараа хурууны өнгө зүс гайгүй тэжээлтэй сэргэх магадлал 90%-тай байгаа. Харин зүүн гарын гуравдугаар хурууны нэгдүгээр хэсгийнхээ урд хэсгээрээ тасарсан. Тэр хэсгээрээ үхжил үүсээд эхэлсэн байсан учраас тайрагдсан байгаа. Дөрөвдүгээр хуруу хагалгааны явцад залгагдсан. Тэгэхээр гурван хуруу 80-90%-тай залгагдсан бөгөөд нэг хурууг урд хэсгээрээ тайрагдсан. Одоогийн байдлаар охин хагалгааны дараах биеийн байдалтай Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэв.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих