Үндэсний аюулгүй байдалд СҮРЬЕЭ заналхийлэх цаг ирдэг юм байна

46

Монгол Улс хүүхдүүдээ хамгаалж чадахгүй болтлоо ялзарсны томоохон баримт, жишээг бид өчигдөр харав.

1,710 сурагчтай Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль сүрьеэгийн голомт болж эцэг эхчүүд хүүхдээ сүрьеэгийн өвчний вирус тээгч болсныг дөнгөж өчигдөр л мэдэж бухимдацгаав.

Өдгөөгөөс хоёр жилийн өмнөөс тухайн сургуульд сүрьеэгээр өвдсөн хоёр ч багш ажилласан нь хүүхдүүд бөөнөөрөө вирус тээгч болох үндэс болжээ. Өчигдрийн байдлаар тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн гэдгийг баталсан байна. Тун харамсалтай.

Яагаад ийм хайхрамжгүй явсаар өнөөдрийг хүргэв. Яагаад сургуулийн нийт хүүхдийн яг хагас нь вирус тээгч болж 38 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэв. Үүний буруутан нь хэн бэ. Өвчтэй гэдгээ мэдсээр байж ажилласан багш уу, сүрьеэгийн өвчтэй, эмчилгээтэй гэх заалттай багшийг ажиллуулсаар байсан захирлын буруу юу.

Жил бүр тогтмол 25-28 хүүхэд тухайн сургуулиас ирж энэ төрлийн өвчний эмчилгээ хийлгээд байгааг мэдсээр байж голомтыг нь ололгүй гал унтрааж байсан ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны тасгийнхны буруу юу. Гэм зэмгүй хүүхдүүдийг өвчтэй, вирус тээгч болгож хохироосон уг асуудлын буруутанг холоос хаймааргүй байна. Энэ удаад тус сургуулийг тойрсон нэр бүхий хүмүүсээс буруутанг хаймаар байна.

Сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг та яагаад өөрийн толгойлж буй өрх гэртээ сүрьеэгийн өвчтэй хоёр ч багшийг ажиллуулсан юм бэ. Ийм аюулын вирустэй хэнийг ч алаг үрсээс минь тусгаарлах ёстой байсан биш гэж үү. Гэтэл чимээгүй хав дарж “нууцаар” сорил авсан нь цаанаа ямар зорилго агуулав. Манай аль ч шатны дарга нарт нийтлэг муухай зан, ёвроод авмаар тэнэглэл байх юм. Тэр нь юу вэ гэж үү.

Буруу гэдгийг мэдсээр байж нуун далдлах гэж улайран чичрэх, хэл чимээгүй ар хударгаар асуудлыг зохицуулах гэж түйвээх, гал унтраах оролдлого хийж байгаа нь энэ гээд олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэдэг гарцаагүй тэнэглэл байх юм. Яг ийм тэнэглэлийн бодит жишээ нь Хан-Уул дахь 15 дугаар сургуулийн багш, удирдлага, эмч нар болж эцэг эхчүүдийг бухимдууллаа. Тэгвэл энэ сургууль дээр өрнөж буй сүрьеэгийн дэгдэлттэй яг ижилхэн процесс Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр арваадхан хоногийн өмнө болжээ.

Тодруулбал, тус сургуулийн бага ангийн буюу хоёрдугаар ангийн хоёр бүлгийн сурагчдаас эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр сүрьеэгийн сорил авсан үйл явдал болсныг манай редакцад нэрээ хэлэхийг хүсээгүй ээж хандлаа. Тэрбээр хэлэхдээ, хоёрдугаар ангийн А, Б хоёр бүлгийн хүүхдүүдээс сүрьеэгийн сорил авсан байсан. Учрыг тодруулбал, нэг сурагчийнх нь аав, ээж сүрьеэтэй байсан нь хүүхдэд нь халдварласан байдаг. Ингээд тухайн хүүхдээс үеийнхэн нь халдвар авсан байж болзошгүй байсан тул ийн сорил авчээ.

Хамгийн сэтгэл түгшиж санаа зовоож байгаа зүйл нь хоёр бүлгийн тус бүр арав гаруй хүүхдийн сорилын үр дүн эерэг гарсан байгааг сургуулийн удирдлагууд нууцлаад байх шиг байна. Хэдийгээр манай хүүхдийн сорил зүгээр гарсан ч санаа зовж байна” гэдгийг хэллээ. Яг энэ ээжийн хэлсэнчлэн сургуулийн удирдлагууд нь “нуучихсан” хэчнээн ийм тохиолдол байгаа бол.

Улсын хэмжээнд 2018 оны байдлаар нийт 798 сургууль үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байна. Тэгвэл эдгээр сургуульд сүрьеэтэй сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл хэчнээн байгаа бол. Нэг сургуульд сүрьеэтэй хоёр багш ажиллахад д 500 гаруй хүүхэд хоёр ч жил хүрэхгүй хугацаанд вирус тээгч болж 40-өөд хүүхэд эмнэлгийн тусламж авах хэмжээнд хүртлээ өвдсөн байна.

Ганцхан 15 дугаар сургуулийн бодит жишээн дээрээс бодоход л Монголын үрс сургуулийнхаа орчинд сүрьеэгийн тээгчид болж өвдөж байгаа нь өнөөх бидний яриад байдаг Үндэсний аюулгүй байдал алдагдаж буй аюултай нөхцөл биш юм уу. Ганцхан сургууль дээр ужгирсан, дарагдсан өвчний суурь нөхцөл илчлэгдэхэд л цаана нь бидний хэчнээн хүүхэд хохирчихсон байна вэ. 529 хүүхэд.

Сэтгэл түгшиж, зүрх чичирч байна. Энэ бол бидний нийтээрээ айх ёстой айдас биш гэж үү. Улсын хэмжээнд үүд хаалга нь нээлттэй ажиллаж байгаа 800-аад ерөнхий боловсролын сургуульд вирус тээчихсэн, өвдөөд эхэлсэн хэчнээн хүүхэд байгаа бол. Үр хүүхэд минь эрдэм номтой, боловсрол, хүмүүжилтэй болно гэж итгэсэн эцэг эхчүүд айдаст автаж юу ч мэдэхгүй дэгж дэрвэх бяцхан хүүхдүүд хохирогч болчихлоо. Одоо яах вэ.

Гэтэл албаныхан “Энгийн сүрьеэг 300-400 мянган төгрөгийн үнэ бүхий эмээр эдгээдэг бол олон эмэнд дасалтай сүрьеэг 7-10 сая, маш олон эмэнд дасалтай сүрьеэг 40-50 сая төгрөгийн үнэ бүхий эмээр эмчлэхийн зэрэгцээ гурван сараас доошгүй хугацаагаар хэвтэн эмчлүүлэхэд хүргэдэг” хэмээн хэлж байсныг энд тодотгоё.

Нийгмийн өвчин гэгддэг сүрьеэ нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг гэдгээрээ хамгийн аюултайд тооцогддог. Тухайлбал, уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг байна.

Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушги гэнэ. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог гэдгийг эмч нар анхааруулдаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт / Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхэлнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ.

Уушгины сүрьеэгийн үед, удаан хугацаагаар (хоёр долоо хоног ба түнээс дээш) ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, бие суларч ядрах, жин буурах, хоолонд дургүй болох, халуурах, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрдэг байна. Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болдог байна.

Тэгэхээр яг ийм төрлийн шинж тэмдэг уншигч танд болон таны хүүхдэд илэрч эхэлбэл .яаралтай эмнэлэгт хандаарай Өчигдрийн байдлаар олон эцэг эх сургуулийг хаах, карентин тогтоох асуудлыг хөндөж байв. Нөхцөл байдал хүндэрсэн сургуулийг хаах болон карентилах боломжтой эсэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа. Тэрбээр “Сургуульд карентин тогтоох эсэх асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

Бид шууд дур мэдээд шийдвэр гаргаж болохгүй. Миний хувьд халдварт өвчин судлалын үндэсний төвийн захиралтай холбогдож, ХӨСҮТ-өөс баг гарчихсан сургууль дээр ажиллаж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх процесс үргэлжилж байгаа гэх мэдээллийг авсан. Цаашид шаардлагатай арга хэмжээг авна. Хаана ямар хариуцлага алдсан нь тодорхой болсны дараа хариуцлагын асуудал яригдана” гэсэн юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад “ЭМЯ-наас ажлын хэсэг гарч ажиллаа. Яамны хэмжээнд энэ асуудлаар хуралдсан. 2015 оноос хойш буюу дөрвөн жилийн турш энэ сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсаар явсан байна. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа.

Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилснийг батлаад байна. Өмнө 15 дугаар сургуульд сүрьеэгээр өвчилж байсан багш ажиллаж байсан юм байна.

ХӨСҮТ-өөс эмчилсэн гэсэн бичиг хийж өгөхгүй. Эмчлүүлээд гарлаа гэсэн лист бичиж өгнө. Түүнээс сүрьеэгүй гэдэг бичиг бол хийж өгөхгүй” гэлээ. Харин Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч “Манай дүүргийн хэмжээнд сүрьеэгийн сорил авдаг хоёр аппараттай ч нэг нь эвдэрсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулдаг. Энэ жилийн хувьд хүүхдүүддээ сорил тавиулсан. Унтаа байдалтай байгаа вирус нь хүүхдийн дархлаа сулрахаар идэвхэждэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх зорилгоор эм уулгая гэсэн санал эцэг эхчүүдэд хүргүүлсэн” гэв.

Юутай ч албаныхныг төдийгүй эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийг “сэрээсэн” энэхүү үйл явдал олон сургуулийн захиралд хийх ажлыг нь зааж өгөв. Хүүхэдтэй холбоотой амьдрах, суралцах орчны аюулгүй байдлын төлөө нийгмээрээ анхаарахгүй бол хүүхэд төрийн бодлого, хайр, хишиг, томчуудынхаа анхаарлын гадна үлдсэний том жишээ боллоо.

Монгол Улс 2018 онд хүүхэд хамгааллын чиглэлд 5.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ онд төсвийн хэмжээ өсөж найман тэрбум болсон гэдгийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа хэлж байлаа. Тэгвэл сүрьеэ гэх аюулт өвчин сургууль, цэцэрлэгийн орчинд аюулын харанга дэлдэж байгаа нь хүүхдээ хамгаалах зайлшгүй нөхцөл мөн хэмээн сэтгэж байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулах дээрх төсвийг ч мөн хүүхдийн эрүүл мэнд тэр тусмаа сүрьеэгийн орчноос хүүхдээ хамгаалахад зарцуулъя.

Эх сурвалж: Үндэсний шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих