Авлигачдыг шүүрдэх нь байтугай шүлсдээд алдав

Төрөөс тэрбумтнууд төрдөг бол түмнээс авлигачид төрдөг бололтой. Тийм ч хууль батална, ийм ч төсөл хэрэгжүүлнэ хэмээн баг зүүсэн луйварчид олширчээ. Үүний нэг нь өнгөрсөн хугацаанд улсын мөнгө шамшигдуулсан, авлигын хэрэгт холбогдсон эрхмүүдийг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байгаа. Гэхдээ шалгах биш шал дэмий бүртгэж авсан гэхэд болно.

Авлигачдыг акулаас нь авахуулаад жараахайтайг нь хүртэл шүүрдэнэ гэсэн Авлигатай тэмцэгчид хаана явна. Шүүрдэх нь байтугай шүлсдээд алдах шиг. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдээс нь авахуулаад иргэд ч авлигын хэрэгт нэр холбогдсон байдаг. Гэтэл нэг ч хэрэг шийдэгдэхгүй, бүүр даварч Өршөөлийн хуульд хамрагдсан нэр зүүж өнөөдрийг хүргэлээ.

Хэрэгсэхгүй болгосон ч хэн нэг нь мартах учиргүй

Сүүлийн үед Наранхүү нэртэй хүмүүст эрүүгийн ертөнц халгаатай байсан. Учир нь балчир охидын биеийг үнэ-лүүлдэг хэрэгт амьдаа нар нэр холбогдож хуулийнхны толгойг эргүүлсэн. Харин албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон эрхэм түшээ Х.Наранхүү өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхний анхаарлын төвд байсан.

Гэтэл түүнд аз таарч хэргийг нь хэрэгсэхгүй болгосноор чимээ анир болов. “ёстой л нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурна” гээч нь байх. УИХ-ын гишүүн Х.Наранхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэгддэг. Гэтэл түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Х.Наранхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй “Ланд круйзер-100″ машиныг төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн хэмээн буруутгагдан шалгагдаж байсан удаатай.

Хэргийг түдгэлзүүлжээ

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаад нохойн замаар ордог хэргүүд цөөнгүй. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Дондогийн хэрэг гэхэд болно. Тэрбээр хууль бус газрын наймаанд нэр холбогдсон нэгэн. Газрын наймаанаас олсон мөнгөө намдаа хандивласан ч гэх нь бий. Ямартаа ч түүнтэй холбоотой хэргийг хуулийнхан багагүй хугацаанд шалгасан.

Харин эцэстээ хэргийг нь түдгэлзүүлж “тэнэгтсэн”. Хуулийнхны ярьж буйгаар УИХ-ын гишүүний бүхэн эрх гэж айхтар хаалт байдаг бололтой. Үүнээс болж хэргийг түдгэлзүүлсэн хэмээн тайлбарлаж байх юм. Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргасан байдаг. Харамсалтай нь хуулийнхан хаацайлж хариуцлага гээчийг уландаа гишгэв бололтой.

Нотлох баримт “00″ цаас болоход амархан

Бүрэн эрх гэж нэг айхтар юм байна. Сэтэртэй нэгнийг сиймхийгээр нь гаргаж, нүгэлтэй нэгнийг хуулийн цоорхойгоор унагадаг бололтой. Хийсэн гэмийг нь тогтоогоод өгөхөд хийгээгүй юм байна аа хэмээн мэлзэх хүчнийхэн хөөрхийлөлтэй. Одоогоос жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэрэг олны анхаарлын төвд байсан.

Гэтэл хавтаст хэргийг хаацайлдаг муу зангаараа хэрэгсэхгүй болгож орхисон. Л.Гүндалай нь Эрүүл мэндийн яамнаас зарласан “MRI” аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан хэрэгт нэр холбогдсон “түүхтэй”.

Д.Сугарын хэрэг сураггүй болов уу

Саяхан л Төрийн өмчийн хорооны дарга гэгдэх Д.Сугар авлигын хэргээр шалгагдаж эхэлсэн. Төрийн өмчийг удирдан ажиллах төвөгтэй бөгөөд хариуцлагатай ажлыг тэрбээр өөрийн хувийн сонирхолдоо нийцүүлсэн гэх хүмүүс олон. Энэ нь ч үнэний ортойдог. Төрийн мөнгийг гадны компанид завших боломжийг олгож улмаар дундаас нь ашиг авдаг хэрэгт нэр холбогдсон тэрбээр хэдхэн хоногийн өмнө ажлаа өгч гэмгүй царайлсан.

Өмнөх хэргээ шийдүүлж чадаагүй тэрбээр өшөө дээшээ харж улс төрд хүч үзэх нь хэмээн иргэд цайны хачираа хийж сууна. Үнэнийг өчихөд, Д.Сугар нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэр рүү шууд нийлүүлэгдэх ган бөмбөлөгийн бэлдэцийг гадаадын компаниар зуучлуулах нэрийдлээр тус компанид их хэмжээний мөнгө завших боломж олгосон болохыг Авлигатай тэмцэх газраас тогтоон шалгаж байсан юм. Харамсалтай нь сурсан зангаараа хэргийг өнөөг болтол шийдээгүй дүлэгнэж явна.

Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих