Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүн авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл байна

46ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойтой холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Оюутолгойн материалыг Рио Тинто компанид өгсөн асуудал яригдаад байгаа. Одоо энэ асуудлыг яах вэ? 

-УИХ дээр Оюутолгойтой холбоотой ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна гэж ойлгож байгаа. Мөн АТГ болон бусад газарт Оюутолгойн гэрээтэй холбоотой Оюутолгойн гэрээний дараа үүссэн авлига авсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээлэл байна. Нэрийг нь хэлэх боломжгүй байна. Тэр бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирнэ. Засгийн газарт ирсэний дараа Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Мөн Оюутолгойн удирдлагуудтай Засгийн газрын зүгээс уулзаж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ яриад албан ёсны дүгнэлтийг Засгийн газраас гаргах боломжтой. Тиймээс УИХ яаралтай шалгалтынхаа материалыг хэлэлцээд Засгийн газарт ирүүлэх ёстой. Засгийн газар нь ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байна.

-Авлига авсан гэх хүмүүс нь Засгийн газрын гишүүд үү, УИХ-ын гишүүд үү? 

-Хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Жишээлбэл, давуу эрхийг зарим нэг компанид өгсөн байж болзошгүй гэсэн асуудлууд бий.

-Нууц материалыг Рио Тинтод өгсөн гишүүн тодорхой болсон. Энэ хүнд хариуцлага тооцох уу? 

-Тэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хэвлэлд өгсөн ярилцлагыг харахад “Албан ёсоор тайлбар авъя” гэсэн учраас өгсөн гэж харж байгаа. Түүнд ямар материал байсан эсэх, ЭЗБХ өөрсдөө шийдээд өгсөн юм уу, УИХ-ын удирдлагуудтай зөвлөлдөөд өгсөн юм уу гэдгийг албан ёсны мэдээлэл алга.

-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэг авсан хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү. Үнэн бол ямар хариуцлага тооцох вэ? 

-Хэвлэлээр ийм мэдээлэл гараад байна. Нэр зарлагдсан зүйл байхгүй байна. Миний хувьд уржигдар хууль хяналтын байгууллагын зарим удирдлагууд руу утасдаж асуусан. Одоогоор иймэрхүү асуудал тогтоогдсон зүйл алга гэдгээ хэлсэн. Албан ёсоор хуулийн байгууллагад ямар нэгэн баримт мэдээлэл очоод шалгагдсан зүйл байхгүй байгаа юм билээ.

-Иргэдэд “Итгэлийн зээл” олгохыг танай намынхан дэмжлээ. Энэ хэр бодит ажил хэрэг болж чадах вэ? 

-УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн бариад Засгийн газарт өгсөн. Ямар арга замаар шийдэх үү гэдгээ Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаараа шийднэ. Эдийн засгийн тооцоолол, ямар эх үүсвэрээс гарах вэ гэдгийг нягталж үзэж байгаа.

-Захиргааны Ерөнхий хуулийг баталлаа. Ингэснээр төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэх зарчим алдагдаж, Засгийн газар дураараа авирлах нөхцлийг бүрдүүллээ? 

-Нийгэмд эмзэглэл байгааг ойлгож байна. Нэг хэсэг хувийн хэвшил хэт туйлширч Захиргааны хэргийн шүүхээ даваад төрөө хэт сул болгосон асуудал байсан. Үүнийг цэгцлэхийн тулд энэ хуулийг гаргахаар өөр арга байгаагүй. Гэхдээ миний харагдаж байгаагаар энэ хуулинд хориг тавигдаж магадгүй нөхцөл байдал байгаа юм билээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих