Ч.Улаан: Цаг агаарын нөхцөл байдал, шатахууны үнийн өсөлт махны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн

36

Махны үнийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч, үнийн савалгаа үүссэн  тухай асуудалолон түмнийг бухимдуулаад байна. Бид энэ асуудлын учир шалтгааныг олж, шуурхай зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг.  Энэ махын хэрэглээг үндсэн гурван сувгаар хангаж байгаа. Нэгдүгээрт, нөөцийн махыг 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Хоёрдугаарт, “Хүчит шонхор” захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлэгдэж байна. Гурвадугаарт, хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байгаа.

Хангамжийн байдлыг шалтгаант их үүсвэрээр нь судалж үзэхэд улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байна. Өдөртөө 30 орчин тонн нөөцийн мах иргэдийн гар дээр очиж байна. Зах зээлийн дундаж ханшаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд урьд өмнө нийлүүлэгдэж байснаас хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн удирдлагуудтай ярилцаж байгаа” гэсэн юм.

Мөн “Махны үнийн асуудалд өдөр тутмын хяналт тавьж ажиллах үүрэг НЗДТГ-аар дамжин хэрэгжиж байгаа. ХХААХҮЯ бол махны үйлдвэрлэлт, нөөцлөлт, хангамжийг тогтвортой байлгах бодлогын асуудлыг хариуцаж ажилладаг” гэв.

Харин “Хүчит шонхор” захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлэгдэж байгаа махны өдөр тутмын нийлүүлэлтийн тухайд, “Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр махны нийлүүлэлтийн байдалд саатал гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн өдүүдэд орон нутгаар цаг агаар хүндэрсэн нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. Мөн шатахууны үнийн өсөлт, гарал үүслийн баталгаажилт хангагдаагүй гэх мэт шалтгаануудаас үүдээд зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн байдал 30-50 хувиар тасалдсан нь махны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн. Үүнтэй холбогдуулан, хэд хэдэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, “Хүчит шонхор” захын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. Өнөөдрөөс нийлүүлэгдэж байгаа махны хэмжээн нэмэгдэж байгаа. Цаашдаа дулааны аргаар боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын зах зээлийн хангамж, нийлүүлэлттэй уялдуулан квоттой болгох асуудлыг журманд нь өөрчлөлт оруулах замаар шийднэ” гэсэн юм.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих