Хотод шилжүүлсэн Нарснууд нь үхээсэй, үхээсэй хэмээсэн хараал

31

Хотоо цэцэрлэгжүүлж, улайссан тогоо шиг Улаанбаатарыг бараг Да хүрээ байх цагаас нь эхэлж мод суулгасан билээ. Яг жинхэнэ дээ 1940 -өөд оноос Төв банкны дэргэд ганц Шинэс мод уулнаас авч ирж суулгаснаар эхэлсэн гэдэг. Алтан тэвшийн хөндийд Туулын бургаснаас өөр юм байгаагүйг түүх гэрчилнэ. Дараа нь нийслэлээ тохижуулахсан гэж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар субботник хийж, анхны цэцэрлэгийн суурь тавьж, хэд гурван мод ойгоос авч ирж тарьж, тэгээд л хотын мод таригдаж эхэлсэн. Тэр үед мод үржүүлгийн газар ч гэж байсангүй. Одоо хотыг чимж байгаа Сүхбаатарын, Эрхүүгийн гудамжны том, том Шинэс, 1-р арван жилийн сургуулийн өмнөх Нарсыг уулнаас нэг машин дээр нэг мод, нэг морин тэргэн дээр нэг мод авч ирэх замаар томоор нь авч ирж суулгасан билээ. Хожим Оросоос тарьмал Улиас мод авч ирж суулгаснаар Улиасны эрин үе эхэлсэн.
Хотод байгаа таримал модны 70 гаруй хувь нь Улиас байсан бөгөөд манайхны “Цагаан хөвөн хаядаг мод” хэмээн адлагдсан Улиасаар чимсэн гэж болно. Түүнээс хойш хот тарьмал мод сөөгөөр цэцэрлэгжиж өдий хүрсэн юм. Зүйлийн бүрэлдүүн багатай манай орны хувьд хотдоо шилмүүст мод тарих сонирхол байсан ч мод үржүүлгийн газар ургуулсан том хэмжээний, стандартын гэх 4-ээс дээш өндөртэй Нарс, Гацуур, Шинэс, Хуш зэрэг шилмүүст модтой мод үржүүллгийн газар өнөөдөр ч байхгүй.
Мод үржүүлгийн газарт үрээр үржүүлсэн Нарс, Шинэсхэн зөвхөн ойжуулалтанд хэрэглэх 15-20 см өндөртэй тарьц байгаа бөгөөд тэр нь ойжуулалтанд л хэрэглэдэг стандарт. Хотод бол тийм шилмүүст модны стандарт 4,5 метр өндөртэй байх ёстой. Одоо тийм модтой, Улаанбаатар хотыг нөөцөөр хангах хүчин чадалтай мод үржүүлгийн газар монголд үзээд өгөе гэсэн ч байхгүй.
Гэтэл мод үржүүлгийн газраас аваачээ гэх хүн зөндөө. Мод үржүүлгийн газар бойжуулсан гэх цөөн тооны шилмүүст мод байлаа ч тэр нь үзүүр түрүүгүй, хатангиршсан, өөрөөр хэлбэл хотын шаардлага хангахгүй модны суулгац байна билээ. Хотод тэгэхээр хамгийн сайхан зөв титэмтэй, үзүүрийн нахиа гэмтээгүй, эрүүл мод хэрэгтэй.
Ийм учраас л 20-оод жилийн өмнө ойжуулалт хийж, ойд тариалсан Нарс модыг сийрүүлэх журмаар авч нийслэл хотод шилжүүлэн суулгах ажлыг 2002 оноос зарим нэг газар, тухайлбал 1-р хороолол, Гандан хавьд авч ирж суулгаж эхэлсэн. Түүнийг хийсэн байгууллага нь ч, дүүрэг нь ч анхаарал тавиагүйгээс эрсдэлд орсон нь үнэн. Тэр бол 300-аад модны л тооцоо бий. Дүүргийг ТҮК-үүд хувьчлагдаж, дүүргийн засаг дарга нар ойрхон ойрхон солигдож, нэг нэг рүүгээ буруугаа чихэж, арчлахгүй орхисноос ийм байдал болсоныг би мэднэ.
Харин 2016 оны намраас Хотын дарга болсон Су.Батболд, ерөнхий менежер Т.Гантөмөр нарын үеэс том оврын Нарс мод хотод шилжүүлэх ажил эрчимтэй ч гэх үү хийгдэж эхэлсэн юм. Яг энэ үеэр уулнаас мод авч ирж тарьж үхүүллээ гэдэг яриа давхцан гарч, энэ ерөөсөө буруу, ууландаа л байж байх ёстой хэмээн цахим хуудсаар жиргэж, дуу дуунаа авалцан улайран эсэргүйцэгчид ар араасаа цуварсан. Тэд хэн байв. Яахав урд нь ирээд үхсэн цөөн модны дуулиан намжаагүй байсны дээр том мод авч ирж бидний бизнесийг хаалаа, том мод, тэр тусмаа Нарс мод ургадаггүй юмаа гэх мэдлэггүй хэрнээ Соотон халтарын дүйвээнээр мэдэмхийрэн ажлын сайхан эхлэл рүү шууд зогсоох аян дай эхэлсэн гэж хэлж болно.
Дэлхийн бүх хот, ойгоос, байгалиас, мод үхжүүлгийн игазраас, бас ойжуулсан том модоороо сийрэгжүүлэн хотоо чимдэг нь тогтсон ёс. Та зүгээр л хажуудаа байгаа их Хятад орноор, өчигдөрхөн байгуулагдсан Эрээнээр нэг ороод гар. Тэнд дандаа 2 м-ээс дээш өндөртэй модоор бүрэн ойжуулсан байгаа. Далан хар уулаа ч Өвөрмонголчууд том модоор бүрхсэн. Гэтэл ганц нийслэлээ хаанаас ч хамаагүй аль олигтойг нь авч ирээд ойжуулаад авах гэхээр л болдоггүй болчихоод байгаагийн учир юунд оршиж байнав.
Би нэгэнтээ бичиж байсан. “Жижиг модны том зовлон“ гээд л. Хотод шилмүүст, 1 метр хүрэхгүй жижиг мод олон зуугаар нь авч ирж тарьсан. Тэд бүгд үхсэн. Түүний турхин үзүүрийн нахиа гэмтээд л тэд тахир дутуу мод болон хувирсан. 3 жилийн дараа зайлуулдахаас өөр аргаүй болсон. Үүнийг хэн ч анзаардаггүй.
Би нэг ийм зүйрлэл хэлдэг. Автомашины ослоор 1 жилийн дотор 360 хүн нас баржээ. Тэр гэр бүлийнхэн дотроо, ямар их уй гашуу авч щимширсэн бол доо. Манай хотод үхүүлсэн том мод 300-аад л гэсэн тоо 2016 оноос өмнөх явдал. Тэр бас харуусал дагуулсан нь мэдээж. Гэхдээ жилд 360 хүн автын ослоор нас барж байхад нэг их санаа зовоогүй атлаа, эмнэлэгт хоногт хэд гурваараа бурхан болж, нус нулимс дагуулж байхад санаа зовохгүй атлаа уулнаас мод авч ирж үхүүллээ гэж халагдаж байгаа “Эх орончидтой” санал нэг их нийлэхгүй байгаагаа шууд хэлчихэе. Уулнаас, тэр тусмаа жилд арчилгааны огтлол хийх хаях гэж буй 30.0 мянган га-д байгаа 90.0 сая модноос 1500-2000 мод авах гэсний төлөө, байгаль гэдэг баян хангайгаас зөвхөн хүн ардынхаа төлөөнөө ургасан модыг зүй зохисоор нь шилжүүлж ирээд 1,5 сая хүнтэй хотоо ойжуулах гэж зүтгэсний төлөө яваа хүний буруутгах гэхийн хэрэг юун.
Сайд, гйлгачин хоёр, хоёулаа цэвэр агаараар амьсгалахыг хүсэж байгаа. Том мод тарихыг жадлан эсэргүйцэгч ч та агаараар амьсгалдаг биз дээ.
Би ойн инженер хүн. Манай бүх ойн аж ахуйн инженерүүд ойгоос, бүр том, хамгийн сайхныг хотод, нүдээ олсон газар шилжүүлж ирээд суулгахыг бүгд зөвлөдөг, зөвшөөрдөг.
2016 оны намраас хотод 8095 том оврын Нарс модыг Хялгантын Дүгэрээ, Дух нарснаас 1980-д онд тарималжуулсан ойгоос сийрүүлэх журмаар орон нутгийн байгаль хамгаалахынхан, төрийн байгууллага, засаг даргын тамгын газартай нь зөвшилцөн журмын дагуу хотод шилжүүлэн суулгажээ.
Түүнээс 75 мод эрсдэлд орж солигдсон. Зөвхөн Тасганы овоонд суулгасан 136 модноос, 18 модыг сольсноос машинд дайрагдаж 14 мод булгарч унасныг авсан. Одоо тэр бүгдийг тооцоод дүнг гаргасан чинь хотын хэмжээнд 90 хувийн ургалттай байна. Тэгвэл шилжүүлсэн “том мод 80 хувийн ургалт өгсөн бол хангалттай” гэдэг дэлхийн жишиг байгаа юм. Хэрвээ 80 хувь ургуулсан бол манай хотынхон 1610 мод авч хаях байлаа. Тэгтэл 75 л мод. Бусад нь ургаж байна хөө. Худлаа гэвэл намайг дагаад хотын гудамжаар бүтэн өдөр алхаад тоолоё. Би чамд үхсэн байна уу, амьд байна уу гэдгийг ойн инженер хүний хувьд заагаад өгөе.
Магадгүй жилд 360 хүн автын ослоор амь эрсдэж байгаа бол энэ эмгэнэл. Харин онгоцны ослоор 360 хүн амь үрэгдсэн бол 100 жилийн яриа. Гэтэл 3 жилд 75 том мод үхсэнийг эмгэнэл гэж яриад, огт болохгүй юм хийгээд байгаа юм шиг яриад байгаа нь туйлшрал.
2012-2016 онд нийслэлд 500.0 сая төгрөгөөр нэг наст цэцэг тарьж явсан “Улаанбаатар нийтлэг үйлчилгээниы газар”-ын дарга байсан гэх “ардчилагч” Д.Энхсайхан гэдэг нөхөр том модны 20 хувь нь амьдардаг юм хэмээн мэдэмхийрч, худлаа мэдээлэл цацаад сууж байгааг мод мэддэг бүх хүн зэвүүцэн харлаа. Ингэж хогоор, эсвэл хотын модоор улс төр хийдгээ болих хэрэгтэй. Ер энэ хотын захиргаанд хийсэн өнгөтэй өөдтэй болгоныг сөрөг хүчнийхэн харлуулж яриад байвал бид ямар үр дүнтэйгээр 2020 оныг үзэх болж байна аа. Бараг л “намайг очоод энэ ажлыг зогсоогоод өг” гэж хэллээ. Юу болж байна аа. Ингэж модоор улс төр хийхгүй шүү.
Нэг эмээ хэлж байна гэнэ ээ. Энэ хот чинь модондоо дусал залгачихсан байна, түүнээс нь надад олддогч болоосой гэж… Бид хотынхоо модыг мөн л арчилж тордон ургуулдаг жишгийн дагуу ургалтыг нь идэвхжүүлэгч хэрэглэж байгаа юм. Мод ургуулдаг, амьдралтыг нь тэтгэдэг нарийн арга аль хэдийн хот тохижуулах, цэцэрлэгжүүлэх албанд нэвтэрсэн шүү дээ. Дэлхий дахин модоо үхүүлэхгүйн тулд ийм “дусал” гаргасан байна. Бид модоо ургуулж, таны төлөө үйлчлүүлэх гэж модондоо дусал залгаж байгаа юм. Бас л боль гэх гээд байна уу. Модыг ингэж арчилж байж ургуулдаг юм. Арга ядаад, үхэх гээд байхаар нь ингэж байна гэж битгий бодоорой.
Магадгүй өвчилсөн, ядарсан хүнээ аврах гэж эмчилгээ хийдэг л биз дээ. Дандаа буруу талаас нь харж, шүүмжилж, буруу мессеж хүний тархи толгойнд хаяж байдгаа болох хэрэгтэй. Нэг том мод хэдэн жилийн өмнө үерт унасан чинь гурван талаас нь зургийг нь аваад ингээд хайран мод урсаж байна гээд гаргасан. Мод байтугай хүн урсдаг шүү дээ. Яасан хүний мууд дуртай улс вэ.
Байгальд байгаа ногоон ой хэний төлөө ургасан юм. Зөвхөн хүн ардад зориулагдаж ургасан байгалийн хишиг. Тэр өөрөө урган төлжиж, нөхөн сэлбэгдэж байдаг баялаг. Уул уурхай шиг ухаад авчихаар дуусчихдаг ч баялаг биш. Тэгсэн атлаа байгальдаа хэдэн сая живаагаараа, түймэрт шатаад, эсвэл өт хорхойд идэгдээд хэвтэж байх ёстой эд үү.
Үгүй, тэд бохирдсон хот хүрээ, Улаанбаатар луу, яг л Халхын гол руу дайчлагдсан цэрэг эрс шиг утаатай, униартай, бохирдсон тэр газар руу ирж хүн ардаа хамгаалах цэрэг эрийн ёсоор ирж, эрүүлжүүлэх, хамгаалах, хүчил төрөгчөөр хангах үүргээ биелүүлэх учиртай.
Энхийг сахиулах ажиллагаандаа оролцох ёстой. Гэтэл манай зарим нөхөд хэлж байна аа. Хайран ой тэндээ байсан нь дээр гэж. Дайн болж байгаа газар эх оронч хүүгээ илгээдэг атлаа, бохирдсон хот руугаа тэднийг авахад юу нь болохгүй гэж. Тэд марш, Улаанбаатар руу гэж би хэлмээр байна.
Ирээд тэр “тэр цэрэг эрс” маань эрсдэж магад. Бид эрсдлээс хамгаалж, усалж, арчилж, бордоо хийж, дусал залган насыг нь уртасган арчилж байгаа юм. Гэтэл юу юу гэнэ вэ. “Тэндээ байсан нь дээр, хайран мод” гэнэ үү.
Эх оронд аюул учирч байхад сайхан залуучуудаа, цэрэг эрсээ хайрлахгүй илгээдэг атал бохирдолтой хот руугаа модоо авахгүй, өөр юуг авах ёстой байсан юм. Ингэж л ойлгох хэрэгтэй.
Сайд, гуйлгачих хоёрт аль алинд нь цэвэр агаар хэрэгтэй. Тэр үүргээ гүйцэтгэх л ёстой. Түүнээс биш ойдоо олуулаа, хэдэн тэрбумаараа “тарвалзаад” байж таарахгүй.
“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёророо шатаж явах үедээ
Чин хайрт амрагтаа хэлж үзэээгүй үгээ
Чинийхээ төлөө үхнэ гэж эх орондоо хэлдэг” гэдэг шиг тэр их ой мод маань өнөөдөр Улаанбаатарчуудынхаа эрүүл энхий төлөө, цэвэр агаарын төлөө, утааны эсрэг мордоцгоо гэж би хэлэх байна. Тэр тусмаа нас биенд хүрсэн өндөр өндөр Нарс, Гацуур, Шинэс минь хот руугаа нүүцгээ гэж би хэлнэ.
Одоогоос 57 жилийн өмнө буюу 1962 онд билэгт яруу найрагч Шаравын Сүрэнжав нэгэнтэй “Мод” гэдэг шүлэгтээ:
Аварга моднууд
Амь болсон үндэстэйгээ
Ачаан дээр завилж,
Тэрэг унаж, тэндээс эндээс
Суурин хотод цугларан ирээд
Уяран шуугиж цэцэрлэгт гудамжинд
Уулын мод нүүцгээж байна… гэж бичиж байжээ. Ингэж л хотын одоогийн том том моднуудыг 1950-1970 оны хооронд нүүлгэж хотод ойгоос авч ирсэн гэдгийг дээр хэлсэн.
1.0 га ой 18,0 сая шоометр агаарыг цэвэршүүлдэг юм аа. Тийм учраас Сүхбаатарын талбайн өмнөх 2,5 га цэцэрлэгийг 2005 онд хувийн компанид өгчихсөн байсныг хотын шинэ дарга С.Амарсайхан гэрээг нь цуцаллаа. 3 жилийн өмнөөс ой болгон 600-аад Нарс, Гацуур суулгаж цэцэрлэгжүүлсэн. Тэр ойнхоо үүргийг биелүүлж,одоо хотоо цэвэршүүлэх ажилд оролцож байна.
Нэг том мод хэдэн жилийн өмнө үерт унасан чинь гурван талаас нь зургийг нь аваад ингээд хайран мод урсаж байна гэж халагласан. Мод байтугай хүн урсдаг шүү дээ.
Та санана даа, бид Хотын захиргааны үүдэнд 33 нарс мод 2008 оны 7-р сарын 7-нд авч ирж суулгасныг. Ингэхдээ шилмүүсийг нь 40 хувь цөөлж байж суулгасан. Мод байгальтайгаа дасан зохицох гэж шилмүүсээ өөрт таарсан ачаалалдаа зохицуулан гөвж, тэгээд л ургана. Түүнийг үхэж байна хэмээн сүр бадруулан ярих нь хэнд хэрэгтэй юм бэ. Хотод сайхан ургасан Явуугийн цэцэрлэг, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг, “Учрал” баримал бүхий скверь, 2-р эмнэлгийн өмнөх хэсэг гээд сайхан ургаж байгаа модыг ингээд “үхэж байна” гээд гарга л даа. Гандангийн шилмүүс нь сийрэгжсэн хэдэн мод өнөөдөр тэдний бай болж байх шиг байна. Ялаа ч үхсэн зэм, өмхий баасан дээр шавдаг билээ.
Дандаа юм шүүмжилж явдаг нэг нөхөрт нисэх онгоц үзүүлсэн чинь хадаас нь жаахан олдож гэдэг шиг шүүмжлэх юмаа олж шүүмжилж баймаарсандаа.
Хотын модыг арчилбал бүгд ургана, арчлахгүй бол том жижиггүй бүгд үхдэг нь байгалийн л хууль.
Хотод шилжүүлсэн том мод энэ 3 жил яагаад ийм өндөр хувьтай, 99 хувь ургаж байна вэ. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр арчилгааг гардан хариуцаж, шаардагдах хөрөнгийг нь гаргаж өгч байгаа учраас л ургаж байгаа юм. Урьд өмнөх шиг авч ирээд арчлахгүй хаячихаагүй юм аа. Бас эд 3 жилийн дараа үхчихнэ гэж бодож байна уу. Тэгж битгий горьдоорой. Үхэж та нарын бахыг хангахгүй. Модыг арчилж байж ургуулдаг гэдгийн үлгэрийг Т.Гантөмөр дарга харуулсан гэж нэмээд нэг хэлчихэе.

Нийтлэлч Бадрахын Чимэд


URL:

Сэтгэгдэл бичих