“Фэнг шү” С.Ганбаатар Намбарын хүүд өрөө төлж эхэллээ

«Фэнг шү» С.Ганбаатар Намбарын хүүд өрөө төлж эхэллээ. Өнгөрөгч баасан гарагт МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар дүн өвлийн хүйтнээр үнийн хөөрөгдлийн эсрэг ард түмнийг уриалан дуудаж, жагсаал цуглаан зохион байгуулж, 2012 оны сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүллээ.

МАН-аас «Алтан сарнай» өвөртөлж, рейтингээ навс унагасан С.Ганбаатарын хувьд унасан нэр төрөө сэргээх гэсэн оролдлого төдийхөн зүйл болж орхив.

МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар МАН-ын «Алтан сарнай »-н эзнээс татгалзсан бол нэр хүнд нь суга өсөх байлаа. Гэвч МҮЭХ-ны тэргүүн болсноосоо хойш улстөрд орохгүй, ард түмнийхээ төлөө тэмцэх болно хэмээн амлаж байсан амлалтаасаа ухарсан түүнд өнөөдөр ард түмэн итгэл хүлээлгэх эсэх нь тун эргэлзээтэй болж орхилоо. Мэдээж тэр МАН-ын «Алтан сарнай»-г шинэ оны өмнөхөн гардаж аваагүй бол шүү дээ.

Шагнал, магтаалд дуртай тэрбээр ард түмнээсээ нүүр буруулж, иргэдийнхээ төлөө тэмцэж байна хэмээн ярьж, хэлж байсан ч ар хударгаар нь улстөрд хүч үзэх бодол өвөрлөж буй нь сүүлийн үед хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь илэрхий цухалзаад эхэлсэн. Түүний хувьд Үйлдвэрчний эвлэлийн нэр ашиглаж улстөр хийгээд Дархан-Уул аймаг, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж сонгогдохоор санаархаж байна гэсэн мессэж газар авч байна.

Бас зарим нь дээрх жагсаалыг Н.Энхбаярт эртний төлөөсөө төлөх гэж хийлээ гэж хардаад эхэлчихжээ. Өөрөөр хэлбэл 2008 онд МҮЭХ-ны тэргүүнээр С.Ганбаатарыг томилогдоход хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүн нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг. Тийм болохоор ард түмний дуу хоолой болох гэж Сүхбаатарын талбайд хөгшид голдуу хүмүүсийг хөлдөө чирсэн цуглаан хийсэн нь төдийлөн амжилт олсонгүй.

Товчхондоо түүний сонгуулийн сурталчилгааг ард түмэн дэмжсэнгүй. Ард түмнийг цагаан цаас мэтээр төсөөлж, сонгуулийнхаа сурталчилгаанд үнэгүй ашиглах гэсэн МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатарын энэ удаагийн жагсаал амжилт муутай болсон нь МАН-аас «Алтан сарнай» гардаж авсан хийгээд, эртний найздаа өр төлөх, сонгуульд нэр дэвших гэхчилэн уртаас урт жагсаалт дунд толгой эргэсэнтэй нь холбоотой.

Ямартаа л УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин «Шууд» телевизэд өгсөн ярилцлагадаа дээрх жагсаал цуглааныг дэмжээгүй гэдэг байр суурь илэрхийлсэн нь зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтой. Өөрөөр хэлбэл овжин эрхмийн улстөрийн цаад зорилгыг тун гярхай ажигласных биз ээ.

Ийнхүү ирэх сонгуулийн сурталчилгааны нээлтээ ард түмний дэмжлэгээр үнэгүй хийчих гэсэн Фэнг шү ухаанаар тооцоо гаргасан МҮЭХ-ны тэргүүний тэмцэл амжилт олсонгүй. Монголын үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагын нэр хүндийг ашиглаж. өөрийгөө сурталчилж, энд тэнд очиж жагсаал цуглаан байгуулахыг илүүд үзэж, ард түмнээс олсон нэр хүндээ уландаа гишгэж орхилоо.

Нөгөө талаар валют, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлж байгааг илэрхийлж буй нь цаг үеэ олсон жагсаал цуглаан хэдий ч МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сэтэр зүүж улстөрд санаархсан С.Ганбаатарын олон нийтэд өөрийгөө таниулах гэсэн ээлжит нэгэн явуургүй үйлдэл болж хоцрох төлөвтэй.

Тийм ч болохоор энэ удаагийн жагсаалын эхэнд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй хөдөлгөөний төлөөллүүд индрээс үг хэлж, ард түмнийг аж амьдралынхаа төлөө нэгдэхийг, бас тэмцэхийг уриалж, Засгийн газар, УИХ-д шаардах бичиг хүргүүлж байгаа тухай зарлаад үнийн өсөлтийг яаралтай зохицуулахыг шаардсан бичгийг хүлээлгэн өгсөн. Жагсагчид Сүхбаатарын талбайн урд хэсэгт цаг гаруй хугацаанд үзэл бодлоо илэрхийлсний дараа Төрийн ордныг гороолохоор бөөндөө хөдөлж, сүрийг үзүүлсэн ч амжилт олоогүй юм.

Өөрөөр хэлбэл ард түмний хайрыг өөр зорилгоор ашиглах гэсэн «Фэнг шү» С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаа амжилт олсонгүй.

Б.Туяацэцэг
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих