ИЗНН: Нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч 2020 онд сонгуульд оролцоно

6

Улс төрийн намууд Хэнтий аймгийн УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд дөрөвдүгээр сарын 15-ны дотор хүргүүлсэн юм. Тэгвэл СЕХ-ноос ИЗНН-ын хүсэлтийг хүлээн авах боломжгүйгээгээ мэдэгдсэн байна. Учир нь тус нам 2016 оны УИХ-ын сонгуулийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлээгүй гэж СЕХ үзсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Мөн нийгмийн сүлжээнд ИЗНН-ыг Ардчилсан намтай нэгдсэн мэтээр цуурхал тарааж байгаа нь хууль бус зүйл гэж тайлбарласан юм.

ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар “Улс төрийн намуудыг гишүүд, дэмжигчдийн тоогоор нь авч үзвэл өнөөдөр Монгол Улсад МАН, АН, МАХН, ИЗНН гэсэн дөрөвхөн хүчин байгаа. “Өмнө нь 2016 оны сонгуульд ИЗНН-ыг нийслэлд, УИХ-д, хөдөө орон нутагт оруулахгүй шийдвэр гаргаж байсан. Бид бүх шатны шүүх дээр ялаад сонгуульд оролцсон.

Намын тухайн үеийн генсек М.Хүрэлсүх тамга авч яваад өгөөгүй учраас зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй.  Иймд бид АТГ-т хандаж ямар нэгэн санаатай үйлдэл байгаа эсэхийг шалгуулна.  Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ.

ИЗНН улс төрийн бохир зүйлтэй тэмцэхийн тулд улстөрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг бэлэн болгож, нэн яаралтай өргөн барих гэж байгаа.  Мөн Иргэний хяналтын тухай хуулийг баталж, иргэд өөрсдөө төрөө хянадаг болъё. Эдийн засагч, эрдэмтдийг энэ хуулийн төсөлд сайн оролцоосой гэж бодож байгаа.

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна. УИХ, ИТХ-д гарсан хүмүүст мөнгө идэх боломж олгомооргүй байна. Амьтны болон малын гаралтай бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бизнес их байна. Үүнтэй тэмцэж генетикийн нөөцийн тухай хуулийг нэн яаралтай баталснаар дээрх бүтээгдэхүүнүүдийг төрийн хамгаалалтад авч чадна” гэлээ.

ИЗНН 18,500, 21 аймагт намын үүртэй. Дорнод аймаг хамгийн олон иргэдийн хурлын төлөөлөгчтэй ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих