Хүн төрөлхтөн 50 жилийн дотор дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?
Биологийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээний асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн баг сүүлийн 50 жилийн дотор хүний үйл ажиллагаа дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилснийг харуулсан томоохон судалгаа явуулжээ.
Судалгаанд 400 гаруй эрдэмтэн, шинжээч оролцсон байна. Эрдэмтэд гурван жилийн туршид шинжлэх ухааны болон төрийн мэдээллийн эх үүсвэрүүдээс 15000 гаруй мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгааны дүнд одоо нэг сая төрөл зүйлийн амьтан устах аюулд ороод байгаа нь тогтоогдсон бол хуурай газрын ан амьтны тоо толгой 20 хувиар, хоёр нутагтан амьтны тоо толгой 40 хувиар буурчээ. Үүнээс гадна, далайн хөхтөн амьтдын гуравны хоёрт нь бүрэн устаж үгүй болох аюул нүүрлэсэн байна.
Эрдэмтдийн мэдээлж буйгаар, газрын гадаргын гуравны нэгээс илүүг нь, мөн цэвэр усны нөөцийн 75 хувийг хөдөө аж ахуй болон мал аж ахуйд ашиглаж байна. Манай гараг дээр жил бүр 60 орчим тэрбум тонн нөхөн сэргээгддэг болон сэргээгддэггүй нөөц олборлодог ажээ. 1970 оноос хойш хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гурав дахин, мод бэлтгэлийн хэмжээ 45 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн үржил шимтэй хөрсний нийт хэмжээ 50 жилийн дотор 23 хувиар багасжээ. Судлаачид мөн далай, тэнгист жил бүр 300-400 тонн хүнд металл, аж үйлдвэрийн хортой хаягдал хаяж байгаагийн улмаас дэлхийн далай тэнгист нийтдээ 245 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий 400 орчим “үхмэл бүс” бий болсныг тогтоосон байна. Үүнээс гадна, 1992 оноос хойш хотуудын талбай хоёр дахин нэмэгджээ.
Энэ бүхэн 300 сая орчим хүн үер, хар салхи зэрэг гамшигт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхэд хүргэсэн бөгөөд 2050 он гэхэд манай гарагийн хувьд сөрөг нөлөө үзүүлж буй үйл явц зогсохгүй гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Хүн төрөлхтөн “өөрсдийн эдийн засгийн үндсийг, амин тэжээлээ, хүнсний аюулгүй байдлаа болон эрүүл мэндээ” сүйтгэж устгаж байна гэж судалгааг удирдан явуулсан эрдэмтэн Роберт Уотсон ярьжээ. Гэхдээ хэрэв “технологи, эдийн засаг болон үзэл бодол ухагдахууны тогтолцоо, зорилго, үнэт зүйлс зэрэг хүчин зүйлтэй” холбоотой нийгмийн суурь бүтцийг өөрчилбөл энэ үйл явц зогсоно гэж эрдэмтэд үзэж байна.
URL: