Дархан-Уул аймаг шинэ төрөх эмнэлэгтэй болжээ
Дархан хотын ирээдүйн эздийг өлгийдөн авах шинэ төрөх эмнэлэг 5 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ. Уг 50 ортой амаржих газрын барилгын ажлыг Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2018 оны 8 дугаар сараас эхлүүлсэн. Нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг 1972 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө энэхүү амаржих тасаг нь зориулалтын тусдаа байртай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг болон өргөжлөө.
Дархан-Уул аймгийн хэмжээнд жилд 2400 орчим эх төрдөг байна. Мөн Сэлэнгэ аймаг төдийгүй Улаанбаатар хотоос жирэмсэн эхчүүд ирж төрөх нь сүүлийн жилүүдэд ихэссэн талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хэлж байна. Тус төрөх эмнэлгийн барилгыг “Жи Жи Ай” ХХК барьсан бөгөөд орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн кабель, хяналтын камер, дуут хонх зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Аймгийн Засаг дарга С.Насанбат орны асуудлыг дөрвөн сумын удирдлагуудад санал тавьснаар шийдвэрлэсэн байна. Мөн тэрбээр эмнэлгийн бусад тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүд болон аймаг, сумдын дэмжлэгтэйгээр үе шаттайгаар шийдвэрлэж байгаа талаар хэлж байсан юм. Улс үндэстэн бүрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал байдаг. Уг асуудлыг эн тэргүүнд тавьж өнөөдөр 3 давхар 50 ортой байраа ийнхүү ашиглалтад орууллаа.
URL: