ШҮҮХ-ээс ангид ШИЙДВЭР хэнд үйлчлэх вэ

ed4cae0e32c1e3f29c956b47232007ce77a7d95eЗахиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлтийг тойрсон маргаан үргэлжилсээр байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр хоёр тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэсэн заалтыг оруулж өгсөн. Энэ нь “УИХ-аас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр,

УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа” зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар хуулийн хуулийг баталлаа.

Хуулийн төсөл анх өргөн баригдахдаа Засгийн газрын төдийгүй засаг захиргаа байгууллагын шийдвэрийг ч Захиргааны хэргийн шүүхээр хянуулахгүй байхаар өргөн цар хүрээтэй төслийг хууль боловсруулагчид өргөн барьсан байв. Харин хэлэлцүүлгийн үед хуульчдын эсэргүүцсэн санал, гишүүдийн горимын санал давамгайлж, цар хүрээг нь хумьж, зөвхөн Засгийн газрын шийдвэр болоод хоёр үндэслэлийг багтаасан. Гэхдээ  маргаан үүгээр намжаагүй. Учир нь “УИХ-аас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр”-ийг Захиргааны ерөнхий хууль хянахгүй гэдэг заалт өмнө ч байсан гэдгий хуульчид тайлбарлаж байна лээ.

Харин асуудал хоёрдугаарх үндэслэл буюу “УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа”-нд холбогдох шийдвэр дээр төвлөрч байна. Үүнд стратегийн орд, мега төсөл гээд бүгд багтаж байгаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гол үндэслэл нь “Эрдэнэт 49 хувь”-тай холбоотой шийдвэр ч гэж болно. Учир нь УИХ, Засгийн газар өмч, хувьчлалийн зарим асуудлыг эргэж харна гээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээс төрд буцаан авах тогтоол, шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр шүүх дээр унаж, “Эрдэнэт” 100 хувь төрд байгаа юу, 49 хувь нь хувийн хэвшилд хэвээрээ юу гэдэг эргэлзээ олон нийтийн дунд одоо ч байгаа. Хэдийгээр Засгийн газар “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн мэдэлд авч, захирлыг нь улираан томилсон ч “49 хувь”-ийнхны тооцоо дуусаагүй, асуудал үргэлжилж байгаа билээ. Нөгөөтэйгүүр “Жаст”-ын Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг ч төр барагдууллаа гэж мэдээлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц сангаас гарсан татвар төлөгчдийн мөнгийг “Жаст”-ын Батхүүгээс төр хэзээ буцаан авах вэ? гээд асуудал үргэлжилсээр байгаа.

Харин одоо хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой ямар ямар тогтоол шийдвэрүүдийг Засгийн газар гаргах бол. Уг нь хууль буцаж үйлчилдэггүй ч, тогтоол, шийдвэр яаж ч эргэж мэднэ. Тэгээд ч энэ удаагийн Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлтийг хуульчид “ямар нэг эрх ашиг үйлчилсэн” гэж дүгнэж байгаа. Захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй ч ҮХЦ-д очиж, гомдлоо гаргаж болно гэж хууль тогтоогчид тайлбарласан. Гэхдээ ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргалаа гэж бодоход УИХ хүлээж авах эсэхээ шийднэ. УИХ өөрсдийн баталсан хууль, тогтоолоо өндөг шигээ хамгаалсаар ирсэн. Тэр дундаа үнэмлэхүй олонхийн баталсан энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн ч  эрх баригчид баталсан хуулиа цээжээрээ хамгаалан үлдэх нь дамжиггүй, “энд ямар нэг эрх ашиг үйлчилж байгаа” учир. Сөрөг хүчин энэ асуудалд шүүмжлэлтэй, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд ч тусыг эс олно. Учир нь ҮХЦ дүгнэлт хуулийг буцааж сэргээх үндэслэл болохгүй.

Тэгэхээр бүрэн эрхийн хугацааны сүүлийн нэг жилдээ эрх баригчид төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар шүүхээс ангид ямар шийдвэр гаргаж, шийдэлд хүрэхийг таашгүй. Ямартай ч иргэдэд хүртээлтгүй эдийн засгийн өсөлт, өргөн хэрэглээний бараа, тэр дундаа махны үнэ тэнгэрт хадсан энэ үед  эрх баригчдыг төр, түмний төлөө шийдвэр гаргана гэж итгэж гэнэдэхгүй нь лавтай.

shuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих