ТЕГ яагаад таг дуугүй байна вэ?
Оюутолгойн гэрээнүүд, түүний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт алдагдсан “хэрэг” УИХ-д гарлаа. Эрхэм гишүүд танилцаж эхлэх үед нь энэ дүгнэлттэй холбоотой тайлбар Оюутолгойгоос ирж олныг цочирдуулсан.
Гэтэл 2019 оны тавдугаар сарын 3-ны баасан гаригт УИХ-ын ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир 11/4705 дугаар бүхий албан бичгийг “Оюутолгой” ХХК-д явуулжээ.
Тэрээр “…”Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес танаа” хэмээн хаягласан албан бичигтээ “…УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн товч танилцуулгыг үүгээр хүргүүлж байна” гэсэн байна.
Энэ талаарх мэдээлэл нийтэд анх дэлгэгдэхэд Д.Дамба-Очир энэ талаар “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа.
Хариуг нь “Оюутолгой” ХХК-иас даваа гаригт нь буюу 2019 оны тавдугаар сарын 6-нд УИХ-д ирүүлсэн байдаг. Үүний дараа мань эр “…Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. “Оюутолгой” ХХК энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. ЭЗБХ-ны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюутолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэсэн юм.
“Оюутолгой” ХХК-иас манай УИХ-д ирүүлсэн хариу тайлбартаа Ажлын хэсгийн санал дүгнэлтийг нэгбүрчлэн бичиж, ард нь өөрсдийнхөө тайлбарыг “зүүж” явуулсан байна. Тухайлбал, “…Оюутолгой төслийн гэрээг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний санал, Бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр, лабораторийн талаар, баяжмал борлуулах гэрээний талаар, өнөө болон ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн аливаа гэрээнд менежмэнтийн төлбөр тогтоохгүй байх зарчмыг хуульчлах, хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчноос бусад асуудлыг тогтворжуулахгүй байх зохицуулалтын талаар, “Антре гоулд” компанийн лицензийн талаар, нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн талаар, нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан нэхэмжлэн авч буй байдлыг таслан зогсоох талаар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн талаар, зээлийн хүүгийн хязгаарлалтын талаар, ДУББСТ байгуулахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн асуудлыг залруулах арга хэмжээ авах, “Оюутолгой” ХХК-д татварын ачаалал бага байгаа, гэвч татварын маргаан байнга гардаг талаар зэрэг олон “гарчиг” дор тайлбар бичиж ирүүлсэн байна. Товчхондоо, “…Хөрөнгө оруулагч энэхүү дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хамгийн гол нь Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт “Нууц” гэдэг нь тов тодорхой юм. Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс хүртэл нууцын баталгаа өгч гарын үсгээ зурсан байдаг.
Тэгээд ч дээр зарим нэр хаягийг дурдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэн ч харсан хаа хамаагүй тэнэж байх албан бичиг биш болох нь харагдана.
Ингэж нууцтай холбоотой мэдээлэл “албан ёсоор” дамжуулагдсанаас хойш яг арав хонолоо. Дамжуулсан этгээд нь болохоор “..Би биш” гэж нэг гүрийснээ, баригдахаараа “..Энэ бол Улсын нууц биш” гэж тайлбарлаж байна.
Гэвч урьд өмнө УИХ-ын Тамгын газрын зөвлөх залуу, УИХ-ын гишүүний туслах эмэгтэй гээд ийм агуулгатай асуудлаар шүүхээс ял авч байсан. Тэр ч бүү хэл, төрд ажилладаггүй нэгэн хүн гадаадын ЭСЯ-ны ажилтантай уулзсан хэргээр Тагнуулд дуудагдаж, бүр шоронд сууж байсан явдал бий.
Гэтэл ийм ноцтой асуудал үүсчихээд байхад ТЕГ, түүний дарга Д.Гэрэл таг чиг сууж байгаа нь ямар учиртай болохыг хэн ч тайлбарлаж чадахгүй байна.
Яг энэ асуудлаас урьдчилан сэргийлж, “шар шувуу” шиг байх ёстой энэ байгууллагын дуу хоолой, байр суурь одоо хэрэгтэй байна.
Тэд “…Д.Дамба-Очирын “Рио Тинто”-д дүгнэлт дамжуулсан нь зөв”, эсвэл “…Д.Дамба-Очир хууль зөрчсөн” гэдгийн аль нэгийг олон нийтэд хэлэх учиртай юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин
Б.Дамдин-Очир
URL: