Барүто-Макүүчид түрүүлсэн ес дэх гадаад сүмоч

Хацү башёгийн 13 дахь өдөр озэки Барүто шинэ арслан Котошёогикүг ялж, ёкозүна Хакүхо болгар озэки Котоошюүд өвдөг шороодсоноор сүүлийн хоёр өдрийн барилдааны үр дүнгээс үл хамааран Балтийн тэнгисийн орны сүмоч Эзэн хааны цомыг гардах нь тодорхой болсон. Ингэснээр эстони бөх монголчуудын 20 тэмцээнд дараалан түрүүлсэн цувралыг тасалж, дээд зиндаанд магнайлсан гадаадын ес дэх сүмочоор тодорсон юм. Түүнээс өмнө Хаваигаас гаралтай Такамияма, Конишики, Акэбоно, Мүсашимарү, Монголын Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Болгарын Котоошюү нар башёгийн ялагч болсон билээ.

Япон аав нь утсаар баяр хүргэж, ээж нь эхний нислэгээр Токиог зорив

Барүтог Эзэн хааны цомыг гардах болзлоо хангасан тэр өдрөөс 1,4 сая хүн амтай Эстони улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох мэдээ нь энэ болжээ. Монголчууд анх мэргэжлийн сүмод хөл тавьж, Кёкүшюүзан жюүрёо, макүүчид бужигнуулж эхлэн, Асашёорюү Эзэн хааны цомыг гардах үед манайхан хэрхэн хөөрч баясаж байсан, яг л тийм зураглалыг та төсөөлөөрэй. Сэтгүүлчид Барүтогийн ээжийг хоргоож, асуултаар булсан нь тодорхой. “Хүүгээ хэзээ нэгэн цагт түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан” хэмээн баярын нулимс унаган өгүүлсэн 49 настай Тина эхний нислэгээр арлын орныг зорьж, хүүгийнхээ түрүү бөхийн цом гардсан баярт мөчид оролцсон юм. Барүто баярт мөчөө ээжээсээ гадна “япон аав” хэмээн дууддаг Күраэн Казүотой хамгийн түрүүнд хуваалцжээ. Эстонид шөнийн цэнгээний газрын хамгаалагчаар ажилладаг байхад нь Олон улсын сүмо бөхийн холбоонд алба хашдаг энэ эрхэм Барүтог олж харан, Японд хөл тавих үндсийг нь тавьсан гэдэг. Өнгөрөгч оны сүүлчийн тэмцээнийг тун тааруу эхлэхэд нь Казүо-сан Барүто руу утас цохиж “Өвдгөө бага зэрэг нугалж, таазаа доошлуулаад дайралтаа доороос дээш чиглэлтэй хий” хэмээн зөвлөсөн нь анхны түрүүгээ авахад их нөлөө үзүүлснийг эстони озэки өгүүлсэн юм.

“Дахиж түрүүлж байж дараагийн цолны тухай бод”

Барүтог түрүүлэх болзлоо хангахтай зэрэгцэн Японы хэвлэлүүдэд түүнийг ирэх башёд ёкозүна цолны төлөө эхний дайралтаа хийх эсэх тухай хөндөж эхэлсэн. Гэвч Ёкозүнагийн хяналтын зөвлөлийн гишүүн Цүрүта эстони озэкид тун ам муутай байна. Ялангуяа 12 дахь өдрийн барилдаанд шинэ озэки Кисэносатог зайлах мэхээр давсан нь шүүмжлэлийг дэврээжээ. Цүрүта-сан “Уг нь түрүүлсний дараа цолны болзол сонсгох эсэх тухай ярилцдаг. Гэвч ийм барилдаан үзүүлэх юм бол ёкозүна цолны тухай санах ч хэрэггүй. Сүмогийн дээд оргилд гарах гэж тэмүүлж байгаа хүн ялж л байвал болоо гэсэн сэтгэхүйтэй байж болохгүй. Дахиад нэг түрүүлэхийг нь харж байж ёкозүна цолны талаар ярих хэрэгтэй юм байна даа” хэмээн цухалдан өгүүлжээ.

Асашёорюүгийн амжилтыг давтав

Озэки цолтой бөх башёгийн 13 дахь өдөр түрүүлэх болзлоо хангасан ийм амжилтыг 10 жилийн өмнө Асашёорюү аварга үзүүлжээ. 2002 оны Кюүшюү башёд 14 даваатайгаар Эзэн хааны цомыг гардсан “Хөх луу” ёкозүна цолны болзол сонссон дараагийн тэмцээнд мөн ганцхан унаатайгаар тэргүүлж, их сүмогийн 68 дахь их аварга болж байсан билээ. Барүто ийнхүү 68 дахь аваргын озэки цолтой үеийн амжилтыг давтсан бол 69 дэх ёкозүна Хакүхо 2007 оны тавдугаар сард озэки цолтойдоо өвдөг шороодолгүй түрүүлсэн үзүүлэлтэд нь Балтийн хүчтэний хүрэх боломжийг өөрөө тасаллаа. Дашрамд сонирхуулахад нэг башё 15 өдөр үргэлжилдэг болсон 1949 оноос хойш анхны түрүүгээ уналгүйгээр авсан зургаахан сүмоч байдаг бөгөөд хамгийн сүүлд 1994 оны Нагоя башёд Мүсашимарү 15-0 амжилтаар магнайлжээ.

Какүрюү шукуншёгоор шагнуулав

Хакүхо аваргыг унаагүй явахад нь анхны ялагдлыг нь хүлээлгэж, хоёр дахь тэмцээндээ дараалан 10 ялсан Какүрюү шукуншё буюу гарамгай барилдааны шагналыг анх удаа хүртлээ. Олон ялалт байгуулахын зэрэгцээ дээд цолтнуудтай, ялангуяа ёкозүнатай сайн барилдсан бөхөд олгодог энэ шагналыг сүмочид тэр бүр авч чаддаггүй. Сүүлийн жилүүдэд шукуншё авах бөх тодроогүй башё олон байсан ба энэ шагналын эзэн болсон цөөн бөх сүүлд озэки цол хүртсэн байна. Хоёр жилийн өмнөх энэ тэмцээнд Барүто шукуншёгоор шагнуулсан бол түүнээс хойш Кисэносато гурав, Котошёогикү хоёр удаа энэ шагналыг хүртжээ. Бүтэн хоёр жилийн турш гуравхан хүн шукуншё авсан гэсэн үг. Одоо тэд бүгд озэки цолтой болсныг бид мэднэ. Хацү башёд Какүрюүгаас гадна Гагамарү кантошё, Миёгирюү гиношёгийн эзэн болжээ. Арслангийн ангууч зодог тайллаа Өөрөө арслан болж чадаагүй ч озэки цолтнуудын аранга нь болж явсан Точинонада сүмочийн замналдаа цэг тавьж буйгаа башёгийн сүүлчийн өдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Маэгашира цолтон ёкозүнаг унагахад өгдөг кинбоши шагналыг 12 удаа авснаар түүхэнд хоёрдугаарт бичигддэг тэрээр 1996 онд мэргэжлийн сүмочийн гараагаа макүшитагаас эхлэн, таван тэмцээний дараа жюүрёод дэвшиж, улмаар 1997 оны есдүгээр сард комүсүби, 2001 оны харү башёд сэкивакэ цолтой болж байв. Одоогийн макүүчи, жюүрёогийнхноос хамгийн ахмад нь болох Точинонада дээд зиндаанд 81 тэмцээнд барилдсан нь долдугаарт орох амжилт бол макүүчид 1182 барилдаан хийсэн нь наймдугаарт бичигддэг юм. Унадаггүй бөхийн амжилтыг монгол сүмоч тасаллаа энэ шагналыг хүртжээ. Бүтэн хоёр жилийн турш гуравхан хүн шукуншё авсан гэсэн үг. Одоо тэд бүгд озэки цолтой болсныг бид мэднэ. Хацү башёд Какүрюүгаас гадна Гагамарү кантошё, Миёгирюү гиношёгийн эзэн болжээ.

Арслангийн ангууч зодог тайллаа

Өөрөө арслан болж чадаагүй ч озэки цолтнуудын аранга нь болж явсан Точинонада сүмочийн замналдаа цэг тавьж буйгаа башёгийн сүүлчийн өдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Маэгашира цолтон ёкозүнаг унагахад өгдөг кинбоши шагналыг 12 удаа авснаар түүхэнд хоёрдугаарт бичигддэг тэрээр 1996 онд мэргэжлийн сүмочийн гараагаа макүшитагаас эхлэн, таван тэмцээний дараа жюүрёод дэвшиж, улмаар 1997 оны есдүгээр сард комүсүби, 2001 оны харү башёд сэкивакэ цолтой болж байв. Одоогийн макүүчи, жюүрёогийнхноос хамгийн ахмад нь болох Точинонада дээд зиндаанд 81 тэмцээнд барилдсан нь долдугаарт орох амжилт бол макүүчид 1182 барилдаан хийсэн нь наймдугаарт бичигддэг юм.

Унадаггүй бөхийн амжилтыг монгол сүмоч тасаллаа

Мэргэжлийн сүмод хөл тавьснаасаа хойш ялагдаж үзээгүй, энэ амжилтаараа түүхэн дээд амжилтыг шинэчилсэн Сак үмаяма хэмээх бөхийг Монголын сүмоч Сэншё Э.Баярбат уватэнагэ мэхээр орхиж, ялалтын цувралыг нь 27 дээр зогсоолоо. Өвдөг шороодолгүй түрүүлбэл шууд жюүрёод дэвших нь тодорхой байсан Сакүмаяма ийнхүү ялагдал хүлээсэн ч макүшитад долоон даваатай бөх гараагүй тул нэмэлт барилдаанд азаа үзэх боломж олдсон. 6-1 үзүүлэлттэй найман бөх түрүү байрын төлөө өрсөлдөхөд өнөөх Сакүмаяма тэргүүлэн, сэкитори болох боломжоо хадгалж үлдлээ. Лхагва гаригт болох Банцүкэгийн зөвлөлийн хурлаар жюүрёод дэвших бөхчүүдийн нэр тодорхой болох билээ. Ямартай ч унадаггүй бөхийг хазайлгасан Сэншё сэкитори болох болзлоо энэ даваагаараа хангасан юм. Хацү башёд жюүрёод “Коконоэ”-гийн Чиётайрюү, санданмэд “Садогатакэ”-гийн Котокавазү, жониданд “Оитэказэ”-гийн Дайшёоко, жонокүчид “Араисо”-гийн Гоши нар түрүүлсэн байна.

ХАЦҮ БАШЁГИЙН ДҮН

Макүүчи

Зүүн                                                  Баруун

ХАКҮХО 12-3      Ёкозүна         -

Барүто 14-1       Озэки           Котошёогикү 8-7

Котоошюү 10-5   Озэки           ХАРҮМАФҮЖИ 11-4

-                         Озэки          Кисэносато 11-4

КАКҮРЮҮ 10-5   Сэкивакэ      Тоёоношима 5-10

Миябияма 3-12    Комүсүби     Вакакоюү 5-10

Такэказэ 4-11       М1              Аминишики 9-6

Окиноүми 4-11      М2            Гоэйдо 6-9

Китатайки 2-13       М3           Такаясү 6-9

Хоомашё 7-8          М4           Точиновака 8-7

Миёгирюү 9-6        М5           Тоёохибики 7-8

Ёшиказэ 9-6          М6           КЁКҮТЭНХО 9-6

Аран 8-7                М7           Аоияма 6-9

Шёохозан 8-7         М8           Точиозан 11-4

Точиношин 10-5      М9           Дайдо 6-9

ТОКИТЭНКҮ 11-4    М10          Гагамарү 12-3

Фүжиазүма 7-8       М11         Саданофүжи 8-7

Ёшиазүма 3-12       М12         Тосаютака 4-11

Чиёнокүни 9-5-1       М13        Тэнкайхо 8-7

Таканояма 6-9          М14         Сагацүкаса 5-10

АСАСЭКИРЮҮ 9-6    М15         КЁКҮШЮҮХО 3-12

Кайсэй 5-10              М16         Нионоүми 5-10

Жюүрёо

ТАМАВАШИ 9-6        Ж1           Хоочияма 8-7

Такарафүжи 10-5       Ж2          Ваканосато 11-4

Икиои 10-5                Ж3          Масүнояма 6-9

Коккай 7-8                Ж4          Цүрүгидакэ 6-9

ШЁОТЭНРО 8-7        Ж5          Кимүраяма 5-10

Токүшёорюү 2-13      Ж6         Такамисакари 7-8

Бүшюүяма 7-8          Ж7          Котоюүки 9-6

Точинонада 3-12       Ж8          Тамаасүка 8-7

Кимиказэ 8-7             Ж9          Оивато 6-9

Асахишё 9-6              Ж10       Масүраүми 6-9

Хокүтокүни 7-7-1         Ж11      Амүрү 10-3-2

Сотайрюү 10-5            Ж12      Токүшинхо 8-7

Китахарима 8-7           Ж13       Чиётайрюү 13-2

Хомарэфүжи 6-9          Ж14      ШИРОНОРЮҮ 5-10

МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ

Макүшита

зүүний 2 Араваши (Ханакаго) Э.Дөлгөөн 4-3

барууны 3 Сэншё (Шикихидэ) Э.Баярбат 5-2

барууны 9 Азүмарюү (Таманои) С.Тодбилэг 4-3

барууны 12 Кагамио (Кагамияма) Б.Нанжид 3-4

барууны 14 Рюүонами (Тацүнами) Б.Баттөгс 3-4

зүүний 16 Ониараши (Асахияма) Ө.Өлзийжаргал 4-3

зүүний 17 Таканоива (Таканохана) А.Баасандорж 5-2

барууны 18 Рюүо (Миягино) Э.Санчирболд 1-6

зүүний 23 Сакигакэ (Ханарэгома) Я.Баттүшиг 4-3

зүүний 36 Сэйро (Шикорояма) А.Өнөболд 5-2

зүүний 56 Аратоши (Ирүмагава) В.Цэрэндорж 5-2

зүүний 58 Вакамишё (Магаки) Г.Ган-Эрдэнэ 5-2

барууны 58 Тайка (Шикихидэ) С.Шаравнямбуу 2-5

Санданмэ

зүүний 4 Тоорүгава (Минэзаки) Д.Ууганбаатар 4-3

зүүний 9 Хошизакүра (Хаккакү) М.Алтангэрэл 3-4

барууны 17 Дайонами (Тацүнами) Б.Ууганбаяр 4-3

зүүний 23 Чиёшёома (Коконоэ) Г.Мөнхсайхан 6-1

Жонидан

зүүний 38 Такакасүга (Касүгаяма) Э.Энхманлай 5-2

Ж.БАТМӨНХ


URL:

Сэтгэгдэл бичих