Эцэг эхчүүд санаачлагаараа мөнгө цуглуулахыг таслан зогсоох хэрэгтэй
Авлигатай тэмцэх газарт нэр бүхий иргэнээс “Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн үсэглэлийн баярыг тэмдэглэх зорилгоор хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөг татсан. 1 дүгээр ангийн багш нар доод тал нь 200 мянга, дээд тал нь сая хүртэл төгрөг авсан. Энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулжээ.
Тус сургуулийн 1 дүгээр анги нь 5 бүлэгтэй бөгөөд тэдгээрийн анги удирдсан багш болон эцэг, эхийн зөвлөлийн гишүүдээс тайлбар авахад эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хураан авсан байна.
Ингэхдээ эцэг, эхчүүдтэй тус бүрт нь уулзаж гарын үсэг зуруулалгүйгээр мөнгө авсан, нийт 740 мянган төгрөг цуглуулсан, багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Цэцгийн баглаан дунд мөнгөө хавчуулж өгсөн гэдгээ эцэг, эхийн зөвлөлийн дарга Б хэлсэн байна. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш А авалгүй тэр даруй буцаасан байв.
Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон бөгөөд уг тушаалыг нийт эцэг, эхчүүдэд танилцуулж анхааруулжээ. Захирлын тушаалд заасан үүргийг тус сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоогоод байна.
Гэтэл эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгч байгаа нь боловсролын салбарт тогтоон мөрдүүлж байгаа хууль, дүрэм журмаас гажсан үйлдэл юм. Энэ мэт эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар мөнгө татаж байгаа үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй хандан гомдол, мэдээллээ ирүүлэхийг нийт эцэг, эхчүүдээс хүсэж байна.
Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэлийн гаргасан дээрх шийдвэрийг бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: