Л.Жавзмаа: Миний хүү О.Содномдаржаа С.Зоригийг алаагүй, хэрэг гарсан тэр өдөр хөдөө хадлан татах ажил хийж байсан

3682

Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны хэрэгт холбогдон шүүхээс ялын дээд хэмжээ авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхний ярьж хэлж байсан зүйлсийг та бүхэнд толилуулая.

Шүүгдэгч Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Өнөөдөр энд миний хэлэх гэж байгаа зүйл бол Монгол улсын хууль, шүүхийн байгууллага жирийн хүнийг хилс хэрэгт гүтгэж, ял үүрүүлдэгийг бодит баримтаар та бүхэнд үнэнэ мөнөөр нь хэлэхийг хүсч байна. Та бүхэн бүгдээрээ С.Зоригийн шүүх хурлыг харцгаасан байх. Бүх юм хаалттай,нууц байдалтай болж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гэрч, захиалагчгүй ийм л  шүүх хурал болсон. Бид нар энэ шүүх хурлыг хараад үнэхээр их гайхсан. Цорын ганц гэрч Д.Булганыг энэ шүүх хуралд оролцуулаагүй. Ийм шүүх хурал байдаг юм уу? Миний үзэж байгаагаар  Д.Булган “Энэ хүмүүс С.Зоригийг алсан хүмүүс биш”   гэж хэлсэн учраас уг шүүх хуралд оролцуулаагүй гэж үзэж байгаа, хэрвээ мөн гэсэн юм бол яагаад тэр шүүх хуралд оролцуулаагүй юм бэ? Бас шүүгдэгчдийг энэ хэрэгт холбогдуулж  Эрдэнэт хотод  гэмт хэргээ нуун далдлах зорилготойгоор 4 хүнийг шатааж алсан гэж гүтгэсэн. Тэгвэл тухайн үед Эрдэнэт хотын цагдаагийн газраас энэ хэрийг шалгаад гал түймрийн улмаас хүний амь эрсэдсэн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Одоо миний гарт тэр дүгнэлтийнх нь “нотломж” бичиг байна. Өөрөөр хэлбэл анхнаасаа энэ хэргийг хэн нэгэнд үүрүүлж, бушуухан дуусгах сонирхол хэн нэгэнд байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Бидний хувьд дараачийн давж заалдах шүүх хурлыг ил тод нээлттэй хийлгэж өгөөчээ гэж хүсч байгаа.

Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: Миний хүү тэр үед 22 настай байсан. Тухайн үед тэр хэрэг гардаг өдөр Эрдэнэтэд хувийнхаа фермерийн аж ахуйд зун хадсан өвсөө татах ажил хийж байсан. Би хажууд нь байсных нь хувьд үүнийг гэрчилнэ.Тагнуулынхан манай хүү  болон тэр хүүхдүүдэд “Бид нарын хэл гэснийг заавал хэлээрэй” гэдэг  юм билээ. Манай хүү тэр байцаалтан дээр бүх юмаа  үнэн зөвөөр хэлсэн байхад тэд нар тэрнийг нь хавтас хэрэгт нь ерөөсөө оруулаагүй. Та бүхэн тухайн үед орон даяар гаргаж байсан хэрэгтнүүдийн ам зургыг  харсан байх. Тэр зурган дээр хэрэгтэн 160 см өндөр нуруутай, тийм ийм шинж тэмдэгтэй гэсэн байдаг.Харин манай хүү 180 см өндөр шал өөр царайтай, тэр зурган дээрхээс шал өөр хүн. Тухайн үед тийм бага балчир байсан хүүхдүүд С.Зориг агсны гэрт очоод хүн алах уу? Бид нарын хувьд тагнуулынхан болон хууль шүүхийн байгууллага хоорондоо хуйвалдаж, гэмгүй хүнийг  гүтгэж байна гэж үзэж байна. Одоо захиалагчийг нь олно гээд явж байгаа гэсэн. Магадгүй тэд бараг гудамжнаас  захиалагчийг нь олоод тодруулчих байлгүй дээ гэж бодож байна. Би хөл хүрэх газар явж, энэ асуудлын үнэн мөнийг олно. Олон улсын хуулийн байгууллагад хандана.Тэр анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгуулна.

Ц.Амгаланбаатрын өргөмөл эгч М.Гансүрэн: Ц.Амгаланбаатар 1998 онд хот орж ч үзээгүй жоохон хүүхэд байсан. Тэгээд дараа нь 2013 онд хар хувцастай фургонтой хүмүүс ирээд гэрээс нь аваад явсан. Тухайн  үед 16 –хан настай жоохон хүүхэд байсан. Дараа нь өөр хэргээр шоронд орсон. Гэтэл шоронд байсан хүн ийм хэрэгт холбогдчихно гэж байхуу.Тэр тусмаа С.Зоригийг ална гэж байх уу?

Шүүгдэгч Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: Миний охин Т.Чимгээ тухайн үед Дорноговь аймагт нутагтаа гэртээ ээж 3 хүүхэдтэйгээ хамт байсан. Би өөрөө хамт байсан болохоор үүнийг гэрчилж чадна. Миний охин очиж очиж С.Зоригийг ална гэж байхгүй.Үнэхээр их гомдож байна.Миний охиныг манай нутгийхан ч андахгүй сайн мэднэ. Төр засагтаа хандаж хэлэхэд энэ хэргийг үнэн зөвөөр нь ялгаж салгаж, шударгаар шийдэж өгөөсэй гэж хүсмээр байна.

Ж.Батдорж

Эх сурвалж: BOLOD.mn


URL:

Сэтгэгдэл бичих