“Бургер Кинг”-д 80 гаруй хүн хорджээ
Зайсан дахь “Бургер Кинг”-д хордсон нэгэн иргэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн үед гэр бүлийн гурван хүн “Бургер Кинг”-д хоол идсэний дараа хордлогын шинж тэмдэг илэрсэн шалтгаанаар ХӨСҮТ-д хандаад байсан бол энэ тоо нэмэгдсэн байна. Тэнд хэвтэж буй өвчтөний мэдээлж буйгаар “Бургер Кинг”-д 80 гаруй хүн хордсон гэх мэдээлэл байна.
Мөн өдөр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэтсийн байцаагчид тус салбарт шинжилгээ хийж, салбарыг нэг цаг хаасан. Шинжилгээний хариу гарсан эсэх талаар НМХГ-аас тодруулахад “Шинжилгээний хариу гараагүй байна. Хордлоготой холбоотой ямар нэгэн шинэ мэдээлэл ирээгүй” гэсэн тайлбар өглөө.
Харин Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Бургер Кинг”-д хордсон гэх хүн өнгөрсөн шөнө нэмэгдэж ирсэн. Хэчнээн хүн “Бургер Кинг”-д хордсон талаарх мэдээллийг нэгтгэж байна. Цагийн дараа мэдээлэл бэлэн болно. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэсэн юм.
Олон хүн хордсон Зайсан дахь “Бургер Кинг”-ий салбар өнөөдөр ч ажилласаар байгаа юм. Уг нь лабораторийн шинжилгээний хариу 24-72 цагийн дотор гарна гэж дээрх байгууллагууд мэдээлж байсан. Шинжилгээ хийснээс хойш хэдийнэ гурав хонож байгаа ч одоог болтол хариу нь гараагүй байна.
Erennews.mn
URL: