С.Бямбацогтын “Пиар”-чид сайн ажиллаж байна
МАН-аас УИХ-д нэр дэвшсэн С.Бямбацогт гишүүн АН-ын ҮЗХ-ны хуралд сууж байгаад хөөгдөж гарсан юм. Тэрбээр хамгийн арын суудалд нуугдан сууж байсан ч АН-ын дарга олж хараад “тэр хойно МАН-ын гишүүн С.Бямбацогт сууж байна” хэмээн илрүүлж түүнийг гаргасан гэдэг. Эвгүй байдалд орсон энэ үйлдлээ өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар эвтэйхэн аргалж дөнгөлөө. УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Анх Засгийн газар байгуулагдаж байхад хөөсөн ч гарахгүй гэж Н.Алтанхуяг дарга та хэлж байсан. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны үеэр таниас үүнийг асуух гэж байгаад чадаагүй. Одоо асууя. Яагаад гэв гэнэт гарахаар болсон бэ.
Бид та нарыг хөөгөөгүй шүү дээ” хэмээн нуугдан суусан шалтгаанаа тайлбарлав. Асуултын хариуд “Наалдан падаар наасан юм шиг байна гэж байхгүй. Хамтраад олон зүйл хийсэн. Нэгнийгээ гоочлоод байх зүйлгүй” хэмээн АН-ын дарга уурлаж харагдана лээ. Гэхдээ түүнийг АН-ын ҮЗХ-д өөр бодолтой суусан гэдэг юм байна лээ. Өөрийнхөө “пиар” хийх хүмүүсийг нэлээд өндөр үнээр цалинжуулдаг бөгөөд тэр хүмүүс нь АН-ын ҮЗХ-ны хуралд суу гэж зөвлөсөн талаар “бор шувуу” нисэж байна. Хэзээ ч хаана ч асуух болох асуултын төлөө эсрэг намынхаа хуралд нуугдан суух тэнэг бодол байхгүй л болов уу. Өндөр үнэтэй “пиар”-чид нь ямартай ч ажлаа сайн хийдэг бололтой.
Б.БАЛЖИР
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: