Түргэн хоолноос татгалзъя

түргэн-хоол_bСүүлийн хоёр сарын хугацаанд түргэн хоолноос татгалзах хангалттай шалтгаанууд илэрлээ. KFC-ийн Зайсан дахь салбараас хоол идсэн хүмүүс хэдэн арваараа хордлого авч, 40 орчим нь эмнэлэгт хэвтэхдээ тулсан. Харамсалтай нь энэ хордлогын гол шалтгаан нь хоёр тогооч болоод үлдэв. Цусан суулгын нян тээгч хоёр тогооч энэ хордлогыг тараасан буруутан болсноор KFC аврагдлаа. Цусан суулгын оноштой эмнэлэгт очсон 40 орчим хүн өвчин үүсгэгч нян тээгч болох эрсдэлтэй. Дутуу эмчлүүлсэн тохиолдолд өөрөө өвдөхгүй ч бусдыг өмчлүүлнэ гэсэн. Энэ бол эрүүл мэндийн маш их эрсдэл.

Үүний дараа KFC-д хоол идсэн хүмүүс хордлого авсан гэх гомдол тасарсангүй. KFC сүлжээ ч, мэргэжлийн хяналтын байгууллага нь  энэ гомдолд дөжирсөн бололтой, тоохгүй өнгөрөөсөөр байна.

KFC-ийн араас Бургер Кинг иргэдийг хордуулжээ. Энэ сарын 7-ны өдөр “Бургер Кинг”-ийн Хан-Уул дүүрэгт байрлах салбарт хоол идсэн гурван хүн хордлого авч, ХӨСҮТ-д эмчлүүлж  буй. Тэд хордлогын шинжтэй, цусан суулга гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа гэнэ. Харин хордлого гарсан тус салбарын үйл ажиллагааг зогсоогоод байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. Тус салбараас 32 төрлийн шинжилгээний дээж авч, лабораторид хүргүүлсэн байна. Одоогоор хариу нь гараагүй байгаа аж.

Энэ удаа шинжилгээний хариу хэн нэгэн тогооч нь цусан суулгын нян тээгч гэж гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад эмгэнэл илэрхийлэхээс өөр аргагүй. Шинжилж байна гэх удаан хугацааны дараах хариу олон олон иргэний амь нас, эрүүл мэндтэй холбоотой гэдгийг мэргэжлийн байгууллагынхан андахгүй мэдэж буй биз.

Энэ хоёр шалтгаан түргэн хоолноос татгалзах хангалттай үндэслэл мөн. Сүлжээ болон өргөжсөн түргэн хоолны газрууд цаашид ч иргэдийн амь нас, эрүүл мэндэд ямар эрсдэл  учруулж болохыг таах боломжгүй. Хамгийн ойлгомжтой зүйл нь дэлхийн улс орнуудын иргэд түргэн хоолноос татгалзаж эхэлсэн. Хамгийн наад зах нь л асар их хэмжээгээр таргалуулдаг, зүрх судасны  өвчин, чихрийн шижин өвчин үүсгэдэг. Цаашлаад түргэн хоол хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг чимээгүй хордуулагчдын тоонд бичигдсэн учраас хүмүүс эрүүл мэндээ, амь насаа хамгаалахаар энэ хүнснээс татгалзаж эхэлжээ.

Харин бид тансаг хэрэглээндээ оруулчихсан. Хүүхдийнхээ төрсөн өдрийг түргэн хоолны газарт очиж тэмдэглэдэг. Гэр бүлээрээ оройн хоол идэхдээ тэнд очиж, амарчилдаг. Ямар нэг баяр ёслолоор түргэн хоол захиалж, иддэг. Тэгэхдээ багагүй хэмжээний мөнгө ч зарцуулна. Халаасаа сэгсрэн байж хор худалдаж авахаа л болъё.

 Түргэн хоолны хор хохирлын тухай та захын сайтаас уншиж болно. Тэнд таныг зоосоороо зовлон худалдан авч буй тухай бичсэн байх болно. Тухайлбал:

Түргэн хоолыг тогтмол хэрэглэх нь таргалах гол үндэс болдог. Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийдэг.

Түргэн хоол тогтмол идсэнээр тархинд хэт их ачаалал өгч, Альцхеймерын өвчин тусах магадлал өндөртэй.

Таны идэж буй махны ердөө 36 хувь нь л жинхэнэ мах үлдсэн хувь нь элдэв нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Мэдээж энэ нь хүний биед тус болохгүй нь лавтай.

Таны идэж байгаа түргэн хоолны дөрөвний нэг нь амт оруулагч байдаг гэдгийг мэдэх үү?

Бидний идэж хэрэглэдэг түргэн хоол нь өдөрт авах ёстой калорийн хэмжээнээс 3 дахин их байдаг.

Энэ бүхэн түргэн хоол таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаагийн наад захын, энгийн үр дагавар. Хааяадаа иддэг гэж өөрийгөө тайвшруулах хэрэггүй. Таныг удаанаар үхэлд хүргэх түмэн шалтгаан түргэн хоолонд нуугдаж буй.


URL:

Сэтгэгдэл бичих