Улс төр яах вэ, ууцны үнэ хэд хүрэв?
Монголын төр хариуцлагагүй этгээдэд ухамсрын шанаа өгөхөөр буруутны эрэлд мордож, шатахууны үнэ огцом өссөнөөс болоод өдөр тутмын хэрэглээний зардал, өмсөх зүүх бүхний үнэ тэнгэрт хадан, хөлс, хүчээ дуслуулж байж олсон орлого нь зарлагаа дийлэхээ больсонд өөрийн эрхгүй бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгууллаа. Сав хийвэл үнээ өсгөдөг шатахуун импортлогчдын үйлдлийг тэвчээртэйгээр өнгөрүүлдэг байсан монголчууд энэ удаад хэн нэгэн иргэний хөдөлгөөний удирдагч, эсвэл улстөрчид болоод улс төрийн намынхны хатгалга, тухиралтаар биш сэтгэлийн дуудлагаараа нэг өдөр, нэг цагт жагсаал хийх болсон шалтгаан нь өдрөөс өдөрт туйлдуулж байгаа үнийн дарамт байв.
Байсхийгээд л элдэв шалтаг тоочин иргэдийнхээ халаас руу эрээ цээргүй гар дүрдэг импортлогчдын өмнөөс энэ удаад буруутныг тодруулахаар Монголын улстөрчид Шерлок Холмсын дүрд тоглоцгоож, Засгийн газар ажлаа хийж чадаагүй гэх агентлагийн хэдэн дарга нарыг толгой дараалан “сэлэмдэв”. Бас зарим нь “би, чи” буруутай гэж буруугаа хэн нэгэн рүүгээ чихэхийг оролдож байна. Яг үнэндээ, шатахууны үнийн өсөлтөд Монголбанк уу эсвэл Газрын тосны газар бүр цаашлаад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэн ч буруутай байсан өнөөдрийн хувьд олон нийтэд тийм хэрэгтэй мэдээлэл биш болжээ. Хэн нэгэн шударга ариуны дүрд тоглож, өөрсдийнхөө утсан чинээ улаан амиа хэрхэн хоохойлохыг харах инээдэмтэй байгаа болохоос өрөвдөлтэй харагдаж чадахгүй байгаа шалтгаан нь үнийн дарамт юм.
Үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн үү, нэмсэн. Тэднийг хянаж, хариуцлага тооцсон уу, тооцсон. Ингээд л болоо юу. Хэн нэгнийг халж солилоо гээд асуудал намжих нь юу л бол . Үгсэн хуйвалдсан нь баримттайгаар нотлогдчихоод байхад өнөөдрийг хүртэл импортлогчид шатахууныхаа үнийг бууруулахгүй байгаагийн цаад шалтгаан нь тэгвэл юу юм бол. Тэр нь эрхбаригчдад хэрэгтэй биш бол харин энгийн иргэдэд хамгийн чухал байна.
Хувь хүний хэтэвч, айл өрхийн хэрэглээ, улсын зардал, бүхий л зүйл өсөлтөөр хэмжигдэж, орлого нь зарлагаа дийлэхээ хэдийн больчихоод, цалингаас цалингийн хооронд хуруу хумсаа хуйхлан байж амьдарч байгаа хүмүүст эдийн засгийн өсөлтийг 17,3 хувьд хүрсэн хийгээд Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан нь ямар хэрэгтэй юм бэ. Эдийн засгийн өсөлт болон, экспортын хэмжээ, импортын зардлын тайлан, улсын төсвийн урсгал орлого, зарлагаас илүү Засгийн газраас хэрэгжүүлэхээр амалсан зуун мянган айлын орон сууц хөтөлбөр, зургаан хувьтай зээлийг иргэд хүлээж байна. Тэдэд Ардчилсан нам засагт байна уу үгүй юу, МАНын сайд нарыг томилох уу үгүй чухал биш. Хийх ажилтай, авдаг цалин нь амьдралд хүрэлцээтэй, ажилгүйдэл буурч, ядуурал нэмэгдэхгүй л байвал хэн сайд болох хэнд сонин юм бэ.
ДНБ-ий хэмжээ 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 10829.7 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4881.4 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээ, Монгол Улс бага орлоготойгоос дунд руу дэвшсэн гэх Сангийн сайд асан С.Баярцогтын чуулганы танхимд хэлсэн үгээс харахад эдийн засгийн энэхүү үсрэнгүй өсөлтийн үр шим хэний халаасыг дүүргэж, хэний халаасыг ховх сороод байгаа нь хэлүүлэлтгүй ойлгомжтой. Инфляци хөрөнгийг ядуугаас нь баян руу хуваарилдаг гэвэл инфляцийн инерцийг бууруулах сонирхол эрх баригчдад байгаа гэж үү. 500 ам.долларын шампанскаар баярын ширээгээ чимэглэж, хоёр өрөө байрны үнэтэй “ховор” цагаар гангарч байгаа томчууд үнийн дарамт, инфляцийг хөөрөгдлийг бие сэтгэлээрээ мэдэрч, тэмтэрч байгаа нь юу л бол. Эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулчихсан хүнд өсөлтийн ихэнх хувь нь ноогддог. Харин эрх мэдлийг дагаж хөрөнгөтэй болсон хүнд эдийн засгаас өсөлт л мэдрэгддэг гэнэ лээ.
Ямартаа л УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Жилийн 15-20 хувийн өсөлт өөрөө эрүүл үзэгдэл биш. 100 км,цаг хурдалж буй машин тормозгүй болсонтой л адил” хэмээн иргэдийн халаас, өрхийн төсөвт хүрэхгүй байгаа эдийн засгийн өсөлтийг дүгнэх билээ. Тэгэхээр иргэдийн толгойг эргүүлсэн энэ олон тоон үзүүлэлтээ хумь аа, эрхэм улстөрчид өө. Иргэдэд улс төр сонин биш, ууцны үнэ хэд хүрч байгаа нь сонин байна.
Ж.Нямсүрэн
Эх сурвалж: Ардын эрх
URL: