Хөшөө босгох уралдаан

ЗХУ-ын  “агуу удирдагч”  гэгдэж байсан сахал Сталины томоос том  хөшөөг 1990 онд  улсын төв номын сангийн өмнөөс зайлуулж  байсансан. Нэгэн цагт бурхан шиг тахиж явсан тэр хүний хөшөөг буг мэт үзэж, хаях ч газар олдохгүй болсон.  Харин нэг сэргэлэн бизнесмэн  “Исмус” хэмээх шөнийн клубтээ аваачаад тавьчихсан байж билээ.  Сталины хувь заяа тэгээд дууссангүй. Нөгөө газраасаа нүүж одоо өөр хүний мэдэлд шилжсэн юм билээ. Үзмэр болоод үлдвэл бас ч гэж аз таарч байгаа хэрэг. Үгүй бол хэнд ч хэрэггүй хог л болно. Түүнээс гадна В.И.Ленин, Х.Чойбалсангийн хөшөө цагтаа цэцэг, сүү өргүүлж яваагүй юм шиг будаг цацуулж, адлагдаж билээ. Тухайн цаг үедээ “хайрт багш” Ленин биеэ үнэлэгчдийн зогсдог газрын  бэлгэ  тэмдэг болно гэж хэн мэдэх билээ. Цагийн шалгуурыг дааж  чадахааргүй, хүн төрөлхтний, улс орны  бэлгэ тэмдэг, үе үеийн бахархал болж үлдэхгүй ийм  хөшөөнүүдийг ямар хувь тавилан хүлээдгийг дээрх жишээнүүд харуулж байна.

Өнөөдөр манайд тийм хувь тавилантай учрах магадлал бүхий  хөшөөнүүд өдрөөс өдөрт олон болж байна. Хэд алхаад л хэдэн жил төр барьсан, нутгийн зон  олондоо хүндлэгдэж явсан нэг нөхрийн хөшөө таарах аж. Гадны жуулчин ирээд асуухад гавьтай тайлбар олдохгүй тийм л нэр нь үл мэдэгдэх, цаг хугацааны явцад балран алга болох хүн хөшөөнүүд энэ янзаараа нэмэгдээд байвал амьд яваа хүнээсээ олон чулуун хүнээр дүүрсэн улс орон болох нь.  Хэдэн жил өндөр албан тушаалд сууж байгаад нас барсан нөхрийн хөшөөг босгоод байвал алхах гишгэх газар ч багадахаар боллоо.  Энэ цаг үеийнхэн арай гэж мэддэг,  хойч үеийнхэн хог дээр хаях хөшөөнд тийм их мөнгө гаргах ямар хэрэгтэй юм бэ.

Өдөр ирэх тусам хөшөө гэдэг утга алдагдаж эхэлж байна. Хэн мөнгөтэй нэг нь тухайн цаг үеийн алдар хүндтэй хүмүүсийн хөшөөг босгодог болж. Үгүй бол аль нэг нутгийн зөвлөлийн лоббигоор нутгийнхаа алдар нэртэй хүний хөшөөг босгочихож байгаа юм. Аль аймаг, сум хамгийн олон хөшөөтэй болох вэ гэсэн уралдаан зарласан мэт.

Хүний хөшөөнөөс гадна Монголын бүх суманд адууны хөшөө бий. Гайгүй сайн давхидаг, улс,  аймгийн наадамд хэд түрүүлсэн адуу болгон хөшөөтэй, өөрийн гэсэн дуутай болжээ. Тэрний минь адуу, энэний минь хурдан азарга гээд л хөөрч давхиад өнчин хүүхдэд атга чихэр сарвайдаггүй шинэ цагийн зарим хөрөнгөтнүүд адгуусандаа баруун солгойгүй мөнгө цацаж байгаа юм.  Хүнээсээ илүү адуундаа хайртай  байгаа нь энэ. Тиймээс ч цементэн адууны тоо жил ирэх тусам нэмэгдэж  байна.

“Хөшөө тийш очих ардын зам нь балрахгүй” тийм л хөшөөг дэлхийн улс орнууд босгодог. Тоо нь дэндүү цөөн.  Тэр улс орны бахархал имиж, нэрийн хуудас, хүн төрөлхтний оюуны их гайхамшигт суутнуудынхаа хөшөөг сүндэрлүүлж, тийш очих ард түмнийх нь зам байтугай тийшээ тэмүүлэх хүн төрөлхтний зам балардаггүй. Тийм хөшөөнд хэн нэгний ёсчилсноор биш хүмүүс өөрсдөө хүслээрээ цэцэг барин очиж мэхийн ёсолдог.

Хэн нэгний хөшөө гэхээсээ илүү урлагийн гайхамшигт бүтээлүүдээрээ дэлхийн улс орнууд гайхуулдаг.

Төр нийгмийн  зүтгэлтнүүдээ  бүгдийг нь хөшөө болгон хувиргавал юу болох вэ. Үүнийг цэгцлэх цаг болжээ. Тэгэхгүй бол чулуун хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Чулуу хэдий бат бөх ч гэлээ  хэрэггүй үедээ хөл дор хэвтэж л байдаг эд. Өнөөдөр магтагдаж хөшөө болж байгаа ч маргааш луйварчин байсан нь илэрвэл, алуурчин байсан нь мэдэгдвэл хөөрхий хөшөөг Сталин шиг хувь тавилан угтана.

Цагийн шалгуур даахгүй олон хөшөөнүүд  ур хийцийн хувьд ч хоорондоо ялгагдах юмгүй. Давтагдмал шинж нь их. Нэг бол зогсч, үгүй бол сууж байгаа, нэг тийш гараа хандуулсан эсвэл гартаа ном барьсан хэдхэн янзын дүрслэлтэй. Ядаж урлагийн бүтээл талаас нь ч харахад таатай биш хүн хөшөөнүүдийн талаар анзаарч харах цаг болжээ.

Хөшөө дурсгалын талаар ямар нэг хууль бий эсэхийг сонирхож үзлээ. Тусгай зориулалттай газар нутгийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэгт ганц нэг заалт байдаг бололтой юм.

Чулуун хүнд цаг зав, мөнгө хөрөнгө зарахаасаа илүүтэй амьд хүндээ анхаарал хандуулвал хэрэгтэйсэн. Ингэхэд талийгаач болоод хөшөө болох тухай хэн ч  мөрөөддөггүй шүү дээ.

Д.МӨНГӨНДАЛАЙ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих