Хар цас /Найраглал/

3645

….Энэ дайний эхэнг зурвал
Эрх чөлөөний эрлэг болж
Хар өдрийн халуун булшинд
Хасан дээр суусан хэрээ байна
1
Гучуулаа бид гучин ээжтэй
Гучуулаа бид гучин аавтай
Гучуулаа бид гучин нэртэй
Гучуулаа бас гучин гэртэй
Гучуулаа дөчин нэгэн онд
Гучуулаа дөнгөж найман насандаа
Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай
Сургууль руугаа үүрч явсан юм
Тэр цагт, манай нутаг
Тэнгэр цэлмэг нартай байсан ч
Амьтны царайг шөнийн үүл шиг
Алсын дайны сүүдэр дарсан юм
Гучуулаа бид ийм л үед
Гучин шувуу шиг ижилдэн дасаж
Амьдралаараа энэ найраглалын
Анхны мөрийг бичсэн юм даа
Өглөөн нар руу нэгэн цонхтой
Өөрийн нар руу хоёр цонхтой
Гурван цонхоор манай ангид
Гучин дэвтэрт нар тусна
Эх орноо түүгээр үзэж
Энх орчлонг түүгээр хүсэж
Гурван цонх минь тэр ангидаа
Гурван сайхан мэлмий байлаа
Тэгээд ч би түүгээр туссан
Тэргэл нарны сайхан туяанд
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичсэн билээ.

2
Энд монголийн гучин хүүхэд
Энх нарны сайхан туяанд
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичиж байхад
Улаан арми газар дээр
Улаан арми тэнгэр дээр
Улаан арми усан дунд
Улаан арми цусан дунд
Хорвоо ертөнцийн хувь заяаг
Хоёр миллиард хүн ардтай нь
Хойч үе, хожмын маргааштай нь
Хоёрдугаар дайнд үүрч орсон юм.
Орос цэрэг өнөр олуулаа
Ой мод шиг өндийн босож
Бохирч сөхрөх өвдөггүй юм шиг
Босоогоороо үхэж байсан юм
Бод л доо тэр дайны талбарт
Борооны дусал газарт уналгүй
Шивээлсэн жадны үзүүрт бутарч
Шинелийн хормойд хатаж байсан юм
Өвс ногоо тэр газар
Өлмий дороос өндийх завгүй
Хаврын цэцэг зуур хатаж
Халуун зунаар шувуу буцсан юм
Өрнө европыг шир шир хийтэл
Өлмий дороо хэрчиж байсан
Гурав дахь рейхийн төмөр цэргийн
Гутлийн ул улаан байсан юм.
Хар арми, фашистийн арми
Хар үхлээр тугаа тахиж
Дайзтай сумаа амиар солин
Дайсан тэгэхэд давшиж байсан юм
Хад хүртэл хайлж шатсан
Халуун төмрийн үер дунд
Хаалга бүхнийг үхэл балбасан
Харанхуй тэр аймшигт шөнө
Эрсдэн унасан орос цэрэг
Эрэлхэг Брестийн хананд харин
“Эх орныхоо төлөө” гэж
Эцсийн цусаараа бичиж билээ.
3
Эрсдэн унасан орос цэрэг
Эрэлхэг Брестийн ханан дээр
“Эх орныхоо төлөө” гэж
Эцсийн цусаараа бичиж байхад
Анги минь буун дуугүй ч
Алсийн нэгхэн фронт болж
Гучин хонгор зүрхэндээ бид
Гуниг хорсол тээж явлаа
Хар дайн харагдахгүй мөртлөө
Харандаа цаас гараас булааж
Шилэн савтай бэх хуурайлж
Ширээн дээрээс дэвтэр хураалаа
Дайн бас дайралдахгүй мөртөө
Даавуу дээлийн өнгө хуулж
Улаан хүнс, ногоон цайны
Уутыг хүртэл эргүүлж гөвлөө
Хорвоогын өнгө ч хав хар
Хоол унд ч хав хар
Хүнд хэцүү тэр цагт
Хүний сэтэл л цагаан байлаа.
Дэрээ мартан гучин ээж
Дэнгийн гэрэлд нойроо хулжааж
Өлгийн арьсаар бэлгийн бээлий
Өндгөө шивэн оёж суулаа
Адуугаа хураасан гучин аав
Агтныхаа манлайд амгай хүргэлгүй
Хань нөхдөдөө ялалт ерөөн
Хадгаа дэлгэн барьж байлаа
Монгол хүний сэтгэл санаа
Морио хөлөглөн фронтод дайрч
Улаан армийн хадааж байсан
Уриан дунд хангинаж байлаа
Ангийн минь гурван цонх
Арван хоёр нүдтэй байлаа
Арван хоёр шилэн гэгээвчээр
Алтан нар тусдаг байлаа
Наймыг нь тэгтэл дайн хагалж
Наамал мод цаас хадлаа
Дөчин гурван оны нарыг
Дөрөвхөн гэгээвчээр туссан
Тэнгэрийн нарны туяан дээр
Бид мөн гучин дэвтэртэй
“Бид ялна” гэж бичиж билээ.
4
Наймыг нь алдсан дөрвөн гэгээвчээр
Нарнаас олдсон төдхөн туяанд
Биднийг харин гучин дэвтэртээ
“Бид ялна” гэж бичиж байхад
Улаан арми газар дээгүүр
Улаан арми тэнгэр доогуур
Улаан арми усан дээгүүр
Улаан арми урагшаа давшлаа.
Хар армийн савхин гутлын
Ханзархай хоншоор цаашаа харж
Өрнө дорны өргөн фронтоор
Өсгий нь харин гялалзаж байлаа
Оросын гуталчин олон ч гэлээ
Харин тэдний гутлын ханзархайг
Хатгаж суух зав байсангүй
Дайн дайндаа энэ дайнд
Далай бараг буцалсан биш үү
Хорьдугаар зууний бүх төмрөөр
Хоёрдугаар дайн буудсан биш үү
Уулыг тал болтол дайтаж
Улаан арми дайтсан бус уу
Усыг гал ноцтол дайрч
Улаан арми дайтсан бус уу
Хамгаар оросын уудам нутгаас
Харийн дайсныг урсгаж байсан
Уулын тэр их үер дунд
Улсын минь давалгаа байлаа
Оросын тэнгэрээс дайсныг намнасан
Огторуйн түмэн далавчин дунд
Ардын минь овог нэр
Алдрын нэгэн жигүүр байлаа
Дайсныг бүх замаар элдсэн
Дайны их хүрдэн дугуйнд
“Хувьсгалт монгол” танкийн цувааны
Хуягт гинж эргэж байлаа
Дээлтэй хүн тэсэмгүй эулаанд
Дэлтэй сум шиг монгол морьд
Эр цэргийн алтан амийг
Эмээл дээрээ өргөж явлаа
Тэгэвч дайны хамгийн хүндийг
Тэнд хэн үүрч явлаа?
Давших ухрах хоёр замдаа
Дайсан дайсагнаж чухам яалаа
Үнээн, фронтын ганцхан алхам
Үхэл амьдралын гацаа байлаа
Дайзанд байгаа сум бүхэн
Дайсантай солих барьцаа байлаа
Тэнд хүн яаж явсныг
Тэнд хүн яаж зовсныг
Олон жилийн дайн туулсан
Орос цэрэг л сайн мэднэ
Тэгээд ч Брестэд улаан армийн
Тэргүүн анги тэврэлцэн уулзахад
Цэрэг бүхэн нууцаа алдаж
Цэнхэр нүдэндээ нулимстай байсан юм
Тэр шөнөдөө дарга цэрэггүй
Тэмдэглэлийнхээ дэвтрийн дараагийн хуудсанд
Брестийг улаан харандаагаар дугуйлж
Берлин хүртэл улаан сум татсан юм
5
Гучуулаа бид гучин ээжтэйгээ
Гучуулаа бид гучин аавтайгаа
Гучуулаа бид гучин нэрээрээ
Гучуулаа бас гучин гэрээрээ
Гучуулаа дөчин нэгэн оноос
Гучуулаа дөрвөн жилийн турш
Хүчирхэг улаан армитай хамт
Хүний дайсантай тулалдсан юм
Энэ дайн хар дарины
Хав хар цас байлаа
Энэ дайн хас мэсний
Хав хар цас байлаа
Таван сарын есний нарыг
Улаан арми авчраагүй бол
Тас хар энэ цас
Уужим орчлонг дарах байлаа
Ангийн маань гурван цонх
Арван хоёр нүдтэй байлаа
Арван хоёр шилэн гэгээвчээр
Алтан наран тусдаг байлаа
Энэ нь цонхны гэрэлд бид
Эх л нутгаа харж, хайрлаж
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичсэн байтал
Арван хоёр шилэн гэгээвчнээс
Арван нэг нь харанхуй болж
Дөчин таван оны хавар
Дөнгөж ганцхан үлдсэн юм
Үнэндээ түүнийг улаан арми
Үлдээж бидэнд өгөөгүй бол
Хав харанхуй болох байсан юм.
Хар цас булах байсан юм
Тэгээгүйн их заяа түшиж
Тэр ганцхан гэгээвчээр тусаж
Гадаа гэртгүй мишээж байсан
Гал улаан нарны туяанд
Дайсан дарсан цэрэг эр шиг
Дарвисан сэтгэл зэрэг хөөрч
“Бид ялав” гэж бичсэн юм
Бид үнэхээр ч ялсан юм
Ялгуусан баатар зөвлөлтийн армийн
Яруу алдарт ялалтын баярыг
Алсын нэгхэн фронт байсан
Ангидаа бад бас хийсэн юмаа

Төгсгөл
….Энэ дайны эцсийг зурвал
Эвдэрсэн хас уландаа гишгэж
Элгэндээ олон хүүхэд тэвэрсэн
Эрэлхэг улаан цэрэг байлаа.

Дэндэвийн ПҮРЭВДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих