Авлигын хохирол нэмэгджээ
Техник технологи хөгжиж, мэргэжилтнүүдийн арга нарийсаж, дуулиант хэргүүдийн илрэл ихсэж, өгсөнүүд нь айхтар баримт дэлгэж байгаа энэ үед өнөөдөр улаан цагаан дансаараа авлига авах хүн байхгүй. Тиймээс авлига өгч авалцах нь улам нарийсаж, нөхцөл байдал нь ч хүндэрч байгааг хуулийнхан хэлдэг.
Авлигын нөхцөл байдал ямар байна вэ
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст гэхэд өнгөрсөн сард нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан байна. Тэгвэл Мөрдөн шалгах хэлтэс нь тухайн сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 25 гомдол, мэдээлэл буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргажээ. Түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ингээд харахаар тухайн газарт нэг сарын хугацаанд ийм тооны гомдол, хэрэг, мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа юм. Тэгвэл дараах жишээг харъя. Авлигын гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд гэхэд 663.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ хохирлын хэмжээ өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд 50.3 тэрбум төгрөг байсан аж. Тэгвэл 2016 онд бууж, 37.7 тэрбум төгрөг болсон ч 2017 онд 69.5 тэрбум болж өссөн байна. Харин өнгөрсөн онд огцом өсөж дээрх дүнд хүрчээ. Харамсалтай нь, энэхүү хохирлыг төлүүлэх үйл явц төдийлөн сайн байдаггүй байна. Тухайлбал, өнгөрсөн онд мөрдөн байцаалтын явцад 17.4 тэрбумыг л төлүүлсэн байдаг. Ингээд харахаар авлига нэмэгдэж байна.
Авлигын индекс өсөх өөр тайлбарууд
Манай улс авлигаараа тэргүүлсээр байгаа. Тухайлбал, дэлхийн улс орнуудын Авлигын индексийг “Transparense international” байгууллагаас жил бүр гаргадаг. Ингэхдээ 180 орны авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлдог юм. Авлигын индекс 0-100 оноотой ба 0 бол авлига их 100 бол авлигагүй гэсэн үг. Манай улс уг үзүүлэлтээр өнгөрсөн жил 36 оноо авч 103 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд 100 онооноос 37 оноо авч, 180 орноос 93 дугаарт орсон юм. Үүнийг гаргасан олон байгууллагаас манай улсын авилгын индексийг үнэлэхдээ есөн гол үзүүлэлтийг харсан гэсэн тайлбар өгсөн. Тухайлбал, Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ, улс орнуудын эрсдлийн эрэмбэ, Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа, Улс орнуудын хуулийн засаглалын индекс тэргүүтэй материалд тулгуурлан гаргасан гэдэг. Тэгвэл АТГ-ын дарга асан Х.Энхжаргал үүнийг арай өөрөөр тайлбарласан юм. Тэрбээр, “Монгол Улсын авлигын индекс өндөр байгааг тайлбарлахдаа 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөгийг уучилсан явдал нөлөөлсөн хэмээв. Тодруулбал, тэрбээ р “Намайг томилогдсоноос хойшхи хоёр жил арван сарын хугацаанд авлигын индекс эхлээд 72 байснаа 83 болсон. Дараа нь 103 хүрээд энэ жил 93 болж буурч байна. Индекс өсөхөд хамгийн их нөлөөлсөн зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ замбараагүй үрсэн. Тэгээд өнөөхөө 2015 онд өршөөлийн хууль гаргаж өршөөсөн юм. Ингээд 33 их наядыг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагуудад очоод Монгол Улсын нэр тэр чигээрээ пад хар болсон. Энэ өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн. Тиймээс авлигын индекс өссөн байх” гэсэн юм.
Иргэд авлигыг хэрхэн үнэлдэг вэ
Эдийн засгийн нөхцөлд байдлаас үүдэн ажилгүйдэл, ядуурлыг нийгмийн тулгамдсан асуудал гэж үздэг олон нийтэд авлига тийм ч чухал биш. Ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээх нь тэдэнд чухал. Олон нийт авлигыг ийнхүү чухалчлахгүй байх нь авлига өсөх шалтгаан гэдгийг олон улсын байгууллагууд үздэг. Өнөгрсөн онд гаргасан Авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох судалгаагаар энэ нь тодорхой харагджээ. Судалгаанд хамрагдсан иргэд ажилгүйдлийг гол асуудлаар нэрлэсэн байна. Түүнчлэн 18-24, 25-29 насныхан “Авлига”-д хамгийн бага ач холбогдол өгдөг аж. Олон нийт авлигын нөлөөллийг хэрхэн харж байгаа талаар судалгаанд дурдсанаар “Нийгэм, хөдөлмөрийн хамгийн идэвхтэй бүлгүүд болох 30-39, 40-49 насныхан “Авлига”-н хор нөлөөг хамгийн өндөр үнэлсэн. Нөгөөтэйгүүр, залуучууд хувийн амьдрал дахь авлигын нөлөөг хамгийн багаар үнэлсэн. Ажилгүйдэл нь авлигын талаарх ойлголттой урвуу хамааралтай болох нь харагдсан. Ажилгүйдэл нь амьжиргааны түвшин доройтох гол хүчин зүйл болж байгаа. Энэ утгаараа хүн амын ядуу хэсэг авлигатай тэмцэх идэвх сонирхол сул байгааг тайлбарлаж болох юм. Учир нь авлига нийгмийн энэ бүлгийн хувьд нэн тэргүүний асуудал биш юм” гэжээ.
URL: