Гүйлгээнд оруулаад буй Австрали доллар алдаатай хэвлэгджээ

186

Австралийн Төв банк өнгөрөгч оны аравдугаар сард 46 сая ширхэг 50 долларын дэвсгэртийг гүйлгээнд оруулсан билээ.  ”Өндөр нууцлалтай уг дэвсгэртийг ямар ч хэвлэх машин, хувь хүн дуурайлган, хууль бусаар олшруулах боломжгүй” гэж албаныхан мэдэгдэж байв. Шинэ дэвсгэртийн нэг талд Австралийн парламентад сонгогдсон анхны эмэгтэй гишүүн болох Эдит Кованы хөрөг болон түүний хэлсэн хамгийн алдартай ишлэлийг хэвлэжээ.

Нэгэн гярхай иргэн уг дэвсгэрт дээр байх “маш бяцхан” алдааг олж, алдаатай мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулсан болохыг илчилсэн аж.   Эрхэм гишүүний хэлсэн ишлэл дотрох  хариуцлага буюу “responsibility” үгийг  “responsibilty” хэмээн бичиж, “i” үсгийг орхидуулсан байна.

Алдаатай бичигдсэн энэ үг хэтэрхий жижиг бичигдсэн учир зөвхөн томруулдаг шилээр л сайн харах боломжтой аж.  ”Хагас жилийн өмнө гүйлгээнд оруулсан мөнгөн дэвсгэрт алдаатай хэвлэгдсэн болох”-ыг Австралийн Төв банк хүлээн зөвшөөрч, мөнгөн дэвсгэртийг эргүүлэн татах боломжгүй гэх тайлбарыг өгчээ. Мөн дараагийн удаа алдаа гаргахгүй гэдгээ амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих