У.Хүрэлсүх өөрөө үсэрчихэв үү, түүнийг түлхчихэв үү
МАН-ын дүрэмд зааснаар У.Хүрэлсүх намын ерөнхий нарийн бичгийн даргын албаа ирэх сарын эхээр хуралдах Бага хурлын ээлжит хуралдаан дээр хэн нэгэнд “өвлүүлэх” болов уу. Яагаад гэвэл тэр Н.Алтанхуягийн оронд Тэргүүн шадар сайдын албанд очлоо. Сонин санагдаж байна. Засгийн газрын дээрээсээ гуравт эрэмбэлэгддэг албан тушаал түүнд тийм чухал байгаагүй гэдэгт олон хүн итгэхийг хүсч байна. Түүний хувьд Тэргүүн шадар сайдын суудал зүгээр л тоглоом байгаасай гэдэгт итгэхийг олон хүн хүсч байна. Намын генсек гэдэг бол хамгийн товчоор нам гэдэг айлын өдөр тутмын хамаг ажилтай зууралдаж, түүнийг зохицуулж байдаг хамгийн гол хүн. Намынхаа жанжин шугаманд зогсч, бодлогыг зангидаж намын даргаасаа ч том эрх мэдэлтэй байсан хүн яагаад ийм шийдвэр гаргав. Намын хамаг бодлого шийдвэрийг гаргаж байдаг, намын бүрэлдэхүүний цөм сүрэг, уураг тархи болсон Удирдах зөвлөл гэдэг том байгууллагыг У.Хүрэлсүх удирддаг.
Одоо үүнийг байсан гэдэг цаг хугацаан дээр ярих нь зөв байх. Намынхаа хамаг мөнгө санхүү, аж ахуй төсөв хөрөнгийг захиран зарцуулах, намын дарга хүндэтгэх шалтгаанаар суудлаа өгсөн тохиолдолд бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх онцгой эрх ганцхан түүнд л байлаа. Ийм л том албан тушаал болох намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг хэн нэгэнд зүгээр найр тавиагүй байлгүй дээ. Гадуур тархаад хүмүүсийн ам дамжаад байгаа цуу яриа, ажиг сурагаас энд сийрүүлье.
Нэгэн сураг. Сонгууль ойртсон энэ цаг үед намын №2 хүн намын даргынхаа толгойлдог танхимын №3 хүн болж байгаа нь ирэх сонгуульд нэр дэвших гэж буйтай нь холбоотой гэх хүн ч байна. Хэрэв тэр генсек хэвээр үлдсэн бол ирэх сонгуульд нэр дэвшихгүй байсан гэх. У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой томоохон тохиролцоо хийсэн гэх юм билээ. Энэ тохироогоор, сонгуулиар нам ялсан ч, үгүй ч намын даргын албыг У.Хүрэлсүхэд өгөх юм гэнэ. Тэгэхээр Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаар албанаасаа бүрмөсөн чөлөөлөгдөхөөр шийдсэн бололтой юм. Намын даргын суудалд хэл үггүй очихын тулд У.Хүрэлсүх намын даргынхаа зөвлөснөөр Тэргүүн шадар сайд болсон гэх нэгэн таамаг, сураг нь энэ.
Нэгэн сураг. УХүрэлсүх Тэргүүн шадар сайд болон Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хавсран гүйцэтгэнэ. Эрх баригч хүчний удирдлагууд ийм яриатай байгаа гэх. Хэрэв энэ яриа үнэн бол намынхаа дүрмийг тэд уландаа гишгэхээр шийдсэн бололтой. Намынх нь дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гээд тов тодорхой заачихсан. Намын нэг, хоёрдугаар хүний шийдвэрийг үг дуугүй дагах нь гишүүдийнх нь үүрэг болохоор дүрэм мэт бол яршиг л байдаг биз. Тэгвэл У.Хүрэлсүх намаа Тусгаар тогтнолын ордноос бус Төрийн ордноос удирдаж, тус намын сонгуулийн штаб Төрийн ордонд байрлах бололтой юм аа.
Нэгэн сураг. УХүрэлсүх Тэргүүн шадар сайдаар ажиллахаар Төрийн ордон руу нүүдэллэхдээ өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлж, дараагийн Ерөнхий сайд болох алхмаа төвөггүй хийчихлээ гэх. Хэрэв МАН аз болж сонгуульд ялчихвал ялсан намын дарга Ерөнхий сайд болдог зарчмаар шууд ногоон гэрэл аслаа л гэсэн үг. Намын дарга С.Батболд нь ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад ажил, албуудаа өгнө гэдгээ амлачихсан гэдэг үнэн л юм бол У.Хүрэлсүхэд таван сарын визтэй Тэргүүн шадар сайдын суудал төрийн тэргүүнийхээс ч зөөлөн санагдаж байгаа биз ээ. Үүнийг МАН генсекээ Ерөнхий сайдын дамжаанд суулгачихлаа гэж товчхон дүгнэж болно.
Нэгэн сураг. У.Хүрэлсүх ирэх сонгуулийн төлвийг урьдчилан харсан юм байх. Өөрөөр хэлбэл нам нь сонгуульд ялагдал хүлээх прогноз аль хэдийнэ гарчихсан учраас хариуцлагаас өөрийгөө мултлах арга нь генсекийн суудлаа аль болох хурдан өгөх. Тэр намынхаа их хурал дээр “Сонгуульд манай нам ялагдал хүлээвэл хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээх” ам өчиг өгчихсөн. Цөс ихтэй залуу хүний хувьд “Чадна, ялна, дийлнэ” гэж омогшоо биз, тухайн үед. Харин байдал өөрөөр эргэчихээд байгааг чадварлаг, мэдрэмжтэй улстөрчийн хувьд мэдэрсэн учраас ийм сонголтыг хийсэн гэх.
Юутай ч У.Хүрэлсүх намын даргынхаа дор, бусдынхаа дээр байхаар танхимд орж ирлээ. Түүнийг хүндэтгэн ёслох эсэх нь танхимын хэдэн сайдаас л шалтгаална. Ийнхүү Ардчилсан намын даргад зориулан бий болгосон Тэргүүн шадар сайдын суудал урд өмнө байгаагүй зохиомол байдлаар эрх баригч намын генсекийнх боллоо. Харин У.Хүрэлсүх өөрөө үерээд оччихов уу, түүнийг хэн нэгэн тийш нь түлхчихэв үү гэдэг нь л сонин байна.
Б.Оюу
URL: