Засгийн газрын хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтууд: “ЭХЛҮҮЛЭХ НЬ ХИЙХИЙН ТЭН ХАГАС”

15

Засгийн газар хэдхэн хоногийн өмнө Үндэсний музейн томоохон цогцолборыг Их тэнгэрийн аманд барихаар шийдвэрлэв. Ерөнхий сайдын хэлсэнчлэн тэнд нийслэлчүүд очиж амарч зугаалж, музей үзэж, хооллож ундалж амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар болно.  Мөн үндэсний дуу бүжгийн шинэ ордон барина. Засгийн газрын зүгээс дуулдаж буй сүүлийн үеийн сайн мэдээ гэвэл ийм.

Томоохон бүтээн байгуулалтын сураг Монголд бараг л үе дамжин яригддаг. Жишээ нь, Нефть боловсруулах үйлдвэр барих тухай сүүлийн 10 гаруй жил лав ярьсан байх. Бас Улаанбаатар-Дархан чиглэлийн зам авто замын шинэчлэл хэд хэдэн Засгийн газрыг дамжин яригдсан “үлгэр”. Төв цэвэрлэх байгууламж мөн тэрхүү хэрэгждэггүй мөрөөдлийн нэг хэсэг байв. Төмөр зам, Улаанбаатарын утаа,  сайжруулсан түлш… Энэчлэн тоочоод байвал ярьдаг хэрнээ яг цагаа болохоор ажил болж биеждэггүй “Монгол мөрөөдөл” олон бий.

Гэхдээ харин эдгээрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлүүллээ. Эхлүүлсэн байхад учиртай, “эхлэх нь хийхийн тэн хагас” гэж үгтэй шүү дээ.  Сайн ч саар ч Монгол төрийн  бодлогын залгамж чанар гэж бий.  Эхлүүлчихсэн байхад  аль нам нь ч эрх барилаа гэсэн үргэлжлүүлээд  явна. Тэгээд нэг л мэдэхэд хүссэн бүтээн байгуулалтынхаа ард гарна. Логик, учир дараалал нь ингэж явдаг.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг чиглэсэн шүүмжлэл явж л байдаг. Шүүмжлэл бол ажил хэргийн ердийн хэм хэмжээ, сануулга сэрүүлэг. Тэр бүхний хариуд тайлагнаад байх албагүй. Тэртэй тэргүй 2020 оны сонгуулиар иргэд дүн тавина.  Шүүмжлэх нэг  сэжүүр нь олон том ажлыг эхлүүлсэн хэрнээ дуусгаж, үр ашгаа өгч эхэлсэн нь үгүй байна гэх хандлага.  Аливаа бүтээн байгуулалтад цаг хугацаа хэрэгтэй, бас хөрөнгө санхүүгийн боломж гэж бий.  Ерөөс сонгуулийн 4 жилийн хугацаа  томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх төдий хугацаа юм  байна.  Тооцоо судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, экологийн нөлөөлөл гээд  цаг хугацаа шаардсан олон ажил бодит бүтээн байгуулалтын өмнө хийгддэг.

Түүнчлэн Салхит, Асгат, Багануур, Эрдэнэт-н 49 хувь 51 хувийн асуудал, Монголросцветмет гэхчилэн баялагтаа эзэн болох ажлуудыг маш богино хугацаанд хийсэн. Эдгээр ордууд нь стратегийн хэдий ч хууль бусаар хувьд очсон байв.

МАН-ын эрх барьж буй энэ 4 жилийн 1.4 жил нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарт харъяалагдаж байгаа. Тэгэхээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 1.6 жил болж байна гэсэн үг. Энэ хугацаанд тууз хайчилсан хэд хэдэн том бүтээн байгуулалт бий.  Тэдгээрээс хамгийн том  нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Нефть боловсруулах үйлдвэр.  Энэ үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрөгч оны зургадугаар сарын 22-нд тавьсан. Одоо тэнд Сайншандаас Алтанширээ сум руу 27 км төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, мөн сум руу 17,5 км хүнд даацын авто замыг ЗХЖШ- ын …дугаар хорооны дайчид тавьж байна. Монголчууд тэнд өдөрт 3 км төмөр зам барьж байгаа гэх сайхан мэдээ байгаа. Төлөвлөгөө ёсоор энэ оны 11 р сарын 1 нд хүлээлгэж өгөх ёстой ч тэд 9 р сар гэхэд дуусгана гэсэн товтойгоор тэнд ажил өрнөж байна.  Газрын тосны  үйлдвэрийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ. Энэ шатанд боловсруулах үйлдвэрийн барилгыг барьж эхлэх бөгөөд үйлдвэрийг  бүхэлд нь  2022 онд ашиглалтад оруулах юм.

Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт

 Ийнхүү сонгуулиас сонгуулийн хооронд яригддаг байсан  Нефть боловсруулах үйлдвэр хөрсөн дээрээ бууж,  бодит бүтээн байгуулалтын ажил болж байна.

Энэ засгийн газрын үед шав тавьж эхлүүлсэн хоёр дахь том бүтээн байгуулалт бол Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажил.  Бас л чамгүй олон жил яридаж байгаа асуудал. БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа энэ ажлын нээлт өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр болж одоо бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.  Уг багууламжийг 2020 онд ашиглалтад оруулах бөгөөд  шинэ байгууламж ашиглалтад орсноор хоногт 240 мянган шоо метр ахуйн бохир усыг цэвэршүүлэн  лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх юм.

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн нээлт

 Одоо энэ тавдугаар сард улсын хэмжээний хоёр том бүтээн байгуулалтын төсөл эхлэх гэж байна.  Тэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам болон Улаанбаатар-Дарханы авто замын өргөтгөл.  Энэ хоёр бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө санхүү бэлэн байгаа болохоор ажил тун удахгүй эхэлнэ.

Тавантолгойгоос  Цагаансуварга зэрэг эрдэс баялгийн томоохон ордуудыг дайруулан тавих 440 гаруй км урт  төмөр  замыг дотоодын,  тэр дундаа зэвэгт хүчний байгууллагуудын оролцоотойгоор барих юм.  Энэ ажлыг Эрдэнэс Тавантолгой компанийн 2018 оны ашгаас санхүүжүүлнэ. Төмөр замыг ийнхүү дотоодын ажиллах хүч, хөрөнгө санхүүгийн нөөц боломж дээр тулгуурлаж барьснаар замын нэгж өртөг 2 дахин буурна. Мөн тэнд ажиллах цэргийн албан хаагчид сардаа 2 сая орчим төгрөгийн цалин авах юм.  ҮАБЗ-өөс эхэлж барихыг зөвлөмж болгосон Тавантолгой-Зүүнбаян чиглэийн энэ төмөр зам гадаад дотоод хоёр урсгалд зэрэг холбогдож байгаагаараа стратегийн ач холбогдолтой.

Үүнтэй зэрэгцэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил  ч мөн эхлэх гэж байна. Ийнхүү сүүлийн 20 шахам жил ярьсан төмөр зам  “амилж” ажил хэрэг болж эхэлж байна. Ингэснээр Монгол Улс  жилдээ 60 сая тн  нүүрс экспортлох  боломж бүрдэнэ.  Замаа бариад авсан цагт нүүрсээ гурав дахь хөршид нийлүүлэх бодит боломж бий болно.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам бол Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг. Иргэд сайн мэдэж байгаа.  Монголын хамгийн эрсдэлтэй зам энэ байх.  Одоо үүнийг шинэчлэж, 4 эгнээтэй болгон өргөтгөх юм.  Газар чөлөөлөлтийн ажил дууссан, одоо хэзээ мөдгүй эхэлнэ. Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүллж байгаа. Бас л олон жил яригдсан бөгөөд хэд хэдэн  компани барьж байгуулах тухай баахан шуугиад мартагдсан зам гэвэл энэ.

Энэчлэн аман ярианаас ажил хэрэг болж хэрэгжиж байгаа олон ажил байна.  Хийснийг нь хийснээр,  хийгээгүйг нь хийгээгүйгээр ярих нь зүй. Энэ засгийн газар ямар ч гэсэн эдгээр ажлыг эхлүүллээ, цаашид  нэгэнт эхэлсэн ажлынхаа ард гарахын тулд  хариуцлага санаачлагатай ажиллана гэсэн  итгэл тээн энэ бүхнийг дурдаж байна. Болж бүтэж байгааг нь дэмжээд “ууцыг нь хугалахаас урмаар тэтгээд”  явбал нийгэмд гэгээ гэрэл болж  тусна.

Эрдэнэс Тавантолгой компани сайн ажиллаж байгаа. Гадаад дотоод өр зээлээ дарсан, одоо эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад  олсон ашгаараа хөрөнгө оруулах гэж байна.  Мөн компанийн 30 хувьд IPO гаргах бэлтгэл ажлаа хангаж байна. Эндээс босгосон мөнгөөрөө нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.  Ингэснээр 1990-ээд оноос эхэлсэн Тавантолгойн талаархи монголчуудын мөрөөдөл биеллээ олж,  иргэд газрынхаа баялгаас хувь хүртэх бодит боломж нээгдэнэ.  Мөн уул уурхайгаас олсон ашгаасаа  Баялгийн сан байгуулж, “хадгаламж”-индаа мөнгөтэй, хэрэгтэй цагт гадаадын зээлээр бус “хэтэвчин” дэх мөнгөө зарцуулдаг улс болоход тун ойрхон байна.

Зөвхөн тоймтойхон бүтээн байгуулалт талаас дурдвал ийм байна. Үүнээс гадна хөрөнгө мөнгөөр хэмжиж үл болох шударга ёсны үнэлэмж, төрийн албаны хариуцлага сахилгад чанарын өөрчлөлт орж байгааг  дурдах нь зүй байх. Түүнчлэн Салхит, Асгат, Багануур, Эрдэнэт-н 49 хувь 51 хувийн асуудал, Монголросцветмет гэхчилэн баялагтаа эзэн болох ажлуудыг маш богино хугацаанд хийсэн. Эдгээр ордууд нь стратегийн хэдий ч хууль бусаар хувьд очсон байв. 

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед хийж хэрэгжүүлж буй зарим томоохон бүтээн байгуулалтыг тоймловол:

Улаанбаатарын утаа ба сайжруулсан түлшний үйлдвэр

Улаанбаатарын утаа  бол ужиг сэдэв. Харин энэ Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сард сайжруулсан түлшний үйлдвэр барих шийдвэр гаргасан. Улмаар  тус үйлдвэр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нээлтээ хийж, өдгөө үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Үйлдвэр жилдээ 800 мянган тонн  сайжруулсан түлш үйлдвэрлэх чадалтай бөгөөд ингэснээр Улаанбаатарын  хэрэглэгчдийг бүрэн хангана. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж тооцож байна.  Нийслэлийн хэмжээнд жилд 1,2 сая тн нүүрс түлдэг. Харин сайжруулсан түлш энэ хэрэглээг 2 дахин багасгаж 600 мянга орчим болгох юм. Шатаах түлшний хэмжээ ингэж бодитоор хоёр дахин буурч байгаа болохоор утаа мөн тэр хэмжээгээр багасна гэсэн тооцоо байна.

Тавантолгойн цахилгаан станц:

Олон жил яригдаж байгаа мега төслүүдийн нэг нь  Тавантолгойн цахилгаан станц. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд хоёр тал /Оюутолгой, Монгол Улсын Засгийн газар/гэрээнд гарын үсэг зурсан. Ажил нь 2020 оны нэгдүгээр улиралд ажил нь эхэлж, 2023 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр тохирсон. Шинэ цахилгаан станцыг “Оюутолгой” компани ажиллуулж, станцын дийлэнх хувийг буюу 51 хувийг эзэмшинэ гэсэн тохироотой байгаа. Энэ станц баригдснаар  өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ хангамж нэмэгдэхээс гадна Оюутолгойн  эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангаж, жилдээ 160 сая орчим ам долларын гадагшлах урсгалыг дотооддоо шингээнэ.

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц:

2017 оны зургадугаар сарын 01-нээс ажил нь эхэлсэн 42.3 сая ам.долларын өртөгтэй гүүрэн гарцын ажил 50  шахам хувьтай байна.  Төлөвлөсөн ёсоор  энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах ёстой  ч хугацааг  наанадаж нэг сараар наашлуулахаар зорьж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу их усархаг бороо үргэлжлэн орохгүй бол наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрээ нээнэ.

Налайхын автозам:

2009 оноос эхлэн яригдаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр замыг барихаар болсон ч ахиц гараагүй. Найман жил яригдсаны дараа 2017 онд Засгийн газар дахин шийдвэр гаргаж, 2018 оны гуравдугаар сард ажлыг эхлүүлэхээр болсон ч мөн л хойшилсон. Тэгвэл 20.9 км замын ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Одоо хуучин замыг хуулж үндсэндээ дууссан,  газар  шорооны ажил эхлээд байгаа. Энэ замыг  ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад өгөх шахуу  зорилттой ажиллаж байна.

Налайхын зам ийм болно

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам:

Энэ  төмөр замыг барьж байгуулах тухай 2008 оноос яригдаж эхэлснээс хойш 11 жил болж байна. Харин тус төмөр замын ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх магадлал өндөр байна.  Хэрэв царигийн асуудлыг шийдээд өгвөл МАК компани 45 км урт энэ төмөр замыг хагас жилийн дотор барьж байгуулах  боломжтой гэж байна.  Энэ бүтээн байгуулалт 8,4 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой бөгөөд  Нарийнсухайтын нүүрсийг экспортлох тээврийн асуудлыг шийдвэрлэнэ.

Баянзүрхийн гүүр:

2018 оны тавдугаар сард ажил нь эхэлсэн бөгөөд өдгөө 50 гаруй хувьтай байгаа аж. Тус гүүрийг энэ онд ашиглалтад бүрэн өгнө гэсэн амлалттай байгаа.

Сонсголонгийн гүүрийн өргөтгөл:

Хоёр жилийн өмнө буюу 2017 оны зургадугаар сард ажил нь эхэлсэн. Тус гүүрийн өргөтгөлийн ажил 40 гаруй хувьтай явж байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.

Товчхондоо ийм байна

 М.Нэргүй

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих