Цэргийн ээж Е.Степанова дайнд 9 хүүгээ алдсан гунигт түүх

161

1941-1945 оны аугаа их Эх орны дайн зөвлөлтийн бүхий л айл өрх, хүний амьдралд нөлөөлж зарим нь тэргүүн шугаманд байлдаж, зарим нь ар талд хөдөлмөрлөж, нөгөө зарим нь ах дүү, амраг садан, хүүгээ дайнд үдэж өдөр бүрий фронтын чимээ сонсон хэзээ эргэж ирэх бол хэмээн хүлээн суусан.

Ийм ээжийн нэг бол Украины иргэн жирийн нэгэн ээж Степанова Епистиния Федоровна. Тэрээр өөрөө 1882 онд Кубанид төрсөн юм байна. Тосгоны жирийн эмэгтэй тэрээр мал аж ахуй эрхэлж, тариа тарьж нөхөр Михаил Николаевич Степановтай танилцан 15 хүүхэд төрүүлснээс 9 хүү, нэг охин л өсч торнижээ. Харин 9 хүү нь бүгд дайны улмаас нас барсны 7 нь Эх орны дайнд оролцож яваад амь алдсан байна.

Степановынхны хөвгүүдийн хувь заяа

Түүний хөвгүүд бүгд эх орныхоо төлөө тулалдаж дайнд амь насаа алдсан.

Александр (1901 – 1918). Улаан армид тусалсны төлөө цагаантнууд буудаж алсан.
Николай (1903 – 1963). 1941 оны наймдугаар сард фронтод сайн дураараа явж хүнд шархдаж үүнийхээ улмаас 1963 онд нас барсан.

Василий (1908 – 1943). Германчууд 1943 онд буудан хөнөөсөн
Филипп (1910 – 1945). Байлдаж яваад фашистын хорих лагерьт нас барсан
Федор (1912 – 1939). Халхын голын байлдаанд амь алдсан
Иван (1915 – 1943). 1942 онд германчууд буудан хороосон
Илья (1917 – 1943). Курскийн тулааны үеэр амь үрэгдсэн
Павел (1919 – 1941). Брестийн цайзыг хамгаалахад оролцож яваад сураггүй болсон
Александр (1923 – 1943). Сталинградын тулаанд оролцож яваад амь үрэгдсэн. ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан.

Фронтод явсан хүүхдүүд нь эхлээд өөрсдөө байнга захидал бичиж Степановна бусдын нэгэн адил цэрэг эрсийн гурвалжин захиадл хүлээн авч, охин нь аж ахуйд нь тусалсаар байлаа. Сүүлдээ захидал цөөрсөөр ирэхээ болив. Улмаар аймшигт мэдээтэй албан захидал ээлж дараалан ирж Эх гашуудлын хар алчуураа ч тайлахаа бараг больсон гэдэг.

Фронтод хөвгүүдээ үдсэн Зөвлөлтийн мянга мянган ээжүүдийн л нэг түүний тухай бүр дайны дараа л олон нийт мэдэж “Баатар эх” одон хүртээсэн байна.

Хөвгүүдийн нь тухай ном зохиол ээлж дараалан гарч, тэднийхийг зорьсон сэтгүүлч сурвалжлагчид хөвөрсөөр. Хөвгүүдийн нь тухай, гэр бүлийн нь тухай музей ч байгуулж. Энд нь Иваны шүлгийн дэвтэр, Василийн хийл хөгжим, Александрыг оршуулсан газрын шороо, хүүхдүүдийн нь захидал дэлгээстэй бий.
Энэ алдарт ээжийн тухай баримтат кино ч бий.

Аймшигт дайны гашуун зовлонг биеэр туулсан энэ гайхамшигт ээж ганц охиныхоо хамт Ростов-на-Донд амьдарч байгаад 1969 онд насан өөд болсон байна. Түүнийг оршуулсан газар нь Степановынхны гэр бүлд зориулсан дурсгалын цогцолбор босгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих