Цөмийн гамшгийн тухай олон улсын хуралд манай улсын иргэд оролцжээ
“Цөмийн эрчимгүй дэлхий ертөнцийн төлөө” Yokohama 2012 олон улсын бага хурал болж өнгөрлөө.
Энэхүү бага хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Японы Якохама хотод болсон байна. Уг олон улсын бага хуралд японы жирийн иргэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд болон урлаг соёлын 10 мянган хүн оролцсоноос гадаадын 100 орны төлөөлөгчид байсан аж.
Энэхүү олон улсын бага хурлын үйл ажиллагааг 30 мянган хүн онлайнаар үзэж санал бодлоо солилцжээ.
Манай улсаас ногоон намын гишүүн Л.Сэлэнгэ оролцож “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө”, “Цөмийн эрчим хүчгүй Зүүн Азийн төлөө” салбар хуралдаан дээр “Эрүүл саруул ухаан их дэлхийг сууриас аварна” нэртэй илтгэл тавьжээ.
Мөн энэ бага хурлаар “Цөмийн эрчимгүй дэлхий ертөнцийн төлөө”, “Якохамагийн цамхаг цөмийн эрчим хүчгүй Зүүн Азийн төлөө” 311-ын төлөөлөгчдийн тунхаг гэсэн хоёр баримт бичиг гаргасан байна. Японд гамшиг болсон газар дээр нь очиж танилцаад ирсэн Л.Сэлэнгэ энэхүү хурлын талаар болон цөмийн аюулд үүсч болох эрсдлийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ.
Н.Алтан
URL: