Арнауд Суарат: “Оюутолгой”-н гэрээг оролдвол төсөл нурах эрсдэлтэй

1Screen_Shot_2019-05-08_at_9.21.55_AM_copy-092414-109740325ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДУУДАХ ЭЛЧ НЬ БАЙЖ ЧАДНА

Rio Tinto компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттай ярилцсанаа хүргэе.

Тус компани “Оюу толгой” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнүүдээ дахин шинэчлэх яриа хэлэлцээр хийхгүй гэж тэрбээр ярилцлагынхаа үеэр тодотгосон юм.

-Бид Оюутолгойг тойрсон олон сэдвийг хөндөж, мөн таны байр суурийг сонирхмоор байна. Тухайлбал УИХ-ын Ажлын хэсэг “Оюу толгой” төслийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлтээ гаргаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын байнгын хороонд өргөн барьсан. Та эндээс ямар үр дүн хүлээж байгаа вэ. Энэ талаар Rio Tinto ямар байх суурьтай байна?
-Оюутолгой бол маш гайхалтай төсөл. Тиймээс бид Монголд хөрөнгө оруулж байгаадаа баяртай байдаг. Энэ ажлаа цаашид удаан үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Би одоогоор УИХ-ын нарийвчилсан дүгнэлтийг харж хараахан амжаагүй. Тиймээс нарийвчилсан зүйлс дээр байр сууриа илэрхийлэх боломжгүй. Гэхдээ бид парламентын Ажлын хэсэгтэй бүхий л талаараа хамтран ажилласан. Тэдэнд хэрэгтэй шаардлагатай л бичиг баримтыг манай зүгээс гаргаж өгсөн. Ингэснээр “Оюу толгой” төслийн ач холбогдлыг монголчуудад таниулах боломжтой болсон.

Бид гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрээ дагаж мөрдөх хүсэлтэй байгаа. Эдгээр гэрээ, хэлэлцээр манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс юм.

Гэхдээ хэвлэл мэдээллээр зарим гэрээг цуцлах, дахин хэлэлцээ хийх, илүү сайжруулах өөрчлөх ёстой гэсэн байр сууриуд харагдаж байсан. Энэ явдал тайван бус байдлыг бий болгож байгаа бөгөөд гаднынхан ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Rio tinto, Turquoise Hill ресурсын Төлөөлөн удирдах зөвлөлд болон зээлдэгч нарт энэ нь түгшүүр төрүүлж байна. Бид гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрээ дагаж мөрдөх хүсэлтэй байгаа. Эдгээр гэрээ, хэлэлцээр манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс юм.

Хэрэв суурийг оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй байдаг. Ийм үйл явдал 2013 онд болж байсан. Дахин тийм зүйл битгий болоосой гэж бодож байна. Бид гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлэлцээр хийхгүй. Засгийн газартай хамтрахдаа тэдгээр гэрээний хэрэгжилтийг сайжруулж, “Оюу толгой” төслөөс Монголд ирэх өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

-Улстөрчидтэй зохицож ажиллахад хэцүү байна уу?
-Монголд бизнес эрхэлж явуулахад бусад орноос тийм ч их ялгаа байдаггүй. Бид сонгогдсон хүмүүстэй хамтран ажиллаж хүндэтгэхийг эрмэлздэг. Монголын эдийн засгийн цаашдын төлөвт эерэгээр нөлөөлөх боломжийг эрэлхийлдэг.

БИД УУРХАЙН ТӨСӨЛД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ЧУЛУУН ГАДАРГЫГ ОЛЖ ИЛРҮҮЛСЭН

-Rio Tinto компани өнгөрсөн жил зөвхөн Монголд л гэхэд 308 сая ам.долларын роялти төлсөн. “Оюу толгой” төслийн орон нутагт, Монголд оруулж байгаа хувь нэмэр хэр их байгаа вэ? Маш олон хүн “Оюу толгой” төслийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулдаг. Эрдэнэтийн уурхай дээр тулгуурлаж 100 гаруй мянган оршин суугчтай том хот бий болсон. Тэгвэл Өмнөговьд юу болж байгаа вэ?
-Монголчуудын олонх нь “Оюу толгой”-н хийсэн ажлуудаар бахарддаг байх гэж боддог. Бид ес гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Монголын 900 гаруй ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилладаг. Төслийг хөгжүүлэхэд зориулж байгаа хөрөнгийн 80 хувь нь Монголд зарцуулагддаг. “Оюу толгой” одоогоор Монголын хамгийн том хувийн хэвшлийн оролцоотой төсөл болсон. 17 мянган ажилтантай бөгөөд тэдний 90 хувь нь монголчууд.

2.3 тэрбум ам.долларын татвар, роялтыг төсөл эхэлснээс хойш төлсөн. Энэ бүгдийг харах юм бол “Оюу толгой” Монголын нийгэмд маш том хувь нэмэр оруулж байгаа. Мөн бид орон нутгийн хөгжил, эдийн засагт оруулах хувь нэмрээ хүлээж орон нутагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Бидний хамгийн сүүлд хийсэн хөрөнгө оруулалт бол орон нутагт 640 сурагч 200 гаруй хүүхдэд зориулсан сургууль, цэцэрлэг байгуулсан. Мөн орон нутагт авто зам байгуулсан. Энэ бүгд бидний зүгээс Монгол Улсад оруулж байгаа хувь нэмэр юм.

-“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон тухай ярилцъя гэж бодлоо. Та бүхний энэхүү ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Төслийн явц сайн байгаа. Үндсэндээ ажлын 50 хувь бэлэн болоод байна. Үлдсэн хагасыг гүйцээхийн тулд Засгийн газартай улам сайн хамтран ажиллах нь чухал. Энэ бол цогц төсөл. Үндсэндээ бид газрын гүнд 1.3 км-т Улаанбаатарын төв хэсэгтэй тэнцэхүйц хэмжээтэй уурхай байгуулж байгаа.

Өнөөдөр дэлхий дээр нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олоход амаргүй байгаа.

Энэ том төсөл учраас ямар нэгэн бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Бидний байгуулах уурхайн төсөлд нөлөөлөхүйц чулуун гадаргыг олж илрүүлсэн. Энэ бүгдийг шийдэж уурхайн төлөвлөгөөгөө шинэчлэхээр ажиллаж байна. Тиймээс төсөл ахицтай байгаа бөгөөд цаашид ажлыг урагшлуулах боломжтой хэмээн харж байгаа.

-”Оюу толгой” төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын гэрээг Засгийн газар, “Оюу толгой” компани хооронд байгуулсан. Одоогоор төслийн явц ямар байгааг болон хэр зэрэг санхүүжилт шаардагдах талаар мэдээлэл өгөхгүй юу. Тэр мөнгийг хаанаас босгох вэ?
-Энэ бол Засгийн газартай ойр, түншлэн ажиллаж байгаагийн сайхан жишээ. Засгийн газрын зүгээс цахилгаан станцыг “Тавантолгой”-д түшиглэн байгуулах эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн. Цахилгаан станцыг “Оюу толгой” дээр байгуулах боломж бидэнд байсан. Гэвч Монгол Улсад ашигтай гэдэг утгаар “Тавантолгой”-д түшиглэн байгуулахыг зөвшөөрсөн.

Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд өнгөрсөн онд гарын үсэг зурж байсан. Засгийн газартай хамтран төслийн санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллаж байна. Өнөөдөр дэлхий дээр нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олоход амаргүй байгаа. Засгийн газар цахилгаан станц дээр ажиллах Ажлын хэсэг байгуулсан. Одоогоор хэдий хэмжээний зардал гарахыг мэдэхгүй байна. Бид инженерчлэлийн судалгаа, зураг төслийн ажлуудаа хийж байгаа. Явцын дунд Засгийн газартай мэдээллээ хуваалцах болно.

-Төсөл дээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах болов уу?
-Бид нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан ашиглахаар судалж байгаа. Өмнөговь нутаг нар салхины эрчим хүчний үүсвэрээр баялаг. Энэ нь нүүрснээс гадна сэргээгдэх эх үүсвэр хослуулан ашиглах боломжийг нээж байдаг.

-Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар ярилцлагын төгсгөлд танд дүгнэж хэлэх зүйл байна уу?
-Монголд цаашдаа ч сайн үр дүн харуулан хамтран ажиллахыг хүсэж байна. “Оюу толгой” Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж чадна. Гол нь “Оюу толгой” Монголд өгч байгаа өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллах юм. “Оюу толгой” гаднын хөрөнгө оруулалтыг дуудах элч нь байж чадна.

Т.Элиса

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих