Тавантолгой ба улсын төсөв
Зүүн Цанхи ажиллаад эхэлсэн гэлээ ч Баруун Цанхийн хэлэлцээг алгуурлах аргагүй нөхцөл Тавантолгойд бий боллоо. Үүнд зөвхөн Засгийн газар төдийгүй УИХ ч анхаарал хандуулах учиртай.
Баруун Цанхигүйгээр Тавантолгойд том зураг зурах боломжгүй юм. Тавантолгойн бүсэд төлөвлөсөн дэд бүтэц Баруун Цанхийн хэлэлцээг хүлээн будилж эхлээд байна. Цахилгаан станц, төмөр зам, аж үйлдвэрийн парк, усны хэрэглээ, хот суурингийн бүтээн байгуулалт гээд Тавантолгойн төлөвлөлтөд Баруун Цанхийн хэлэлцээний дүн шууд хамааралтай. Баруун Цанхи яг одоо өмнийн говийн төдийгүй Монгол Улсын хөгжлийн гол зангилаа болон дуншиж байгаа юм.
Мөн 2012 оны төсөвч Баруун Цанхигүйгээр тун ч ойлгомжгүй цаас болон хувирна. Тэнд мөн л гол зангилаа эх үүсвэр, ард нийтээрээ хүлээж байгаа хувьцаа хүртэл булаатай байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хэн ч бай “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг өөрийн болгох боломжтой. Овоо үнэд хүрэх хувьцааны сургаар манайхан бүгд л саятан болсон мэт хөөрцөглөн ирээдүйд олох ашгаа хэдийнэ төлөвлөсөн.
Хөрөнгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь олж авах талаар иргэдэд жилийн өмнөөс анхааруулж байсан. Мөн хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ сая төгрөгөөс давах тухай ярьж байсан. Гэхдээ урьдчилан хүчээр тооцсон эл хувьцааг уг нь одоо л арилжиж эхлэх тухай албаны хүмүүсийн яриа жилийн өмнө хэвлэл мэдээллээр хөвөрсөөр байсан.
Гэтэл Тавантолгойн баруун Цанхид хөрөнгө оруулагч нь тодроогүй байхад хувьцаа арилжих тухай төлөвлөх нь сөрөг үр дагавартай. 55 наснаас дээш өндөр настан, 0-5 настай хүүхдүүдэд Цагаан сараас өмнө Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлж, сая төгрөг тараах нь ээ. Мөн дөрөвдүгээр сарын 1-ний дотор 55 нас хүртэл өндөр настанд, түүнээс доош насныханд сонгуулийн өмнө сая төгрөгөө мөнгөжүүлж авч болох тухай УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэлж байсан.
Энэ яриа олны дунд ч тарсанч биеллээ олох эсэх нь бүрхэг байна. Жил хүлээсэн хүмүүс Цагаан cap болтол, дараа нь сонгууль хүлээх нь ээ.
-Тавантолгойгоос татах төмөр зам энэ онд эхлэх үү?
-Өнгөрсөн онд төрийн түшээдийг хоёр гурав талцуулан маргаан үүсгэн байж шийдвэрлэсэн нэг асуудал нь Тавантолгойгоос татах шинэ төмөр зам. Төмөр замыг өргөн царигаар тавих болсноор асуудал нэг талдаа багтсан. 2011 оны хоёрдугаар хагаст эхлэх байсан төмөр замаар зөвхөн нүүрс тээвэрлэх бус монголчуудад худалдааны шинэ зам нээгдэх байв.
Гэтэл шинэ сайдууд томилох, бензин шатахууны үнийн өсөлт зэрэг нийгмийг бужигнуулсан дуулиан дор он дамнасан төмөр зам саатав бололтой. Энэ онд төмөр зам тавихад төсвийн ихэнх мөнгийг төсөвлөсөн ч шинэ замын ажилд санаа тавьж буй хэн ч алга. Өнгөрсөн онд замаа эхлүүлье гэж ЗТБХБ-ын сайд X.Баттулга санаачлага гаргасан ч “Чиний зам тавьдаг гэж юу байдаг юм” гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлснийг АН -ын хуралд тэрээр хэлж байсан. Одоо томилогдох сайд хэр хурдан замаа эхлүүлэхийг харах л үлдлээ. Монголыг Европ, Зүүн өмнөд Азитай холбох замын асуудал их хүлээлтийг бий болгосон.
Энэ онд хэрхэх нь тодорхойгүй. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Замаа тавиагүй байж Ази, Европ хилийн чанадад нүүрсээ экспортлох тухай яриад байгааг юу гэж ойлгох вэ. Солонгос улс хөгжлийн гараагаа бүх нутгийнхаа тосгон, жалга, дов хүртэл зам тавьснаас эхэлсэн түүхтэй гэдэг. Гэтэл Монгол Улсын хөгжлийн амин чухал асуудал шийдвэрлэгдэхдээ эхнээсээ биш араасаа яваад байгаа нь эдийн засагчид, иргэний нийгмийнхэн шүүмжлээд байгаа билээ.
Ц.Мягмарбаяр
URL: