Б.Өнөрмаа: Амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
Монголын нийгэмд чимээгүй тахал болон тархаж буй амиа хорлолтын шалтгаан нөхцлийн талаар УЕПГ-аас анх удаа томоохон хэмжээний судалгааг хийжээ. Судалгааны явцад өсвөр үеийнхэн амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид халаглан ярьж байна. Энэ талаар судалгааны багийн удирдагч, УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.
- Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нийгмийн асуудал болоод байна. Энэ тал дээр хуулийн байгууллага анх удаа цогц судалгаа хийжээ. Энэ судалгааг хийх болсон шалтгааны талаар ярилцлагаа эхлэх үү?
-Аливаа улс оронд тухайн улсын хүн амын өсөлт бууралт, нас баралтыг шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаагаар тогтоож, бодит баримтад тулгуурлан бүх талын шалтгаан нөхцлийг тогтоодог судалгааны байгууллагууд байдаг.
Манай улсад яг хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг бодит эрүүгийн хэрэг дээр тулгуурлаж хийсэн судалгаа хийгдэж байгаагүй.
Амиа хорлосон тохиолдлуудыг бүртгэдэг зарим байгууллагын мэдээ баримтанд тулгуурласан, бусад улс оронд хийгдсэн амиа хорлосон тохиолдлын мэдээг нэгтгэн харьцуулах шинжтэй зарим нэг судалгаа байсан.
СУДЛААЧ ХҮНИЙ ХУВЬД НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ ТОМООХОН СУДАЛГАА ХИЙХИЙГ БОДОЖ БАЙСАН.
Ингээд Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар тодорхойлох, мөрдөн байцаалтын шатанд дээрх тохиолдлыг бүрэн шалгаж тогтоодог эсэхийг судлах, “бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад дүгнэлт хийх, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практиктийг судлах зорилгоор суурь судалгааг эхлүүлж, удирдамжаа батлуулсан юм.
Энэ дашрамд шинээр батлагдсан Прокурорын тухай хуульд гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, прокурорыг мэргэшүүлэх сургалт, судалгааны нэгж байхаар тусгасан байгаа бөгөөд цаашид манай Сургалт, судалгааны төв гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах олон суурь судалгааг хийх, мэргэжлийн судлаач нартай хамтран ажиллахаар төлөвлөж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
-СУДАЛГААНЫ ДҮНД ЭНЭ ТӨРЛИЙН ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ЮҮ?
-Судалгаа маань маш өргөн цар хүрээг хамарсан. 7000 гаруй мэдээллийг цуглуулж нэгтгэсэн болохоор тэр бүх тоон мэдээллийг энэ удаагийн ярилцлагад бүрэн өгөх боломжгүй.
Гэхдээ ерөнхий мэдээллийг дурьдвал сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд амиа хорлох тохиолдлын тоо буурсан бөгөөд энэ хугацаанд 2055 хүн амиа хорлож, жилд дунджаар 411 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ.
Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Амиа хорлосон тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 10-89 хүртэлх насны хүмүүс амиа хорлосон ба дундаж нас нь 33±12.9 байна. Насны бүлгийн хувьд авч үзвэл 605 тохиолдол буюу 29.4 хувь нь 10 наснаас 25 нас хүртэлх, 1450 буюу 70.6 хувь нь 29-өөс дээш насны амь хохирогчид байсан.
Тэр тусмаа 29 хүртэлх насны хүмүүсийн дундах амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай байна.
Статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож үзэхэд амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурахаар байна. Гэвч өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан. Судалгаа маань ном болж гарахаар хэвлэлийн эх нь бэлэн болсон. Тэндээс та бүхэн бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
-ХОХИРОГЧДЫН ХУВЬД ЭРЭГТЭЙЧҮҮД ИЛҮҮ ОЛОНХ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ҮҮНД ГЭР БҮЛИЙН ОРЧИН, НИЙГМИЙН БАЙДАЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА УУ?
-Судлаач хүний хувьд эрэгтэйчүүдийн дундахь архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, мөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл зүйн хувьд асуудлаа нээлттэй ярилцаж чаддагүй зэрэг байдал нөлөөлсөн гэж дүгнэж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бусдыг амиа хорлоход хүргэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдээс дүгнэлт хийхэд эмэгтэйчүүд амиа хорлож нас барсан хэрэг эрэгтэйчүүдийнхээс 2.1 дахин их буюу амь хохирогчдын 68.42 хувийг эмэгтэйчүүд, 31.57 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан.
Ер нь эрэгтэйчүүд амиа хорлох болсон шалтгааныг сэтгэл зүйн хувьд эсвэл эрэгтэй хүний амьдралын хэв маягийн хувьд гэдэг ч юм уу тусгайлан судлах хэрэгтэйг энэ судалгааны үр дүн харуулсан.
Манай суурь судалгааны онцлог нь Монгол Улсын хүн амын дундахь амиа хорлолтын түвшин, тархалт, нийтлэг шалтгааныг олон талаас нь гаргаж ирэх үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэх цаашид боломжтой эсэхийг судлаж асуудал дэвшүүлэх зорилготой байсан.
Цаашид бусад судалгааны байгууллагад нарийвчлан судлах шаардлагатай суурь мэдээллүүд, өгөгдлүүдийг манай суурь судалгаанаас харж болно.
Амь хохирогчдын амиа хорлохоос өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл ихэнх тохиолдолд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлоно гэж заналхийлэх, амиа хорлох арга зам, хэрэгслийг эрж хайсан, сэтгэл зүйн хувьд мухардаж, амьдралын зорилгогүй болсноо илэрхийлэх, уурлаж хилэгнэх эсвэл өшөө авахыг эрэлхийлэх, бодлогогүй үйлдэл хийдэг байж.
Мөн согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх, найз нөхөд, гэр бүл, нийгмээс өөрсдийгөө тусгаарлах, сэтгэл тавгүйтэх, цухалдах эсхүл зан ааш нь огцом өөрчлөгдөх, нойргүйдэх, байнга унтах, бусдад ачаа дарамт болж байна гэж үзэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байсан нь амь хохирогчид сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан нь тогтоогдож байсан. Манай улсад сэтгэл зүйч бэлтгэдэг сургууль нь байдаг.
Гэтэл эдгээр хүмүүсийг ажлын байраар хангадаггүй, сэтгэл зүйчийн мэргэжлийн ач тусыг ойлгож мэдэхгүй байгаа нь харамсалтай байна.
-АМИА ХОРЛОЛТЫН НАСНЫ ХУВЬД ӨСВӨР НАСНЫХАН СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД НЭМЭГДЭХ БОЛСОН СУДАЛГААНААС ХАРАГДАЖ БАЙНА УУ?
Судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал
-Энэ асуултад хариулахын тулд танд хэдэн эмгэнэлтэй гэмээр тоон мэдээг эхлээд хэлье. Сүүлийн таван жилд 2012-2016 онд 10-25 насны 605 хүн амиа хорлосон бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлж байна.
Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь байна. 15-19 насны нийт 179 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 57 буюу 31.8 хувь, Хөвсгөл аймагт 17 буюу 9.5 хувь, 20-25 насны амиа хорлосон нийт 348 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 154 буюу 44.25 хувь, Хөвсгөл аймагт 7.7 хувь нь бүртгэгдсэн байна. 2016 онд Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын хүний хөгжлийн талаарх” суурь судалгааг 16-17 насны сурагчдын дунд явуулсан байдаг.
Судалгаагаар сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж хариулсан нь судалгаанд хамрагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг. Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэрийг гаргаж байгаа нь хагацал үзсэн гэр бүлийн эмгэнэл биш нийгмийн эмгэнэл юм.
Дээрх асуултад хариулсан байдлыг судалгааны тоон үзүүлэлтэй харьцуулаад л харахад дан ганц томчууд биш хүүхдүүд сэтгэцийн тулгамдсан асуудалдтай, гарах гарцаа мэдэхгүй байгаа нь ажиглагдаж байна.
-МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭНЭ ҮЙЛДЛИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ТА ЮУ ГЭЖ ХАРЖ БАЙНА ВЭ?
-Суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, өссөн орчин болон амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин, хөвгүүнтэй муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлөвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг, хойд эцэг, эхтэйгээ ойлголцдоггүй, өөрт тулгамдаж буй асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой байсан.
Зарим тохиолдлоос харахад багш, дотнын найз нөхдөдөө өөрт тулгамдсан асуудал буюу амиа хорлоход хүргэсэн шалтгаанаа ярьсан боловч тэдгээр нь анхаарч ойлгоогүй, ач холбогдол өгч, зөвлөж туслаагүйн улмаас сэтгэл зүйн тогтворгүй байдал, гутралд орж өсвөр насны хүүхэд амиа хорлоход хүрсэн гэж үзэж болохоор тохиолдлууд байна.
Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлосон гэх хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг харахад амь хохирогчийн зан байдлын талаар эцэг, эх буюу гэр бүлийн гишүүдийн өгсөн мэдүүлэг, найз нөхөд эсхүл үерхдэг охин, хөвгүүнийх нь өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байлаа.
Тухайлбал, гэр бүлийнхний мэдүүлгээр дуугүй, томоотой, нээлттэй биш гэж мэдүүлсэн байхад багш, найз нөхөд нь зан төлөвийн талаар өөрөөр тодорхойлж илэн далангүй, хөгжилтэй гэх зэргээр мэдүүлсэн байна. Мөн дотно үерхэж нөхөрлөдөг найзуудын талаар эцэг, эх нь огт мэддэггүй гэсэн мэдүүлэг ч бий.
-НЭГ ЁСОНДОО ХҮҮХДИЙНХЭЭ ЗАН БАЙДЛЫН ТАЛААР ГЭР БҮЛИЙНХЭН, ЭЦЭГ ЭХЧҮҮД ТЭР БҮР АНХААРЧ, ОЙЛГОЛЦДОГГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ?
-Өсвөр насны хүүхдүүд нь зан төлөв, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байдаг учраас тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгох, сэтгэл зүйн хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэгдсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байх нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм. Хүний шууд буруутай үйлдлээс гадна бусдыг үхэлд хүргэж болзошгүй олон хүчин зүйлээс сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх боломжтой юм.
СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС ДҮГНЭХЭД, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД СУРАГЧИДДАА ТАВИХ АНХААРАЛ СУЛ, СУРАГЧДЫНХАА ЭЦЭГ, ЭХТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА ДУТМАГ, ХҮҮХДЭД ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН БУСДАД ОЙЛГУУЛАХ, СЭТГЭЛ ГУТРАЛД ОРВОЛ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ТАЛААР ЗӨВЛӨДӨГГҮЙ.
Хүүхдийн зан байдал, сэтгэл зүйн онцлог, ар гэрийн амьдрал зэргийг мэддэггүй, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажилладаггүй, тухайн сургуулийн сурагч амиа хорлосон тохиолдолд дүгнэлт өгдөггүй, хичээлийн хөтөлбөрт сэтгэл зүйн сургалт ордоггүй зэрэг байдал нөлөөлсөн гэж үзэж болохоор байсан.
Монгол Улсын “Бага дунд боловсролын тухай” хууль, Дээд боловсролын тухай хуульд боловсролын байгууллагын ажилтнуудын үүрэг, оюутан сурагчдын эрхийн талаар тодорхой заасан байдаг ч хуулийн заалтыг холбогдох байгууллага, албан тушаалтан зохих түвшинд хэрэгжүүлж ажиллахгүй байгаагаас өсвөр насны болон 25 хүртэлх насны хүмүүсийн дундах амиа хорлох тохиолдол өсөх хандлагатай байна гэж үзэж болохоор байна.
Хуулиа бүх шатны сургууль бүрэн хэрэгжүүлдэггүй, сургуулийн захирал, багш нар хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа нь сурагч, оюутнууд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, архи, мансууруулах бодис хэрэглэх, сургуулийн орчинд гарсан цуу яриа болон гэр бүлийн амьдралын нөхцөл тааруу зэрэг нөхцөлөөс болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлуудаас тогтоогдож байна. Мөн өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харьцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байсан.
-ТЭР ДУНДАА ОРОН НУТГААС ХӨВСГӨЛ АЙМАГТ ОЛОН ТОХИОЛДОЛ БАЙГАА НЬ АЖИГЛАГДЛАА. ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДЫН ХАРАА ХЯНАЛТЫН АСУУДАЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТАВИГДАНА. ГЭВЧ НЭГЭНТ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУНД АМИА ХОРЛОЛТ ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ БОЛЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ТӨР ЗАСГИЙН АНХААРАЛ, ШИЙДВЭР ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ?
-Суурь судалгаагаар аймаг, дүүрэг бүрээр дээрх тохиолдлын тоо, тархалтыг гаргасан. Ер нь орон нутаг, дүүрэг хаана ч бай өсвөр насны хүүхэд, оюутан, 25 хүртэлх насны залуус амиа хорлохыг завдсан, хорлосон тохиолдол бүрт онцгой анхаарч шалтгаан нөхцлийг судлаж байх, дахин ийм эмгэнэлт явдалыг гаргахгүй байхад бүх шатандаа анхаарлаа хандуулах шаардлагатай.
Хөвсгөл аймагт яагаад хүүхэд, залуус амиа их хорлосон, шалтгаан нь чухам юу байв гэдгийг тухайн орон нутгийн боловсрол, хүүхдийн болон сэтгэцийн мэргэжлийн байгууллага тусгайлан судлах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн тоон мэдээлэл, тархалт гээд олон хүчин зүйлийг манай судалгаа бодитой гаргаж ирлээ, нарийвчлан судлах, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох газрууд хийх байх гэж найдаж байна.
Нэмж хэлэхэд суурь судалгааны үр дүнг Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүн амын дундахь амиа хорлох тохиолдлоос урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг хийх саналыг хүргүүлсэн.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд, их дээд сургуулийн оюутан амиа хорлосон тохиолдлын шалтгаан нөхцлийн талаар тодорхой жишээ, баримтыг дурьдаж боловсролын салбарт сэтгэлзүйн сургалт явуулах, дахин ийм тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил хийхийг үүрэг болгож мэдэгдэл хүргүүлсэн байгаа.
-ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ЗОХИЦУУЛДАГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ МАНАЙ УЛСЫН ХУВЬД ХЭР ВЭ?
-Судлаачийн хувьд эрх зүйн зохицуулалтыг шинэ хуучин хуулийн заалт, нөхцөл бүрээр дүгнэлт хийснээс танд товчлон хариулъя. Бусдыг амиа хорлоход хүргэж буй гэмт хэрэг нь шууд бусаар бусдыг “үхлийг өөрөө сонгох”-д хүргэж буй хэрэг. Амь хохирогчийн үхэлд шууд болон шууд бус санаагаар хандсан гэм буруутай үйлдэл юм.
Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулвал шалгаж тогтооход хамгийн хүндрэлтэй хэргийн нэг бөгөөд ялангуяа амь хохирогч өсвөр насны, өвчний улмаас бусдын эрхшээлд байсан бол уг тохиолдлыг шалгаж тогтооход нь учир дутагдалтай байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. 2002 оны Эрүүгийн хуулиар шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг судалж үзэхэд 2012-2016 онд 19 хэргийг шүүх шийдвэрлэжээ. Үүнээс хяналтын шатны шүүхээр гурав, давж заалдах шатны шүүхээр найм, анхан шатны шүүхээр найман хэрэг тус тус шийдвэрлэгдсэн байдаг.
Шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй байдалд дүгнэлт хийхэд бусдыг амиа хорлоход хүргэж буй этгээдээс байнгын бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн, харгис хэрцгий хандсан, гэр бүлийн хүчирхийлэл, удаан хугацааны туршид гэр бүлд тогтсон “хэвшил” байх эсвэл нэр, төр алдар хүндийг нь байнга гутаан доромжилсон, хохирогч энэ идэвхитэй үйлдлийн улмаас амьд явах хүсэлгүй болсны улмаас өөрийнхөө амийг хорлох бүхий л аргыг хэрэглэсэн байхыг шаардаж байна.
Харин шинээр батлагдсан Эрүүгийн хуульд бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн объектив, субъектив шинжийг илүү тодорхойлж амь хохирогчийн бусдаас хараат байж болох нөхцлийг тодорхой тусгаснаар объектив шинжийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох боломжтой болох нь харагдаж байна.
Хуульд заасан объектив үйлдлүүд бүгд “байнга” хийгдсэн байхыг шаардаж байгаа нь зарим тохиолдолд ялангуяа өвчний улмаас бусдын эрхшээлд байгаа эсвэл өсвөр насны хүүхэд нэг удаагийн ноцтой үйлдэл, доромжлолын улмаас амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг шалгаж, тогтооход хүндрэл учруулж болзошгүй байдлыг бий болгохоор байна.
Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, эцэг, эх, асран хамгаалагчаас эсхүл эдийн засаг, бие махбодийн хувьд бусдаас бүрэн хараат байдалд байгаа нөхцөлд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, боломжгүй, өөрийгөө хамгаалах эрх зүйн бүрэн чадамжгүй хүний /нэр төр, алдар хүнд гэдэг үгний утгыг бүрэн ойлгохгүй өсвөр насны хүүхэд/ хувьд тухайн цаг мөчид сэтгэл зүйд хүндээр тусах үг, доромжлолыг мэдрүүлсний улмаас амиа хорлосон тохиолдолд бусдыг доромжилж нэр төрд нь халдсан байсан ч “байнга” гэсэн шинжийг агуулаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байна.
-ТЭГВЭЛ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ЭНЭ ТӨРЛИЙН ХЭРГИЙГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ НЬ ЭЭ?
-Бусдыг амиа хорлоход “гарцаагүй” хүргэсэн байх шинжийг хэрхэн ойлгон, шалгаж тогтоох нь тодорхойгүй байгаа бөгөөд амь хохирогчийн хувьд тухайн нөхцөлд хийсэн үйлдэл нь тухайн амь хохирогчийн хувьд гарцаагүй байсан гэдгийг тогтооход бэрхшээлтэй гэж судлаачийн хувьд үзэж байна. Хуулийн дээрх тодорхойлолтоос үзвэл амиа хорлох гэж буй хүний “гарцаагүй байдал” нь тухайн хүний хувьд үүнээс өөр үйлдэл хийх боломжгүй нөхцөлд орсон байхыг шаардаж байна.
Удаан хугацааны туршид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, доромжлогдсны улмаас амиа хорлосон нь “гарцаагүй байдал” эсхүл “сэтгэл зүйн хувьд уг үйлдлийг даван туулах чадваргүй болсон нөхцөл” байсан эсэхийг эрх зүйн онолын үүднээс тайлбарлах уу эсвэл сэтгэл зүйн талаас тайлбарлах уу гэдэг нь тодорхойгүй байна.
Өсвөр насны хүүхэд өөрт тулгарсан дарамт, доромжлол, сэтгэл зүйн гутрал, тогтвортой бус байдал зэргийг өөр аргаар даван туулах боломжтойг ойлгох, мэдэх чадваргүй субъект юм. Амь хохирогч тухайн нөхцөлд амиа хорлох гарцаагүй байдалд орсон гэж ойлгосон субъектив шинжийг амь хохирогчийн зүгээс үү эсхүл тухайн тохиолдлыг шалгаж байгаа субъектийн зүгээс тодорхойлох уу гэдэг нь маргаантай юм.
-СУДАЛГАА НАЙМАН САР ҮРГЭЛЖИЛЖ, 7000 ГАРУЙ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛЖ БОЛОВСРУУЛСАН, БАС 400 ГАРУЙ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ УНШИЖ СУДАЛСАН ГЭСЭН. МЭДЭЭЖ СУДЛААЧ ХҮНИЙ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ Ч ГЭЛЭЭ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД ИЙМ ОЛОН ТООНЫ АМИА ХОРЛОЛТЫН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДЛАХАД ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙВ УУ?
-Судалгаа маань өөрөө цар хүрээ өргөн, амиа хорлох тохиолдлын шалтгаан нөхцлийг нийгэм, эдийн засаг, гэр бүл, амьдралын орчин, хувь хүний төлөвшил, сэтгэл зүй, эрүүл мэнд гээд үндсэндээ нэг эрүүгийн хэргээс өөрөөр хэлвэл амиа хорлосон нэг тохиолдолд 178 асуумжаар судалгаа хийгдсэн.
Нийт 2055 эрүүгийн хэрэг хамрагдсан гэсэн үг. Мөн суурь судалгааны үр дүнг бататгах зорилгоор 400 эрүүгийн хэргийг нийслэлийн найман дүүргээс татаж судалсан. Тохиолдол бүрийг нэгбүрчлэн уншиж тэмдэглэж байсан. Өдөр бүр 10-20 амиа хорлосон тохиолдлыг уншихад сэтгэлзүйн хувьд маш хүнд байсан. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн амиа хорлосон тохиолдлыг судлаж байхад эх хүний хувьд үнэхээр сэтгэл эмтэрч байлаа.
Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль, гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр ийм аймшигтай алхмыг сонгож байгаа нь судлаачийн хувьд ч, эх хүний хувьд ч тэр хүндээр тусч байсан. Магадгүй томчуудын нүдэнд жижиг боловч хүүхдийн сэтгэхүйн хувьд өөрт нь хүнд байсан асуудлыг тухайн үед олж харж чадсан бол, ярьж зөвлөж өгсөн бол тэр бяцхан амьтан өнөөдөр инээж хөөрөөд тоглож наадаад явж байх байсан гэх харамсал одоо ч хүртэл байна.
Хүүхэд төвтэй сургууль, эцэг эхийн харилцаа яагаад ийм бодит бус болчихов, бие биедээ хэтэрхий найдаж хүүхдийг анхаарлын төвөөс алдчихаад байгаа юм биш биз, амьдралд хөл тавих гэж тэмүүлж байгаа хойч үедээ юу зааж сургаад байна вэ, бэрхшээлийг даван туулах арга ухаан, асуудлын гарцыг зөв олж харах алсын харааг заахын оронд “дуугай, томоотой эсвэл эрдэмтэй мундаг” хүн болгох гэж оролддог хүмүүжлийн буруу арга барил эргээд хүүхдийг нээлттэй бус болгож байгааг яагаад олж харахгүй байна вэ.
Бөмбөг хөөж, чихэр харж хөөрдөг, эцэг эхдээ зэмлүүлэхээсээ айдаг насан дээрээ байгаа хүүхэд үхлээс айх биш үхлийг сонгож аймшигтай үйлдэл хийж байхад өнөөдрийг хүртэл яагаад хэн ч анхаарахгүй байна вэ, төсөөлөхөд ч аймар алхам хийхээсээ урьд тэр нялх амьтан юу бодож хэнд гомдож байсан бол гээд олон асуултын хариуг хайж, цөхөрч суулаа.
Эцэст нь хэлхэд хүүхдийн төлөвшилд сэтгэлзүйн сургалт буюу амьдралын ухаан, бэрхшээлийг даван туулах арга замыг зааж өгөх нь маш том нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар минь ойлгооч. Хүүхдийнхээ сайн найз нь байгаач, та бид нарт “томоотой, сайн, урдаас үг хэлдэггүй” хүүхэд болж харагдах гэж үр хүүхэд минь хичээснээс алдаж байна.
Томчууд бид нараас тусламж хүсээд нэмэргүй гэж ойлгож заримдаа томчуудын болчимгүй үг, үйлдэлд гомдож цөхөрч цаг бусаар хорвоог орхиж байна шүү дээ. Энэ эмгэнэл давтагдахгүй гэх баталгаа байхгүй, дахин нэг аав, ээж ийм хагацал битгий үзээсэй гэсэндээ энэ эмгэнэлтэй байдлыг дурьдахгүй байж чадсангүй.
УЕПГ-ын Сургалт судалгааны төвөөс Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар тодорхойлох, мөрдөн байцаалтын шатанд дээрх тохиолдлыг бүрэн шалгаж тогтоодог эсэхийг судлах, “бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад дүгнэлт хийх, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практиктийг судлах зорилгоор суурь судалгааг хийсэн байдаг.
URL: