Ерөнхийлөгч Ухаа Худагийн бүтээн байгуулалтаар бахархав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнийн бүсэд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Тавантолгойн бүсийн Ухаа Худаг уурхай болон дагалдах дэд бүтцийн төслүүдтэй биечлэн танилцлаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа Худаг нүүрсний уурхайд үндэсний Энержи Ресурс компани 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр уг уурхайн хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр, монгол инженерүүдийн барьж босгосон 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, 245 км хатуу хучилттай авто зам гээд дэд бүтцийн олон төсөл хэрэгжжээ. Нийт бүтээн байгуулалтын ажлыг гадаадын тэргүүн туршлагад тулгуурлан монголчууд өөрсдийн хүчээр хийж байгаа онцлогтой. Одоогийн байдлаар дотоодын 3,000 шахам ажилтан, ажиллагсад, 650 гаруй компани, аж ахуйн нэгж энэ үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа юм байна. Уурхай дагасан хөгжлийг богино хугацаанд өөрсдийн хүчээр бий болгож чадсан явдалд Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ухаа Худагийн бүтээн байгуулалтыг харахад их сайхан сэтгэгдэл төрж байна. Монгол хүмүүс ардчилсан нийгмийнхээ үр шимийг хүртэж, бизнес хийх эрх чөлөө, нээлттэй боломжоо ашиглаад ийм их зүйлсийг хийж чадах түвшинд хүрснийг хараад баярлаж байна. Ер нь амжилттай явж байгаа, болж бүтэж байгаа ажил үйлсийг төрөөс дэмжиж, түлхэц үзүүлэх нь хамгийн зөв чиглэл гэж ойлгодог. Олон мянган монголчууд, олон мянган залуус энэ бүтээн байгуулалтад оролцож, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгааг хараад үнэхээр их бахархаж байна.
URL: