Архи зардаггүй өдрийг нэг биш нэлээд хэд болгоё
Увс аймгийн Засаг дарга долоо хоногийн баасан гараг бүр архи зарахыг хориглосон шийдвэр гаргажээ. Яг үүн шиг шийдвэрийг улс орон даяар гаргаж, хуульчлах шаардлага тулгараад байна. Сархад савнаасаа бусдыг дийлдэх гэх ардын зүйр үгийг дуулсан л биз. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд сархдаас үүдэлтэй, иргэдийг цочирдуулсан гэмт хэрэг шил дараалан гарч буй. Иймээс архины хязгааргүй зах замбараагүй хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах шаардлага тулгараад байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод архи согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ тухай Статистикийн газрын мэдээллээр архи согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо Улаанбаатар хотод гэхэд 2008-2017 онд тасралтгүй өсчээ. Дунджаар 100 цэг тутмын 56 нь зөвшөөрөлтэй дэлгүүр, 24 нь зоогийн газар болон бар, 9 нь кафе, 7 нь супермаркет, 4 нь хүнсний худалдааны төв болон бөөний худалдааны төвүүд байна. Энэ нь олон улсын дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.
Монголчууд эртнээс “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу” гэсэн том философтой байсан ард түмэн. Гэтэл бүх л улсаараа бор дарсны боол болчхоод байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэр бүлийн хүчирхийлэл гарахад тодорхой нөлөө үзүүлж байгаа судалгаа ч бий. Тухайлбал, ҮСХ-ноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс(судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 29.7 хувь)хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь нь нөхөр/хамтрагч нь архи ууж согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ.
Мөн дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн хэмжээ 2013 онд хамгийн өндөр байх үед согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мөн өндөр,бүртгэгдсэн гэмт хэргийн 12.4 (4012) хувийг эзэлж байжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 793 зам тээврийн осол гарсны 41.0 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Жолоочийн буруугаас шалтгаалсан ослын 2.2 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол явган зорчигчийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын 32.9 хувийг явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос осол гарсан байна.
Энэ мэт согтууруулах ундааны зохисгүй, замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй хэрэг зөрчлүүд нэмэгдсээр байна. Тиймээс энэ талаарх хуулийн зохицуулалтыг яаралтай шинэчлэн сайжруулах, хяналт, хязгаарлалтын тогтолцоог бий болгох шаардлагатай болжээ. Энэ талаар судалгаа тоо баримтуудаас харахад дотоодын зах зээлд борлуулах үнийг татвар нэмэгдүүлэх замаар өсгөх арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх үйлчилгээний цагийн хязгаарлалтыг нэмэх, хяналтыг сайжруулах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гарах эрүүл мэнд, нийгэмд гарах сөрөг нөлөөний талаар олон нийтэд таниулах зэрэг зохицуулалт шаардлагатай байна. Нэг үгээр согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой маш олон асуудлуудыг хуульчилж, хэрэглээнд хязгаарлалт хийх цаг болжээ.
Оллоо.мн
URL: