Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ

3573

Улсын нийслэл хөгжиж байна уу гэсэн асуултад олон хүн нүдэнд харагдаж буйгаар нь өндөр барилгуудыг зааж, “Тийм” гэж хариулах нь лавтай. Гэвч хөгжиж буй нийслэл маань тоос, шороо, үнсэнд дарагдаад салхи ихтэй өдрүүдэд улаанаараа эргэх болсон билээ. Үүний шалтгаан нь ногоон байгууламж хангалтгүйн дээр байсан хэдийг нь устгасантай холбон үзэж болно. Өнөөдөр хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн дэлхийн дундаж нь 12, зарим үзүүлэлтэд 15- 17 ам метр байдаг. Харин та бидний оршин суугаа Улаанбаатар хотод энэ хэмжээ зургаан ам метр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин бага үзүүлэлт юм.

Untitled-6_Wf9SYZJ-1024x681 Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ

Сүүлийн арван жилд Улаанбаатар хотын орон сууц, нийтийн эзэмшлийн газар, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай өндөр барилга, байгууламжаар солигдох болсон. Тэр дундаа хотын төвийн А зэрэглэлийн бүсэд шавааралдуудаад байшин барилга, барихаас биш, ногоон байгууламжийг нэмж буй нь бараг үгүй. Тэгсэн атлаа Улаанбаатар хотыг удирдаж байсан эрх мэдэлтнүүд цөөн хэдэн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайгаа мөнгөтэй байгууллагад эзэмшүүлж, тухайн байгууллага нь зориулалтын дагуу ашиглахгүй, зарим нь тэс өөр зориулалттай болгочихсон тохиолдол цөөнгүй. Тодруулбал, Тусгаар тогтнолын талбайн баруун урд, “Тэнгис” кинотеатрын урд талд саяхныг болтол далайн гахай (дельфин)-н барималтай усан оргилуур байсан. Эрх мэдэлтнүүд газар замбараагүй олгосноос болж өдгөө тэр усан оргилуур үгүй болж, оронд нь өндөр байшин боссон. Тухайн үед усан оргилуурын хэлбэр хийцийг өөрчилж, нийслэлд байхгүй гайхамшигтай усан оргилуур барина гэж байсан ч өдгөө оффисын барилга болсон жишээ бий.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд цөөн хэдхэн газарт үлдсэн ногоон байгууламжийг “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн банк, санхүүгийн байгууллага эзэмшиж байсныг өнгөрсөн онд нийслэлийн холбогдох байгууллагынхны шийдвэрээр хүчингүй болгохоор болжээ.

Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨТЭЙ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ДООР ЗОГСООЛ БАЙГУУЛАХААР БОЛСОН Ч…

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутагт МУБИС-ийн уулзвараас “Централ тауэр” хүртэл модот гудамж бий. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэг гэсэн үг. Уг цэцэрлэгийн албаны ёсны нэрийг “Улаанбаатар нийтийн цэцэрлэг” гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Түүнийг 2013 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын банканд эзэмшүүлэхээр олгожээ. Улмаар 2017 онд нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 10 800 ам метр талбай бүхий эл цэцэрлэгийн газрыг орчны тохижилттой, газар доорх олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байна. Гэвч энэ хугацаанд Улаанбаатар хотын банкныхан зориулалтын дагуу ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул нийслэлийн Газрын албанаас 2018 оны есдүгээр сард газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгохоор болсноо мэдэгджээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байдаг. Газрын албанаас өгсөн мэдэгдэлд хуулийн энэ заалтыг үндэслэсэн байв.

1200px-Ulaanbaatar_hotel Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ

Харин хариуд нь илгээсэн Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчийн гарын үсэгтэй албан тоотод “Манай банк нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/496 дугаар захирамжтай Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах 10 800 ам метр газрыг орчны тохижилттой, газар доорх олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг билээ. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, хуульд заасан хугацаанд газрын төлбөрөө төлж ирсэн. Уг газар дээр орчны тохижилттой газар доорх олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор дизайн гаргах, архитекторын зураг төсөл боловсруулах зэргээр их хэмжээний хөрөнгө оруулж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа болно. Харин уг төслийг хэрэгжүүлж эхлэх хүртэл нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор орчны түр тохижилтыг өөрсдийн зардлаар гүйцэтгэх санал үүгээр хүргүүлж байна” гэжээ.

Өдгөө нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын банкны эзэмшиж буй газрын гэрчилгээг хүчингүй болгосон, эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ ӨӨРЧЛӨХ НЬ

Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд улсаа 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын хөшөөт цогцолбор бий. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүний хөшөөг 2000 онд уран барималч, Төрийн шагналт Л.Ганхуягийн загварын дагуу тэнд сүндэрлүүлж, 2007 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан төдийгүй уг талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон байдаг.

Un89titled-4 Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ

Гэтэл уг 4000 ам метр талбайг 2014 онд нийслэлийн Засаг даргын А/208 дугаар захирамжаар “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д орчны тохижилттой, гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар 2017 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/91 дүгээр захирамжаар эзэмшигчийг шилжүүлж, Улаанбаатар хотын банкны мэдэлд 15 жилийн хугацаатай олгожээ. Нийслэлийн Газрын албанаас Улаанбаатар хотын банкныхан руу бас л албан бичиг илгээж, дээр дурдсан Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгохоо мэдэгдсэн аж. Хариуд нь “Улаанбаатар капитал” ХХК-ийн захирал М.Мөнхбаатар банкны тэргүүн дэд захирлынхтай ижил утгатай хариу илгээгээд “Техникийн нөхцөл авахад дэмжлэг үзүүлнэ үү. Цаашид энэ төсөл дээр бидэнтэй хамтран ажиллана уу” хэмээн 2018 оны аравдугаар сарын 1-нд хүргүүлсэн байв. Гэвч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь бас л бүрхэг үлдэв.

ЩЕТИНКИНЭЭС АСАШЁОРЮҮ, АСАШЁОРЮҮГЭЭС УЛААНБААТАР БАНКНЫ ЦЭЦЭРЛЭГ БОЛОХ УУ

Хүмүүсийн нэрлэж заншсанаар “Гутлын 22”-ын хойд талын модот гудамжийг 15 жилийн өмнөөс Асашёорюүгийн цэцэрлэг гэдэг болсон. Түүнээс өмнө буюу хуучин тогтолцооны үед, Монгол Улсын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулсан, Барон Унгернийг баривчилсан Оросын цэргийн дарга, чекист, П.Е.Щетинкиний цээж баримлыг 1984 онд бүтээн байрлуулснаас хойш түүгээр нэрийдэж байж. Харин 2004 онд Японы мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж хөрөнгө гарган тохижуулан хүлээлгэн өгснөөс хойш өнөөг хүртэл түүний нэрээр нэрлэж байгаа. Гэхдээ өдрөөс өдөрт өнгө нь гундаж, арчилгаа тордлого дутаж буйд тэрбээр халаглан, “Сайхан зүйлийг цааш нь арчлаад аваад явчихгүй дээ” хэмээсэн удаатай. Ийнхүү харж хандах, хариуцах эзэнгүй шахам болсон, 2400 ам метр талбайтай тус цэцэрлэгийг 2013 онд нийслэлийн Засаг даргын А/975 дугаар захирамжаар “Улаанбаатар капитал ББСБ”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байжээ. Улмаар 2017 онд Улаанбаатар банканд шилжүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон аж. Уг цэцэрлэгийн яг хажуу талд нь 700 ам метр талбай эзэмшин тус банкны төв байр үйл ажиллагаа явуулдгийг уншигчид мэднэ. Ийнхүү 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээтэй болсон тус банкныхан орчны тохижилттой, олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаараа ашиглавал Улаанбаатар банкаар уг модот гудамж нэрлэгдэж болох юм.

Untitled-4_GU8hoqa Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ

Юутай ч дээр дурдсан гурван газрын эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоор мэдэгдсэн нийслэлийн Газрын албаныхны мэдэгдэл ажил хэрэг болсон бол Улаанбаатар банкныхан захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлэх гэж багагүй хугацаа өнгөрөөх биз. Үнэхээр зориулалтынх нь дагуу үйл ажиллагаа явуулж, олон давхар зогсоолтой цэцэрлэгт хүрээлэнтэй болчихвол машин ачиж журамлах нэрээр иргэдийг хохироож, нийслэлд татвар төлөхгүй шахам ажилладаг байгууллагуудыг “ажилгүй” болгох сайн л талтай.

Бэлтгэсэн: Г.Равжаа

ЭХ СУРВАЛЖ: UNUUDUR.MN


URL:

Сэтгэгдэл бичих