Б.Мөнхзаяа: Том зорилго тавьсан учраас өөрийгөө ялахын төлөө хичээнэ
Хөнгөн атлетикийн тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг бахархалтайгаар мандуулж яваа тамирчдын нэг нь олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа юм. Риогийн олимпод хурд хүчээ сорьсон тэрбээр 2020 онд даагаа нэхэх боломжтой болсон билээ. Түүнтэй амжилт, зорилгынх нь талаар ярилцлаа.
-Японы NНК телевизийнхэн 2020 оны олимпод зориулан хийж буй цуврал баримтат кинондоо таныг урьж оролцуулсан. Кинонд тоглох саналыг танд хэзээ тавьсан бэ?
-“Дэлхий нийт Токио руу чиглэж байна” нэвтрүүлгийн хүрээнд NНК телевизийн уран бүтээлчид баримтат кино хийж байгаа юм билээ. 2020 оны Токиогийн олимпын наадмыг угтан хийж буй баримтат кинонд намайг урьж оролцуулсанд хувьдаа их баяртай байгаа. Энэ нэвтрүүлэгт олимпын наадамд багтсан спортын төрөл бүрээс нэг тамирчныг онцлон оруулж байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон тэмцээний дараа нэвтрүүлэгт оролцох саналыг надад тавьсан. Нэвтрүүлгийн зургийг өнгөрсөн хоёрдугаар сараас авч эхэлсэн. Тэр үед би БНХАУ-ын Тяньжин хотод бэлтгэл сургуулилтаа хангаж байв. Нэвтрүүлгийн хамгийн сүүлийн зургийг Улаанбаатар хотод авсан. Түүнээс өмнө төрсөн нутаг болох Дорнод аймаг руу явж миний сурч байсан сургууль, газар оронтой танилцсан. Ер нь сүүлийн жилүүдэд Монголд марафон түлхүү хөгжиж байгаа учраас 2020 оны олимпыг угтан хийж байгаа нэвтрүүлэгтээ намайг урьж оролцуулсан байх.
-Баримтат киноны нээлт саяхан болсон. Харамсалтай нь,олон сувгаар цацахгүй, зөвхөн NHK-гийн олон улсын сувгаар цацна гэл үү?
-Тийм ээ. Баримтат киноны нээлт өнгөрсөн гуравдугаар сард болсон. Хэдийгээр телевизийн нэг сувгаар цацах ч 2020 он хүртэл давтамжтайгаар үзэгчдэд хүргэнэ гэсэн.
-Японы сурвалжлагчид нэвтрүүлэг бэлтгэхдээ танаас ямар зүйлийг илүү сонирхон асууж байсан бэ?
-Олимпын бэлтгэлээ хэрхэн хийж байгааг л илүүтэй сонирхсон. Японд бэлтгэл сургуулилт хийх бодол байгаа эсэх талаар мөн асууж байсан.
-Та 2020 оны олимпын наадамд оролцох болзлоо биелүүлсэн. Риогийн олимпод гаргасан алдаагаа давталгүйгээр ямар тактикаар гүйе гэж бодож байна вэ?
-Япон улс цаг агаарын хувьд халуун уур амьсгалтай. Тиймээс уралдаан болох өдрийн цаг агаарт зохицуулж гүйнэ. Эхний 20-д бариална гэсэн зорилго тавьсан. Өөртөө итгэлтэй, зоригтойгоор олон орны тамирчинтай уралдана гэж бодож байна.
-Азийн хөнгөн атлетикийн тамирчид марафон гүйлтээрээ дэлхийд манлайлдаг. Тэдний үзүүлэлттэй өөрийнхийгөө харьцуулж үзсэн үү. Та чансааны хэдэд жагсч байгаа бол?
-Японы тамирчид Азид төдийгүй дэлхийд эхний 10-д багтдаг. Тэдэнтэй харьцуулахад миний үзүүлэлт 5-7 минутын зөрүүтэй байна. Манай улс Үндэсний шигшээ багийн тамирчдаа хамтарсан сургуулилт хийлгэхээр Япон руу явуулах байх. Тэмцээн уралдаан болох оронд очиж бэлтгэл сургуулилт хийх нь тамирчдад том давуу тал болдог.
-Риогийн олимпын дараа та Японд бэлтгэлээ базаасан. Ер нь эртнээс л даагаа нэхэх зорилго тавьсан уу?
-Тал нутгийн марафоныг зохион байгуулдаг хүн бий. Тэр хүн надад “Гурван сар ирж бэлтгэл сургуулилт хийгээч” гэсэн санал тавьсан. Үүний дагуу нөхөртэйгөө арлын оронд гурван сар бэлтгэл хийсэн. Түүнээс хойш тэмцээнд оролцохоор Японд хоёр ч удаа очсон. Ингэж очиход ихэвчлэн сэрүүний улирал байж таарсан. Ид халуун үед нь бэлтгэж хийсэн тохиолдол байхгүй. Тиймээс халуун уур амьсгалтай үед Японд бэлтгэл хийж үзэх бодол бий. Учир нь, 2020 оны олимпын марафон гүйлтэд өрсөлдөх тамирчдын шалгаруулалт нэлээд өндөр. Миний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнээс ирэх есдүгээр сард Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авсан. Токиогийн марафон эмэгтэй нь 2.29.30 минутаар олимпод оролцох эрх өгнө. Эрэгтэй нь 2.11.30 гэсэн нормативаар олимпын эрх өгөх юм билээ. Үүнээс Токиогийн олимпын шалгаруулалт ямар өндөр босготой нь харагдаж байгаа байх.
-Өнгөрсөн гуравдугаар сард та чухал тэмцээнд оролцох байсан ч өнжсөн. Юунаас шалтгаалж товлосон тэмцээндээ оролцож чадсангүй вэ?
-Хөлөндөө бэртэл авсны улмаас тэмцээнд оролцож чадаагүй. Одоогоор ирэх саруудад болох тэмцээндээ бэлтгэж байна даа.
-Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одыг эхнэр нь дасгалжуулдаг. Таны хувийн дасгалжуулагчаар нөхөр тань ажилладаг гэсэн. Нэг төрлийн спортоор хичээллэж байсан болохоор хамтран ажиллахад таны давуу тал болдог уу?
-Тэгэлгүй яах вэ. Нэг нэгнээ сайн ойлгодог учир бэлтгэл сургуулилтын үед юунд анхаарахыг илүү анзаарч мэддэг давуу талтай.
-Таны нөхөр Б.Доржпалам дасгалжуулагчаараа дагнан ажиллаж байна уу. Уг нь хоёулаа олимпод оролцох боломж бий шүү дээ?
-Сүүлийн үед дасгалжуулагчаараа түлхүү ажиллаж байна. Надаас гадна олон тамирчныг дасгалжуулдаг. Одоо тамирчдынхаа бэлтгэлийг сайн хангаж 2020 оны олимпын эрх биелүүлэхээр ажиллаж байгаа.
-Нэг үеэ бодоход хөнгөн атлетикийн спортод залуу тамирчид гарч ирж байна. Үүний нэгэн адил марафон гүйлтэд ч тамирчдын залгамж халаа тасрахааргүй байгаа болов уу?
-Тийм шүү. Шинэ, залуу тамирчин олон бий. Эрэгтэй тамирчин 30 гаруй байна. Манай гүйлтэд эмэгтэй тамирчин цөөн. Залуу тамирчид марафоны төрөлд ороогүй, дундын зайндаа түлхүү хичээллэж байна.
-Та нэлээд хэдэн рекордын эзэн. Өнгөрсөн хугацаанд болсон тэмцээний дараа үүнд өөрчлөлт гарсан уу?
-Хагас болон бүтэн марафоны рекордыг эзэмшиж байна. 3000, 5000, 10000 метр гэсэн төрөлд зохион байгуулж байгаа тэмцээнд оролцож чадахгүй байгаа учир чансаагаа шинэчилж чадаагүй л явна. Нэгэнт том зорилго тавьсан учраас шантарч болохгүй. Ямагт өөрийгөө ялахын төлөө хичээнэ.
-Энэ их сэтгэлийн хүчийг та юунаас авдаг вэ?
-Гэр бүлийнхнээсээ. Энэ хүмүүс л надад маш их урам зориг хайрладаг даа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: