АМЕРИКИЙН ДУУРАЙХ ЁСТОЙГ НЬ БИД ДУУРАЙЖ ЧАДААГҮЙ…
- … Америк болон монголын амьдралд хэд хэдэн онцгой ялгаа бий. Хамгийн эхэнд анзаарагдсан зүйл бол “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор аж төрөх”. Чи өөрөө америкт байсан хүн үүнийг мэднэ дээ. Хууль, журмыг жижиг гэлтгүй сахин хэрэгжүүлдэг. Хоёр жижигхээн жишээ хэлье. Манай нэг ах ярьж байсан. Тэднийх Бөркөд нэг жижиг тойрогт таунхаусад амьдардаг, гэрлүүгээ орох замд нь ЗОГС (stop sign) тэмдэг таардаг байна. Тийм хотын захын жижигхэн тойрог дотор хөл хөдөлгөөн бараг үгүй шахам. Гэвч дүрэм бол дүрэм, хичнээн хөл хөдөлгөөн үгүй эль хуль ч тэр тэмдэг дээр зогсоод хөдөлдөг байж л дээ. Хоёр удаа нэлээд яаруу явсанаас зогсолгүй өнгөрчихөж. Гэтэл хэд хоногийн дараа торгуулийн майл иржээ. Тэр Зогс тэмдгийн ойр орчимд ямар ч камер байхгүй байж. Гайхаад сонирхож үзвэл яг тэр тэмдгийн харалдаа байх хаусанд амьдардаг нэг хөгшин “Тийм марк дугаартай тийм машин төдний өдрийн төдөн цагт Зогс тэмдэг дээр зогсолгүй өнгөрлөө” гэж утсаар цагдаад мэдэгдсэн байгаа юм. Энэ юуг харуулж байна вэ гэвэл хуулийг сахих болоод сахиулах үүрэг бол хүн бүхний хэрэг. Тэр тэтгэвэртээ гараад өдрөө хүлээгээд, цонхоороо гиюүрээд сууж буй самганы ч хэрэг мөн байх нь. Тэгэж иргэн бүр нь хуулийн хэрэгжилтэд оролцож, санаа тавьж, зүтгэж байж тийм хууль ёс нь хэрэгждэг улс орон болдог, чухам тийм улс л хөгждөг байна. Мэдээж хэрэг хууль журам зөрчих үзэгдэл бий ч тэр нь манайхтай харьцуулахад бараг байхгүйтэй адилхан.
Харин харамсалтай нь бид Америк маягийн ардчилал, амьдралыг дуурайхдаа энэхүү хууль дүрмийг нийтлэг түвшиндээ сахин хэрэгжүүлдэг гол шинжийг нь ор тас хаячихсан. Манайд бол хуулийг зөрчиж буйгаа бараг бахархал болгох шахам ойлголт хандлагатай. Өөрийнх нь амьдралд л нөлөөлөхгүй бол тэнгэр нурж байсан ч хамаагүй, хэн хахууль авч байна, хэн хууль дэвсэлж байна, хэн шударга ёсыг элэг доог болгож байна гэх мэт зүйлс бараг хамаагүй мэт. Үнэн хэрэг дээрээ маш харалган тэнэг явдал. Алхам бүрдээ хууль журмыг, шударга ёсыг сахин хэрэгжүүлдэг, эрхэмлэдэг сэтгэлгээ үгүй бол хэдий өөрт чинь халгаагүй мэт байвч нэг л өдөр өөрийг чинь тэр бурангуй явдал нөмрөөд авна гэдгийг манайхан огт ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Хууль журам нь хэрэгжихгүй, шударга ёс нь хангагдахгүй байсаар байх юм бол нэг л өдөр нийгэм нийтээрээ сууриараа ганхаад сүйрээд ирнэ. Тэгэхэд чиний хувиа хичээсэн бэртэгчин амьдрал чинь ганцаараа торойгоод сайхан хэвээрээ үлдэнэ гэж огт боломжгүй зүйл гэдгийг мэддэггүй.
Бас нэгэн жишээ хэлье. Чикагод өвөө харж байсан нэг бүсгүй надад ярьж байсан. Бүсгүй өдрийн 100 долларын цалинтайгаар тэр хөгшнийн хардаг байж л дээ. Хэдэн сарын дараа итгэлийг нь олоод, өвгөний хамаг билл, бичиг баримтыг нь цэгцэлж өгдөг болсон байна. Гэтэл өөрийг нь ажилд зуучилж өгсөн ажил олгогч агентад өвгөн өдрийн 250 доллар төлж буйг мэдээд өвгөнтэй ярилцаж үзжээ.
“Та намайг ажилд жуучилсан агентад өдөрт 250 доллар төлж, харин тэд надад 100 долларын цалин өгч байна. Үлдсэн 150 доллар тань үргүй өнгөрч байна. Тэгэхээр би тэр агенттай гэрээ цуцалчихая. Та ч бас цуцалчих. Тэгээд та надад 150 долларын цалин өгчих. Та өдөр бүр 100 доллараа хэмнэнэ, би 50 доллар илүү авна. Хэн хэндээ ашигтай” гэсэн санал тавьжээ. Гэтэл өвгөн “Хэдий чиний хэлж буй зөв ч хүн харах үйлчилгээг заавал ямар нэгэн агентаар дамжуулан авах дүрэм журамтай, түүнийг зөрчиж болохгүй” гээд зөвшөөрөөгүй байгаа юм. Дүрэм журам амьдралд нийцэмгүй байсан ч түүнийг хүндэтгэн сахих хандлага энд маш хүчтэй илэрч байна.
- Orloo.com Асуулт: Тийм шүү, Хууль журам сахиулах, хэрэгжүүлэх, мөрдөх сэтгэлгээг америкчууд үр хүүхдүүдээ бүр мэдээ орох цагаас нь маш нарийн бодлоготойгоор, ухаалгаар суулгаж өгдөг. Америк хүүхэд юу болох, юу болохгүйг маш сайн мэдэж өсдөг. Яагаад гэвэл сургуулийн өмнөх болон бага сургуулийн боловсролын агуулга нь тэр талдаа. Дөнгөж тэнцэн ядаж яваа хүүхэд ямар нэгэн юм авах гэхэд “НО” гэж ээж нь хэлсэн л бол дахиж авах гэдэггүй. Харин манайд бол авах гэж дайраад, бүр цахдаж унах нь олонтаа. Энэ талаар таны ажигласантай би хувьдаа санал бүрэн нийлж байна.
- Эцэг эх ч, сургууль, цэцэрлэгийн газарт ч хүүхдэд НО гэдэг үгийг маш сайн ойлгуулдаг нь америк боловсролын маш давуу тал юм. Бага насандаа тийм хүмүүжилтэй болж өссөн хүн хожим нь тэр хууль журмыг чанд хэрэгжүүлдэг, жинхэнэ хариуцлагатай иргэн хүн болох нь аргагүй. Харин манайд сургуулийн өмнөх боловсрол бол огт байхгүй. Цэцэрлэг ясли хүрэлцэхгүйгээс зүгээр л харах үйлчилгээгээр түүнээ аргалж байна. Тэр харах үйлчилгээнд ямар нэгэн сургалтын, ахуй орчны, боловсон хүчний, эрүүл мэндийн стандарт гэж байдаггүй. Гэтэл манай энэ Ерөнхийлөгч нөхөр маань НҮБ-д оччихоод “Бид сургуулийн өмнөх боловсролынхоо асуудлыг гэрээр хүүхэд харах үйлчилгээгээр шийдчихсэн” гэж баяр баясгалантайгаар мэдэгдэж байх. Тоглоод ч байгаа юм шиг. Хүнд хэлэхэд ч ичмээр. Гэтэл монголчуудын уламжлалт мэдлэгт хүүхдийг 5 нас хүртэл нь жинхэнэ хүн болгох суурь хүмүүжил олгодог учраас “Бурхан нас” гэж онцгойлон анхаарч ирсэн байдаг. Өнөөгийн дэлхийн сэтгэл судлал, сурганы болон тархины судалгааны үр дүн бидний өвөг дээдсийн тэр үзэл ойлголтыг л давтан хэлж байна шүү дээ.
Америк хүүхдүүд яадахдаа дугаарлан зогсож мэддэг, бусдын дэргэд голынхоо дуугаар гэнэт чарладаггүй, хэн нэгэн хүн “Ингэж болдоггүй юм” гэвэл хүлээж авдаг хүмүүжилтэй болж өсөх нь илүү түгээмэл. Бид энэ мэтчилэн америкаас хууль ёс, дүрэм журмыг хүндэтгэн дагах сэтгэлгээ, хандлагыг нь сурч, дуурайж чадсангүй. Харин ч эсрэгээрээ байна.
- Orloo.com Асуулт: Тийнхүү эсрэгээрээ байгаагийнх шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
- Эрх чөлөө гэдгийг бид дураараа анархи байх, ёс журамгүй байх, бусдын эрх ашгийг үл анзаарах гэдэг маш бүдүүлэг харалган болхи байдлаар нь оруулж, экспортолсон. Чи сонссон байх. Монголоос хоёр залуу Америкт буужээ. Тосож авсан найз нар нь Александриагийн нэгэн апартмент дахь байрандаа авчирсан байна. Монголоос ирсэн юм хойно хэрхэн хоосон байх вэ, Хатан Туулынхаа усаар найруулсан архиа гаргаж, ууцгаажээ. Тэгээд ихэд халаад, дуулалдаж шуугилдсан байна. Хажуу өрөөнийх нь хүмүүс хаалга тогшиж, сануулжээ. Төдөлгүй дахиад л шуугилдаж, гэтэл цагдаа ирж бас л сануулжээ. Халсан нөхдүүд нэг хэсэгтээ чимээгээ аядсанаа мартаад дахиад л дуулалдаж найрлаж гарсан байна. Тэгээд яахав дээ, цагдаа хаалгыг нь дайрч онгойлгоод, бүгдийг нь баривчлаад, маргааш нь нөгөө хоёр залууг Монгол руу буцаасан. Буцахдаа нөгөө хоёр нөхөр “Нөгөө Америкийг эрх чөлөөний орон гээд байсан чинь хаана байна. Дураараа дуулж ч, найрлаж ч болохгүй” хэмээн гомдол гаргаж байсан гэдэг.
Бидний өнөөдрийн хөгжилгүй байгаагийн нэг илрэл нь бусдын эрх чөлөөгөөр өөрийн чинь эрх чөлөө хязгаарлагддаг гэдгийг огтхон ч мэддэггүй, мэдэрдэггүй явдал юм. Эрх чөлөө гэдгийг хязгааргүй, дураараа, бүдүүлэг байдал гэж ойлгосон. Энэ бол эмгэнэл. Ардчиллын дампуурал. Заримдаа надад зориуд ийм болгосон мэт ч сэжиг төрдөг. Энэ сэжгийг батлах их олон ноцтой баримт, сэжүүр бий.
Өнөөдөр монголчууд бид нэг нэгэндээ тээр садаа болох нь байтугай зовлон гай болохыг ч юман чинээ бодохгүй байна. Машин бариад л хотын түгжээ рүү ороод үзэхэд мэдэгдэнэ. Тэр түгжирч байгаа, сигнаалдаад хараалаа урсгаад дайралцаж байгаагийн цаана тийм л болхи бүдүүлэг мунхаг муйхар сэтгэлгээ харагддаг. Захын интернэт сайтын сэтгэгдэл рүү ороод л унш. Ямар соёл, сэтгэлгээ байгаа нь мэдрэгдэнэ. Хүнийг бүү хэл өөрийгөө ч хүндэтгэх анхан шатны ойлголт, мэдрэмжгүй.
Үүрэг, хариуцлага эхлээд байж дараа нь эрх, эрх чөлөөний тухай эрх үүсдэг юм гэдгийг тас мартсан. Үүрэг, хариуцлага үгүйгээр эрх чөлөө, ардчилал л гэж орилсон улс олон байна. Солио, хийрхэл. Өөр юу ч биш.
www.orloo.com-д өгсөн ярилцлагаас…
URL: